ЖДҮ болон уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулж 250 хүртэлх тэрбум төгрөг олгоно

2020-12-18
1 min read

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд:

1.      Бодлогын хүүг хэвээр хадгалах;

2.      Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 1-р улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг гаргалаа.

Жилийн инфляц 2020 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 3.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 4.3 хувьтай байна. Төрийн зохицуулалттай зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурсны зэрэгцээ эрэлт сул байгаагаас шалтгаалан ирэх саруудад инфляц нам түвшинд хадгалагдаж,  дунд хугацааны зорилтын түвшинд байхаар байна. КОВИД-19 вирусийн  дотоод тархалт нь эдийн засгийн сэргэлтийг удаашрууллаа. Ирэх онд эдийн засаг идэвхжиж, хэвийн түвшинд хүрэх хүлээлт хэвээр байна.

 КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр гадаад эдийн засгийн идэвхжил энэ оны эхний хагас жилд огцом унасны дараа хоёрдугаар хагасаас сайжрах төлөв улс орон бүрийн хувьд харилцан адилгүйгээр үргэлжилж  байна. Вирусийн эсрэг вакцинуудын туршилт эхнээсээ амжилттай дуусч эхэлсэн нь зах зээлд эерэг дохиог өгч байна.

 Төв банкны зүгээс КОВИД-19 цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, шинээр нэвтрүүлж буй санхүүжилтийн хэрэгслүүд нь дотоод эдийн засгийн уналтыг сааруулж, сэргэлтийг дэмжих, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлж байна.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Орчуулах »
error: Content is protected !!