Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэнээс өчигдөр /2020.12.16/ коронавирусын халдвар илэрч эмнэлгийг бүрэн тусгаарласан. Шинээр халдвар илэрсэн иргэд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт нэг өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан агаад эмнэлэгт хэвтэх үедээ түргэвчилсэн тестээр оношлоход хариу сөрөг гарч байсан аж. Энэ хугацаанд буюу 12 дугаар сарын 9-ний өдөр хэвтсэн иргэн 15-ны өглөө эмнэлгээс гарч гэртээ харьсан. Харин үлдсэн иргэнээс хэвтсэнээс нь хойш 4-5 хоногийн дараа халдвар илэрч PCR-аар батлагдлаа. Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдээллээр тухайн иргэнийг халдварын нууц үедээ эмнэлэгт хэвтсэн хэмээн үзэж хамт нэг өрөөнд эмчлүүлж байгаад гэртээ гарсан иргэнийг араас нь очиж оношлоход мөн халдвар авсан нь батлагдсан байна. Улмаар халдварыг цааш тараахгүйн тулд яаралтай арга хэмжээ авч 200 гаруй хүнийг гэр гэрт нь тусгаарлан ажиллаж байгаа гэв.
Ийнхүү Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсээс халдвар илэрсэнтэй холбогдуулан тус эмнэлгийн тусламж үйлчилгээг Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-наас зохицуулалт хийж эхэллээ. Тус дүүргийн харьяат иргэдийн амбулаторийн тусламж үйлчилгээ, жирэмсний хяналт, үзлэг оношилгоо Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийнэ. Харин хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг Баянзүрх дүүргийн 100 ортой эмнэлэгт үзүүлэх гэнэ. Тэнд насанд хүрэгчдийн 80 ор, хүүхдийн 20 ор бэлэн бий бөгөөд тоо нь ихэсвэл Энэрэл эмнэлэг болон АШУҮИС-ийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тэрчлэн гемодиализын тусламж үйлчилгээ авдаг найман иргэн болон яаралтай тусламж шаардлагатай, түргэн тусламжийн үйлчилгээ авах иргэдийг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүлээн авах юм байна.