Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад өвс тэжээлийн тусламж үзүүлнэ

2020-12-16
1 min read

Засгийн газар өнөөдөр (2020.12.16) хуралдаж, зарим шийдвэр гаргажээ. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар: Намраас хойш улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Нийт нутгийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй. 10 аймгийн 72 суманд өвөлжилт хүндрэх өндөр эрсдэлтэй байна. Үүн дотор Баянхонгор аймаг хамгийн эрсдэлтэйд орж байгаа. Малчид руугаа хандсан багц арга хэмжээг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ялангуяа өвөлжилт хүндэрсэн аймгуудад авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Улсын нөөцөөс 3,800 тонн өвс, 1,900 тонн тэжээлийг малчдад олгох ажлыг эхлүүллээ. Ингэхдээ өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувиар хямдруулж олгоно гэлээ.

Мөн өвөлжилт хүндэрсэн Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгийн зарим сум, отроор яваа малчдад зориулж ХХААХҮЯ дээр хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуйн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс таван сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Энэ хүрээнд дээр дурдсан аймгуудын нийт 40 орчим мянган малчин өрхөд буюу нэг өрхөд 300 орчим мянган төгрөгийн малын тэжээлийн тусламж үзүүлнэ. Үүнтэй холбоотой гарах тээвэрлэлтийг ойрын хугацаанд ХХААХҮЯ-наас зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Улсын нөөцөөс 3,800 тонн өвс, 1,900 тонн тэжээлийг мөн малчдад хүргэнэ хэмээн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэллээ.

Орчуулах »
error: Content is protected !!