А.Тлейхан: Эрчим хүчний хэрэглээ 18 хувиар өссөн

2020-12-15
1 min read

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл иргэд, ААН-ийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх шийдвэрийг өнгөрөгч ням гаригт гаргасан. Энэхүү шийдвэр гарснаас хойш эрчим хүчний хэрэглээ 18 хувиар өссөн хэмээн Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр /2020.12.15/ мэдээлэл хийв.

Засгийн газрын энэхүү хөнгөлөлтөд 123800 аж ахуйн нэгж, 900 мянга гаруй айл өрхүүд хамрагдах бөгөөд тэглэсэн төлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг “Эрдэнэт” үйлдвэр хариуцах бөгөөд ойролцоогоор 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар байна хэмээн тус хорооны дарга А.Тлейхан мэдэгдлээ. Мөн тэрбээр Эрчим хүчээр хангагч тоног төхөөрөмжүүд бүгд өөрсдийн хязгаар бүхий хүчин чадалтай. Засгийн газрын дээрх шийдвэр гарснаас хойш эрчим хүчний хэрэглээ 18 хувиар өссөн. Өчигдөр 17.00-21.00 цагийн хооронд цахилгааны хэрэглээ дээд цэгт буюу 1300 мкв хүрлээ. Эрчим хүчний хэрэглээ цаашид огцом өсвөл цахилгааны доголдол, саатал  гарахыг үгүйсгэхгүй. Өчигдөр импортоор ОХУ-аас 245 мкв, дотоодын бүх үйдвэрээ дайчлаад цахилгааны хэрэглээг арайхийн хангаж байна. Өнөөдөр өглөө 11.00 цагийн үед 1150 мкв-д хүрсэн. Энэ нь өмнөх мөн үеийнхээс 100  мкв-аар илүү байгаа юм. Иргэдийн эрчим хүчний хэрэглээ эрс өсч байгаа нь  өдрөөс өдөрт мэдэгдэж байна. Тиймээс төрийн шийдвэрийн хариу болгож иргэд хэрэглээндээ онцгой анхаарах шаардлагатай байна. Ялангуяа 17.00-21.00 цагийн хооронд цахилгаан халаагуур битгий залгаарай. Хэмнэж чадвал ямар нэгэн асуудалгүйгээр энэ хүнд үеийг давж гарна. Хэрэв иргэдийн хэрэглээ цаашид улам ихсээд байвал тодорхой хэмжээнд хязгаарлалт хийхээр яригдаж байна. Мөн өмнөх сарын хэрэглээнээс цахилгааны төлбөр давсан тохиолдолд зөрүү төлбөрийг иргэн өөрөө төлөх журам яригдаж байгаа. Гэхдээ албажаагүй. Мэдээж, ачаалал нэмэгдэхгүй бол хязгаарлалт хийхгүй гэлээ.

Орчуулах »
error: Content is protected !!