Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Хүнсний эрхийн бичгийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах, саналын төсөл боловсруулах, хяналт тавьж ажиллах ажлын хэсэг байгууллаа. Ингэснээр Хүнсний эрхийн бичгийг зорилтод бүлэгт олгож байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм.
2008-2009 онд тохиолдсон эдийн засгийн хямрал, хүнсний бүтээгдэхүүний дутагдлаас үүдэн “Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийг анх батлан хэрэгжүүлснээс хойш холбогдох журамд 3 удаа буюу 2015, 2017, 2018 онд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан юм.
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд улсын хэмжээнд 44.314 өрхийн 241.962 иргэн хамрагдаж байна. 798 хүнсний дэлгүүрээр дамжуулан 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг авдаг. Тус үйлчилгээнд хамрагдаж байгаа нийт иргэний 96.7 хувь нь цахим картаар, 3.3 хувь нь цаасан эрхийн бичгээр үйлчлүүлдэг. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа нийт иргэдийн 49.0 хувь буюу 118.5 мянга нь 0-18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгоно, Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг боловсронгуй болгож, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг тууштай бууруулна, Орлого багатай өрхийн ажил эрхлэхгүй байгаа насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэсэн зорилтууд тусгасан.
Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүнсний эрхийн бичиг олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, зорилтод бүлэгт хүрч буй эсэхэд анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллана.