Францын эрх баригчдын санаачилсан “Дэлхийн аюулгүй байдлын тухай” хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал бямба гарагт дахин болсон тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ. “Дэлхийн аюулгүй байдлын тухай” хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал тус улсад ийнхүү гурав дахь удаагаа болж байгаа юм.
Энэхүү эсэргүүцлийн жагсаалд 26417 хүн оролцсон бөгөөд үүнээс 5 мянга орчим нь нийслэл Парис хотод жагссан байна. Жагсаалын үеэр цагдаа нар 164 хүнийг баривчилснаас 124 нь Парист саатуулагджээ. Нийслэл хотод баривчлагдсан хүмүүсийн дийлэнх нь халив, эрэг чангалах түлхүүр болон бусад эд зүйлийг биедээ авч явж байсан тул саатуулагдсан байна. Бусад нь жандарм руу шил, утаат бөмбөг шидсэн хэргээр баривчлагджээ.
Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлж буйгаар 12 дугаар сарын 5-ны өдөр улс даяар 57 мянга гаруй хүн жагссан бол анхны жагсаалд 133 мянга гаруй хүн оролцжээ.
Жагсагчид хуулийн төслийн цагдаа нарын нүүр царайг тод харуулсан гэрэл зургуудыг интернэтэд байрлуулах, мөн тэдний хаяг, овгийг оруулсан хүмүүст өндөр торгууль, хорих ял оногдуулах тухай 24-р зүйл заалтыг эсэргүүцэж байгаа юм. Энэхүү заалт нь “үг хэлэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөөнд халдаж байна” гэж жагсагчид үзэж байгаа аж.