Дэлхийн улс орнуудын авлига, хууль бус санхүүгийн урсгал, улстөрчдийн хууль бус үйлдлээс үүдэлтэй хохирлыг судалж, тайлагнадаг “Kleptocracy Initiative”-ийн нийтлэлч Ричард Мессик “Клептократ Монголд, Сү.Батболдын хэрэг” гарчигтай нийтлэлийг globalanticorruptionblog.com цахим хуудаст байршуулсан нь шуугиан тариад байна. Түүнд Сү.Батболд тэргүүтэй нөхдийн талаарх 1500 хуудас баримт материал цугласнаас эхний хэсгийг ийн хүргэжээ.
-С.Батболд хөрөнгөө нуун дарагдуулах зорилгоор 10 гаруй улсад 100 орчим компани байгуулжээ-
Өчигдөр /2020.12.08/ Монгол Улсын Засгийн газарт Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдыг олон улсын хоёр том уурхайтай холбоотой хэлцлээс хэдэн зуун сая доллар авсан, хуурамч, хууль бус гүйлгээ хийсэн хэмээн буруутгажээ. Ерөнхий сайд асан, эрх баригч Монголын Ардын Намын ахмад гишүүн, тус намаас 2021 оны Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүст холбогдох эл хэргийг 11-р сарын 23-нд Нью-Йоркийн шүүхэд гаргасан өргөдөлд дурьдсан байна. Нью Йоркийн шүүхээс Хонгконг, Лондон дахь ижил төстэй хэргүүдтэй хамт С.Батболдын эзэмшиж байсан хөрөнгийг Монгол дахь хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл хугацаанд түр царцаахыг хүсч байна.
Учир нь, нэхэмжлэгчид болох Монголын байгалийн баялгийг хянах үүрэг бүхий агентлаг, хоёр уурхайг ашиглаж буй төрийн өмчит компаниудаас С.Батболдын нууцаар эзэмшдэг гэх компаниуд болон хоёр уурхайтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болгож, С.Батболд болон түүний хамсаатнуудын нууц хэлэлцээрээр олсон бүх ашгийг хураан, хохирлыг барагдуулахыг хүсч байгаа юм. Нийт дүн нь хэдэн зуун сая биш хэдэн тэрбум доллараар хэмжигдэнэ. Нью-Йоркийн хэрэгт ирүүлсэн баримтууд нь клептократийн хэргийн танил дүр зураг бөгөөд С.Батболд өөрийн үйлдлээ өмгөөлөгч, нягтлан бодогч, хуульч зэрэг ойрын хүмүүсийнхээ тусламжтайгаар нуун дарагдуулж, дор хаяж арван улсад 100 орчим нууц компани байгуулжээ. Клептократ гэдэг нь хувьдаа баяжиж хөлжихийг нэн тэргүүнд тавьдаг, төрийн албан тушаалыг зорилгоо хэрэгжүүлэх, авлига авахад ашигладаг хангалттай эрх мэдэл бүхий улс орны удирдагч юмуу Засгийн газрын өндөр албан тушаалтанд хамаарах нэр томъёо бүхий хэргийг хэлдэг.
-Түүнд холбогдох хэргийг шалгахыг зөвшөөрсөн эрх баригч намынх нь хүсэл зориг юу вэ-
Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг үндэсний 76 суудалтай, нэг танхимтай хууль тогтоох байгууллага болох Их Хурлаас сонгосон Ерөнхий сайд, кабинет хэрэгжүүлдэг. Монгол Ардын Нам 2016 оноос хойш УИХ, Засгийн газрыг хяналтгүй удирдаж ирсэн бөгөөд тухайн жилийн сонгуульд 65 суудал, 2020 онд 62 суудал авчээ. Эрх баригч намд Авлигатай тэмцэх газар, Прокурорын байгууллага, мөн хэргийн нэхэмжлэгч нарт ч үр дүнтэй хяналт тавих боломж хангалттай бий. Гэтэл тэд намынхаа нөлөө бүхий гишүүдийн эсрэг хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг зөвшөөрч байгааг улс төрийн ажиглагчид өөр өөрөөр тайлбарлаж байна.
Нам доторх эрх мэдлийн төлөөх тэмцэл, шинэ гишүүдийн авлигад автсан өнгөрсөн үеэсээ намаа цэвэрлэх гэсэн хүсэл эрмэлзэл. Энэ бүгдээс илүүтэй үндэстний баялгийг хулгайлсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх гэсэн иргэдийн хүсэл гэж үзвэл ононо.
Тэд Сангийн сайд асан Сангажавын Баярцогтыг Канадын “Айвенхоу” компаниас хээл хахууль авсан хэрэгт буруутган 2020 оны долдугаар сард ялласан болохыг нотлох баримт болгон оруулсан байгаа. Австралийн уул уурхайн аварга компани Рио Тинто-той хамтран Айвенхоу нь дэлхийн хамгийн том ашигт малтмалын нэг болох Оюутолгойн зэс-алтны уурхайн эрхийг эзэмшдэг бөгөөд энэхүү орлого нь бүх монголчуудыг ядуурлаас гаргаж болохуйц байсан юм. С.Баярцогт 2010 онд хээл хахууль авснаар Айвенхоу, Рио Тинто нар Оюутолгой төсөлд Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмших гэрээ хэлэлцээр хийж байв.
Өнөөдрийг хүртэл иргэдийн нь зүгээс 2010 оны хэлэлцээрийг буруутгасаар байна. Тиймээс С.Батболдод холбогдох хэргийн цаана 2010 оны гэрээг эргэж харах шаардлага бий байх. Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргагчид С.Батболд нь 2010 онд Айвенхоутай холбоотой хувь хүмүүсээс “Оюутолгойн уурхайтай холбоотой Засгийн газраас нааштай хандсаны хариуд” илчлэгдээгүй хууль бус мэдээллүүдийг хүлээн авсан гэж буруутгасан. Тус мэдээлэлд хэдэн зуун саяар үнэлэгдэх уул уурхайн концессын эрх багтсан гэж үзэж байгаа.
Түүнчлэн нэхэмжлэгчид нэр бүхий хувийн мөрдөгч Жюль Кроллын туслалцаатайгаар Нью-Йорк, Лондон болон ХонгКонг дахь олон арван сая долларын үл хөдлөх хөрөнгийг хянадаг оффшор холдингийн цогц сүлжээний төвөөс С.Батболд болон түүний гэр бүлийнхэнтэй ойр дотно харилцаатай Өмнөд Солонгосын эхнэр, нөхрийн нэр дээрх хөрөнгө, компанийн талаарх мэдээллийг авсан байгаа юм. Кролл мэдэгдлийнхээ 98-р зүйлд “Хэл шинжлэлийн академич [эхнэр] эсвэл бага зэргийн цалинтай Samsung-ийн хуучин ажилтанд [нөхөр] хувийн хөрөнгөтэй, олон улс хотуудад үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авах шаардлага гарах шалтгаан байхгүй. Гэтэл тэд Олон нийтийн бүртгэлд хоёулаа үл хөдлөх хөрөнгийн магнат болох нь тогтоогдоод зогсохгүй янз бүрийн нууц компаниудаар дамжуулан өөрсдийгөө өмчлөгч, эзэмшигч гэж бүртгүүлсэн байгаа нь С.Батболдыг Ерөнхий сайд байх үедээ дэлхийн зэсийн баяжмалын зах зээлийн “гол тоглогч” байсныг нотолж байна. Тухайн үед түүний мэдэлд байсан Засгийн газрын эзэмшлийн уурхайгаас авсан авлигын хэмжээг 400 сая доллар гэж үзэж байгаа. Энэ авлигалаа нууц компани, үл хөдлөх хөрөнгө худалдан авахаасаа хэдхэн хоногийн өмнө авсан бөгөөд зарим худалдан авалтаа энэ мөнгөнөөсөө хийсэн болж таарна. Гэхдээ тэдний нууц компани, үл хөдлөх худалдаж авсантай холбогдох ямар ч гэрээ хэлэлцээрүүд байхгүй ч нотлох нэг зүйл нь хоорондоо харилцаж байсан имэйл нь юм.
Одоогоор Нью-Йоркийн дээд шүүхийн шүүгч Барри Острагер (Нью-Йоркийн анхан шатны шүүх) нэхэмжлэгчдийн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг ирэх оны 1-р сарын 6-ны өдрийн 9:30 цагт товлоод байна.