БНСУ гадаадын эмийн үйлдвэрийн дөрвөн компани болон дэлхийн вакцины төслөөс 44 сая хүнийг дархлаажуулах вакцин авна хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Тус улсын ЭМЯ-ны мэдээлэлд “AstraZeneca”, “Pfizer”, “Johnson & Johnson” корпорацын “Janssen”, “Moderna” компаниас 34 сая хүнийг дархлаажуулах 64 сая тун вакциныг урьдчилан захиалсан. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” төсөл 10 сая хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг нийлнэ гэжээ.
Урьдчилан захиалсан вакцин нь нийт хүн амны 88 хувийг дархлаажуулахад хүрэлцэх бөгөөд ирэх хоёрдугаар сарын эхээр нийлүүлж эхлэх ажээ. Гэвч Эрүүл мэндийн яам вакцинжуулалтын хөтөлбөрийг хэзээнээс эхлүүлэхийг хараахан шийдээгүй байна.