У.Хүрэлсүхийн Засгийн газрын огцрох цаг тоологдож эхэллээ

Уг нь Монгол Улсын түүхэнд анх удаа У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалын тэргүүнээр улирч, Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд танхимаа бүрдүүлэн ажиллаж байгаа нь энэ. Он гараад кабинетдаа зарим нэг өөрчлөлт хийж, яам, агентлагийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан ч энэ нь талаар өнгөрөх шинжтэй.

Учир нь хөшигний ард хэдийнэ тохироо бүрдэж, дараагийн ээлж хоолондоо ороход бэлэн болсон бололтой. Үнэндээ намынхаа 100 жилийн ой тохиосон түүхэн он жилүүдэд намын даргын суудалд сандайлж, үгэн сэлэм эргүүлсэн өмсгөл төдийхөн хурандаагийн гишүүдээ алагчилсан, тэр энээр нь ангилан “аавын” хаалга татуулсан явдлууд нь хэнд ч таалагдаагүй. Тэгсэн хэрнээ “зүйл анги” нэгтэй ЖДҮ-чдээр багаа бүрдүүлж, зарчмаасаа ухарсан нь өдийг хүртэл дэмжиж ирсэн олны итгэлийг хөсөрдүүлсэн нь үнэн юм. Намын хууччуул ч энэ жишгээр У.Хүрэлсүхэд тун ч таагүй хандаж, Тусгаар тогтнолын байраар үзэгдэх нь цөөрсөн. Ер нь хүйтэн хөндий, хэн хаана юу хийж байгаа нь үл мэдэгдэх эрээвэр хураавар бүлэг фракц нэрт хорчингуудаар дүүрсэн.

Ядахад “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал ч гай болов. Х.Бадамсүрэнг албан тушаалаас нь буулгах ажиллагааг Л.Оюун-Эрдэнэ намын даргын даалгавраар хэдэнтээ зүтгүүлсэн ч тусыг эс олов. Н.Багабандийн өмнө хүчин мөхөсдөж, санаанаас цаашгүй хэн ч бишүүд гэдгээ мэдрээд авсан байх. Эцэстээ Шилэн Цогоогийн идэш болж, У.Хүрэлсүхийн эмзэг цэг болсон буюу мэхт мэхэндээ гээч л болсон хэрэг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэр 429 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийсэн нь Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн мэдлээс хальсан хэрэг юм. Шууд утгаараа У.Хүрэлсүх холбогдохгүй байж болох ч наахаа хүрвэл наах л болно.

Түүнчлэн хүүхдийнхээ төлбөрийг төрийн мөнгөөр хийлгэсэн Төрийн өмчит компанийн захирлуудын ар, өврийг уудалсан Шилэн Цогоогийн үйлдэл хэтийн санааны нь эхлэл гэж үзэх хэсэг цөөнгүй. УИХ-ын дарга болон зөвлөхүүдийн халаас руу өнгийж, У.Хүрэлсүхтэй хэт сүжрэх болсон Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан нарын туслахуудын хэтэвчийг шагайсан нь санаандгүй тохиолдол биш. 

Уг нь намынхнаа ар өврийг ухаж айлгах болсон Цогоод арга хэмжээ авч, амыг нь үдэх У.Хүрэлсүхийн хувьд ядах зүйлгүй. Гэвч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай нэгэн үе төдийгүй хамтран найруулдаг хар, цагаан хорны нь хутгуур тул тийм ч амар сүхдүүлчихгүй биз. Тэгээд ч энэ залуусын ар тал хоосонгүй гэдгийг мартаж болохгүй.

Коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газар хэдийнэ огцорчих байсан гэдгийг учир мэдэх нөхөд хэлж байна. Гэвч цар тахлын үед Засаг ганхуулж үймээн дэгдээгээд яахав гэсэн хагас улирлын тэвчээр энэ хүрээд дуусч байгаа бололтой.

Дотооддоо халдвар алдаагүй бүтэн 10 сарын хүч хөдөлмөрийг үрэн таран болгож, улмаар ард олны дунд халдвар тархахтай зэрэгцүүлэн эмч, эмнэлгийн дотоодод ч шинэ голомт үүсгэчихээд сууж буй Эрүүл мэндийн яамны хариуцлагагүйн асуудал Засаг ганхуулах шалтгааны нэгдүгээрт эрэмбэлэгдэн, хурцаар тавигдах гэнэ. Мэргэжлийн гэх тодотголтой ч Т.Мөнхсайханы удирдан чиглүүлж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь дэндүү үлбэгэр дорой, байгаа оносон нь ховор байгаа нь энэ Засгийн шүдний өвчин болоод байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн Соёлын яамны утга учрыг алдуулж, соёл урлагийнхныг хэсэг хугацаанд гудамж талбайд бүжиглүүлээд түүнийгээ соён гэгээрүүлэх нэн чухал арга хэмжээ хэмээн эндүүрсэн Соёлын сайд, мөн томилогдсоноосоо хойш үргэлж шүүмжлэлийн бай болж суугаа БСШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн ч Хүкийн Засгаас сугалах хорхойтой шүд нь.

Ийнхүү сэлэмт хурандаагийн кабинетынхныг хуруу даран нэрлэж, огцруулах үндэслэлийг нь ноорогложээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлийг ч харлуулах ажиллагааг хэдийнэ цахим орчинд эхэлчихэж. Дээрх нэр бүхий нөхөд тэргүүлсэн хар ноорог ийнхүү бий болсон бол харин баттай хөөгдөх, өнөө маргаашгүй асуудал нь орохоор хүлээгдэж буй эрхэм нь Я.Содбаатар гэнэ. ЖДҮ-чин тодотголт, дээр нь халдвар хамгааллын дэглэм алдсан, удирдлага зохион байгуулалттаар хангаж чадаагүй, чадахгүй байгаагаас ард иргэд нь эрүүл мэнд, амь насаараа хохирох хэмжээнд хүрээд байгаа тул түүний асуудал яаралтай хэлэлцэх асуудлын нэг болчихжээ. Я.Содбаатарын асуудал яригдаж эхэлмэгц Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийг тагнаж, чагнасан дуулиан хөндөгдөж, нэлээдгүй нөхдийг хөлдөө чирэх нь.

Ийнхүү Орон нутгийн сонгуулийн дараа хойдохоо уншуулчих гээд дэнжигнэж байсан У.Хүрэлсүхийн кабинет ковид19-ийн тархалтаар түр амсхийгээд дахин ёс зүй, хариуцлагын махны машинд хэрчигдэхээр ирэв бололтой.

Харин хэн тэдний хоолойд хутга тулгаж, намын удирдлага хэний гарт шилжих гээд байна вэ. С.Баяр уу?! …Анхан шатны шүүхээс түүнд 5 жилийн хорих ял оноосон ч давж заалдсанаар 2.6 жил болгоод байгаа. Тэгэхээр намын даргын суудалд тэр суухгүй ч удирдлагын товчлуур түүний гарт атгагдсан байж мэдэх юм.

М.Энхболдын хувьд дахин өндийх тэнхэлгүй ч У.Хүрэлсүхийн уналтыг хамгийн их хүсэн хүлээж суугаа. Тиймээс тэр Засгийг шилгээх операцид дуртайяа оролцох биз. Сү.Батболдын фракцийн тухайд биеэ отож, аль нэг талд гарч тал алдалгүй суусаар бялуу хуваалтаас дөмөгхөн хүртэж сурсан нэгэн. Үнэндээ эртний явдлаа санасан ч товчлуур атгасан байж мэдэх эрхмийн эсрэг зогсох чадал Сү.Батболдод байхгүй. Тиймээс хааяа нэг дэмжлэг үзүүлчихээд эгзэгтэй үед шууд гараа өргөх байдлаар оролцох биз. Харин ч үүнийхээ хариуд чамгүй олон албан тушаал халааслах тохироо хийсэн гэгдэж байна.

Ийнхүү нөхцөл байдал эвгүйтэж, цаг үеийн ороо бусгаа эхэлснийг мэдэрсэн тул Ерөнхий сайд У.Хүрэлсүх бие чилээрхсэн гэх шалтгаанаар Төрийн ордонд үзэгдэх нь цөөрчээ. Засгийн газрын хуралдаантай үед эрхгүй ирэхээс биш намын байраар ч шагайхаа больсон гэнэ. Угаасаа зугтаж, бултаж сурсан түүний танил араншин. Хадгаламж банкны хэргийн үеэс эхлээд л тэрбээр зугтаж эхэлсэн. МАН хавтгайгаараа ялагдал хүлээж, шоконд ороход тэр мөн л зугтсан. Гэхдээ ялалтын дарс тулгаж, албан тушаалын өгөө аваа ярихад юу ч болоогүй мэт ирж, авч чаддаг. Намын байраар нь шаазгай ч эргэхээ байсан цаг үед хилийн чинадад хэвтэж хэвтчихээд ялалтын хонх цохих үед гэлбэлзтэл ирж Шадар сайдын сэнтийд суусан түүх түүнийх.

Энэ удаад тэр дахин зугтахаар өвчин хууч ярьж эхлэв бололтой. Гэм нь цар тахлаас үүдэлтэй хил хаалттай байдаг, хаашаа зугтах юм бол доо, У.Хүрэлсүх минь. Эсвэл чартер бэлтгүүлж байгаа юм болов уу, мэдэх л зам…   

Орчуулах »