Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр ирээд түргэн тусламж авч чадаагүй нас барсан иргэний талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өглөө.
НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар “Архангай аймгаас өчигдөр орой хувийн автомашинтай ирсэн зургаан зорчигч шинжилгээ өгөөгүй учир бид PCR шинжилгээ авахаар төлөвлөсөн. Энэ хугацаанд тус аймгаас ирсэн иргэн О-гийн биеийн байдал муудаж, нийслэлийн түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжийн төвөөс анхны тусламж үзүүлэх хооронд тухайн иргэн нас барсан. Цагдаагийн байгууллагаас нас баралтын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. НОК-оос халдварын голомт болсон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Архангай, Дорноговь, Говьсүмбэр аймгаас ирж байгаа иргэдийг PCR шинжилгээ өгсөн тохиолдолд Улаанбаатар хот руу нэвтрүүлж байгаа. Хөдөө орон нутгаас ирж буй иргэд PCR шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай гэдгийг анхааруулж байна” гэв.