Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас 14:00 цагийн байдлаарх мэдээлэл өглөө. Мэдээллийг НОК-ын Шуурхай штабын Удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар хийлээ.
Тэрбээр “Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэл хотын хэмжээнд коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй, 128 хэвээр байна. “Нэг өрх, нэг иргэн” шинжилгээний ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 70000 өрхийг хамруулахаар ажиллаж байгаа. Одоогоор 58000 иргэнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд энэ ажил 82 хувьтай үргэлжилж байна. Өнгөрсөн хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос 19 аймгийн чиглэлд 101 тээврийн хэрэгслээр 3624 иргэн гарсан бол 55 тээврийн хэрэгслээр 475 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрчээ.
Өнгөрсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 7-нд Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр хувийн автомашинтай зургаан иргэн “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоон дээр ирсэн байсан. Тухайн иргэд PCR шинжилгээ хийлгээгүй байсан тул өглөө нь шинжилгээ авахаар бэлтгэж байсан. Энэ хугацаанд иргэн О-гийн биеийн байдал муудаж түргэн тусламж дуудсан. Нийслэлийн түргэн тусламжийнхан очиж, анхны тусламж үзүүлж байх хугацаанд иргэн О нас барсан. Нас барсан шалтгаан, нөхцлийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.
Коронавирусний халдвар гарсан аймгуудаас Улаанбаатар хот руу ирж байгаа иргэдийг зайлшгүй PCR шинжилгээний хариу шаардаж нэвтрүүлж байгааг иргэд анхааруулж байна” гэлээ.