Боловсрол, шинжлэх ухааны яам холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтаар орон нутгаас Улаанбаатарт ирж суралцаж буй оюутнуудыг 2020 оны 12 дугаар сарын 5-аас эхлэн тодорхой хуваарийн дагуу “COVID-19”-ын PCR шинжилгээнд хамруулсаар байгаа. Өнөөдрөөс /2020.12.07/ эхлэн их, дээд сургуулиудын дотуур байранд суудаг оюутнуудыг хамруулж эхэллээ.
100-аас дээш оюутантай 31 дотуур байрны шинжилгээг байранд нь нэгдсэн зохион байгуулалтаар авч байгаа. Харин түүнээс доош тооны оюутан суудаг дотуур байрны болон байрнаас гадуур амьдардаг оюутны шинжилгээг дүүрэг тус бүрт бэлтгэсэн 20 цэгээр авч байна.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх их, дээд сургуульд суралцдаг бөгөөд орон нутаг явах оюутнуудыг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг Боловсрол, шинжлэх ухааны яам уриалж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам болон их, дээд сургуулиас 140 гаруй ажилтан, албан хаагч шинжилгээг зохион байгуулах багт ажиллаж, нэг дор хэт ачаалал, бөөгнөрөл үүсгэхгүйгээр халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сахин мөрдуулж байна.
Шинжилгээнд хамрагдах хуваарь, зарлалыг сургуулийн веб хуудас, оюутны холбоодын фэйсбүүк хуудсаар дамжуулан түгээхээс гадна шинжилгээнд хамрагдах шаардлагатай оюутнуудын гар утсанд мэссежээр илгээсэн. Шинжилгээнд 30 мянга орчим оюутан хамрагдаж, ойрын өдрүүдэд орон нутаг руугаа явахаар тооцоолж байгаа юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.