Олон улсын усны салбарын цахим хурал үргэлжилж байна

2020-11-10
1 min read

Австраль улсын Гадаад Хэргийн Яам, Азийн хөгжлийн банк болон Олон Улсын Голуудын Сан байгууллагаас  жил бүр Олон Улсын Голуудын Сипозиумыг зохион байгуулдаг уламжлалтай. 23 дахь удаагийн Симпозиум энэ жил цахимаар болж байна. Нийт 30 гаруй орны 400 орчим усны салбарын бодлого, шийдвэр тодорхойлогчид, усны мэргэжилтэн, судлаачид оролцож дэлхийн гол мөрөн, усан орчинг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон тогтвортой менежмент, сав газруудад усны нөөцийн нэгдсэн менежементийг хэрэгжүүлэх чиглэлээр туршлагаа хуваалцаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл оролцож Монгол орны усны салбарын бодлого, үйл ажиллагаа, усны сав газрын менежментийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар танилцууллаа. Манай орны хувьд 29 усны сав газрыг байгуулан, менежентийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа, БОАЖЯ-аас Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, АНУ-ын Мерилэндийн Их Сургууль, АХБ-тай хамтран Туул голын сав газрын байгаль орчин, нийгэм эдийн засгийн чиглэлээр бохирдол, доройлтын үнэлгээг хийсэн зэрэг нь олон улсад сайн туршлага болж байгааг хуралд оролцлогчид онцоллоо.

Уг арга хэмжээнд оролцсноор Монгол улсын усны салбарт олон талын ач холбогдолтой юм. Тухайлбал, Туул голын сав газрын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор олон улсын хамтын ажиллагааг эхлүүлж, Туул голын сав газарт усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр загвар төсөл хэрэгжүүлэх эхлэлийг тавьж байна. Түүнчлэн Туул голын сав газрын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах загвар төслөөр дамжуулан бусад сав газруудад олон улсын туршлагыг нэвтрүүлэхээр зорьж байгаа юм.

Орчуулах »
error: Content is protected !!