“GRAND TOUR 2020” аялал жуулчлалын олимпиадыг зохион байгууллаа

2020-10-24
1 min read

Монгол улсад орчин үеийн аялал жуулчлалын салбар үүсч хөгжсний 66 жил, Дэлхийн аялал жуулчлалын өдрийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, бүх нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оновчтой шийдэл гаргах зорилгоор “Grand Tour 2020” аялал жуулчлалын улсын олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Олимпиадыг энэ сарын 17-ноос 23-ны өдрүүдэд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар, “Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг” хамтран зохион байгуулсан юм.

2003 онд анх ХААИС-аас зохион байгуулж эхэлсэн тус олимпиад 2007 оноос улсын хэмжээний олимпиад болсон өргөжиж өдгөө 18 жилдээ удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Олимпиад нь спорт явган аялал, асуулт хариултын центавр тэмцээн, оюутны эрдэм шинжилгээний бага хурал болон мэргэжил сурталчлах үзэсгэлэн гэсэн 4 төрлөөр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд онцгой дэглэмийн улмаас мэргэжил сурталчлах үзэсгэлэнг өнжин бусад гурван төрлөөр явагдлаа. Олимпиадад улсын болон хувийн хэвшлийн 11 их, дээд сургууль, коллежийн 21 багийн 300 гаруй оюутнууд оролцсон юм. Оюутан залуус гурван төрлөөр авхаалж самбаа, хурд хүч, оюун ухаанаа уралдуулан нийлбэр оноогоор Монголын үндэсний их сургууль тэргүүлсэн бол удаах байруудад МУБИС, Олон улсын Улаанбаатар их сургуулиуд шалгарсан юм.

Орчуулах »
error: Content is protected !!