БОАЖ-ын сайд Д.Сарэнгэрэл өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Илейн Конкеивичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцсон юм.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Монгол улсын Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 21 томоохон ажлыг тусгасан. Тухайлбал, нөхөн сэргээлт, цөлжилт, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зэрэг олон ажлууд багтсан. Эдгээр ажлуудад та бүхэнтэй хамтран ажиллахад үргэлж таатай байдгийг хэлмээр байна. Мөн Монгол орны байгаль орчны салбарт оруулж байгаа хөрөнгө, санхүүжилтийн нэг цент бүрийг үр дүнтэй зарцуулахад бүх хүчээ дайчлан ажиллах болно.”
Түүнчлэн уулзалтын үеэр Тогтвортой хөгжлийн байгаль, орчинтой хамааралтай зорилтуудыг хэрэгжүүлэхэд санхүүгийн механизмыг хэрхэн бэхжүүлэх, ой, ус, уур амьсгал,биологийн олон янз байдал, агаарын бохирдол, хөрсний бохирдлын чиглэлээр баримталж байгаа бодлогын талаар танилцууллаа. Эдгээр ажлуудын талаар олон нийтийг мэдээллээр хангах, дадал хэвшлийг өөрчлөх нөлөөллийг ажил түлхүү хийх шаардлага тулгараад байгааг талууд онцолж байлаа.