Энэ хаврын чуулган, улстөрийн халуун сэдвүүдийн нэг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувь заяаны асуудал байж мэдэх нь. Ямартаа л ХҮН Засгаас гарах эсэх маргаан өрнүүлж байгаад нэгийнхээ хөмсгийг сэт татчихсан гэгдэж байхав.
Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудал үе үе дэгдэж ирсэн ч өнөөдрийнх шиг хүчтэй, бодитой яригдаж байгаагүй байх. Засгийн газрын тэргүүн УИХ дахь намын бүлгийнхээ хуралд өөрийн биеэр гүйж ирээд суухыг үзвэл байдал тийм сайнгүйн шинж биз. Түүний эл идэвхийн шалтгааныг эдийн засгийн нөхцөл болоод АТГ-ын даргыг улираан томилох асуудалтай холбоотой гэх албан тайлбар яваа хэдий ч үнэн хэрэгтээ намынхандаа хорсол заналын үг шидэхээр яаран ирсэн гэлцэж байна.
З.Дашдавааг 2019 онд Х.Баттулга АТГ-ын даргад нэрлэж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад томилж байв. Түүний бүрэн эрхийн хугацаа ирэх сарын 2-нд дуусна.
Харин энэ удаагийн Засгийн газрын тэргүүнд З.Дашдавааг солих, эсвэл сэлгүүлэн томилох сонирхол өндөр байсан гэдгийг ойрын нь эх сурвалжаас хэлж байна. Сүр дуулиантай эхлүүлсэн 5Ш ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг ая дэвсэн авчирснаас өөр дорвитой ажил хийгээгүй хэмээн явуулахыг хүссэн ч Ерөнхийлөгчийн зүгээс З.Дашдавааг хөдөлгөхгүй байх чиглэл өгсөн тул улираан томилохоор оруулж ирэхээс өөр шийдэл Л.Оюун-Эрдэнэд үлдээгүй юм байх.
Ер нь сар шинээс хойш Ерөнхийлөгч тун ёоз муутай байгаа. Нэг удаа интоор шиг хүрэнтэж гарч ирээд хувийн хэвшлүүдээ оролдохоо зогсоож дэмжиж ажилла гэх “лайв” хийчихээд буцаад орсон.
Түүнээс хойш төд удалгүй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал УИХ-ын гишүүн Х.Баттулга руу томхон “чулуу” ууртайхан шидлээ. Хэзээ хэн хамгийн сүүлд сөхөж үзсэн нь мэдэгдэхгүй тоосонд дарагдан хэвтэх өнгө муутай ном шиг чимээгүй оршиж ирсэн Н.Учралын цочмог дүрийг У.Хүрэлсүхийн уур бухимдлын илэрхийлэл гэж олон хүн харж, тайлбарлаж байгааг хэлэх хэрэгтэй. У.Хүрэлсүхийн дэмжлэггүйгээр Н.Учрал энэ хүртэл орилж чадахгүй гэх ойлголт улстөр сонирхогчдод хэдийнэ суучихсан бололтой.
Тэр Х.Баттулгад 7 хоногийн хугацаа өгч, асуудлаа шийдэхгүй бол Засгийн газар өөрийн арга хэмжээгээ авна гэх хатуухан мэдэгдлийг хийчихлээ. Х.Баттулгад тааруулсан цагийн зүү явж эхэлсээр 5 хоног өнгөрч. Энэ зуурт У.Хүрэлсүхийн гэх гурван ч сайдад Засгаас гарах шаардлагыг Л.Оюун-Эрдэнийн зүгээс өгсөн гэх мессэж сошиал орчинд битүү явав.
Н.Учралын хувьд яахын аргагүй У.Хүрэлсүхийн “хүн”. Түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар оруулж ирэх үед л Л.Оюун-Эрдэнийн орыг залгамжлуулах нүүдэл хийгдлээ гэлцэж байсныг яг энэ цагт санах нь зөв биз. Тэр үед Я.Содбаатар МАН-ын генсек биш Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болно гэж бувтнан У.Хүрэлсүхийн дургүйг хүргэсэн ч гэгдэж байв.
Дараагийн Ерөнхий сайдад Я.Содбаатараас илүү Н.Учралыг нэрлэвэл дэмжлэг авах магадлал мэдээж өндөр.
MCS-ийн тухайд улстөрд хэзээнээсээ жин дарсаар ирсэн нь үнэн. Херогийн өрөөнөөс Монголын улстөрийн шийдвэр гардаг гэх яриа MCS-ийг ч тойроогүй. Тус группийн зөвшөөрөлгүйгээр аливаа шийдвэр гарч байгаагүй гэгдэх үе байсан уу гэвэл байсаан.
Өдгөө эл группийн хандиваар парламентад олон ч хүн хөл тавьсан мэдээлэл нь ил болов. Магадгүй MCS нь өөрөө мэдээллийг ил болгосон ч юм билүү, хэн мэдлээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 170 сая, УИХ-ын гишүүн Э.Болормаа 100 сая, Ц.Даваасүрэн 70 сая, Л.Энх-Амгалан 500 сая, Б.Бат-Эрдэнэ 100 сая, Б.Тулга 100 сая, Ц.Идэрбат 90 сая, Н.Наранбаатар 170 сая, Б.Энхбаяр 30 сая, Н.Учрал 270 сая, Д.Цогтбаатар 100 сая төгрөгийн хандив авснаас гадна АН-ынхан ч дутаагүй байна. Тус намын Д.Ганбат 100 сая, Б.Пүрэвдорж 170 сая, Н.Одонгуа 100 сая, Р.Эрдэнэбүрэн 70 сая, Ч.Өнөрбаяр 100 сая, Ц.Баатархүү 30 сая төгрөг гэхчлэн авсан байх жишээтэй.
Тэгэхээр Н.Учралыг дараагийн Ерөнхий сайдад зүтгүүлэхэд У.Хүрэлсүх болоод Сү.Батболдын фракц, нэмээд MCS тэргүүлэн томоохон татвар төлөгчид бүгд дэмжинэ. MCS-ийн хандиваар хөл ул хийсэн дээрх нэр бүхий нөхөд ч нүүр буруулахад халуун байх биз. Тэгээд ч түрүүчээсээ Херо Б.Баатар, женко Х.Баттулгаар бамбай хийсэн Л.Оюун-Эрдэнийн дарамтаас ангижирвал ангижиръя гэлцэн бүлэглээд уулзаж эхэлсэн мэдээлэл мөн байна. Тэрбайтугай намынх нь оройд заларсан Х.Баттулгыг зайлуулах ажиллагаанд бусад фракциуд ч дэмжлэг үзүүлэн оролцохоо илэрхийлсэн гэлцэж буй юм.
Ийм дэмжлэг, түрлэгийн анир авсан Н.Учрал Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгээр албан тушаалд хүрсэн зарим нэгэнд хандан “Эс үйлдэл гаргаад байгаа нөхдийг би мэдэж байгаа. Хариуцлага тооцохоос аргагүйд хүрнэ шүү” гэх зуулттай мэдэгдэл хийгээд байгаа.
МАК-ийн асуудалд үргэлж тээг болж ирсэн Л.Оюун-Эрдэнийн карьерийг нэгмөр дуусгах ажиллагаанд Н.Номтойбаяр ч оройлон оролцох биз. Тэгэхээр энэ хаврын, Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нарын нам дамнасан бүлэглэл гэх бүлэглэлийн эсрэг улстөрд улстөрийн бүх бүлэг фракц ийнхүү нэгдэж буй байх нь.
Л.Оюун-Эрдэнийн дараагийн, Н.Учралын гэх Засгийн газрын бүрэлдэхүүнд Боловсролын сайдаар Г.Дамдинням нэрлэгдэж байна. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр ам алдчихсан байгаа. Эх сурвалжийн мэдээлэл үнэн ч бай, үгүй ч бай, Г.Дамдиннямын тухайд “Н.Учрал сайдын зөв. Женко-гийн 3 үнэн гэчмээр юм уу. Нэгд, “Төгрөг Нуурын Орд”-г Х. Баттулга гишүүн үндэстэн дамнасан санхүүгийн сүлжээ байгуулж зарсан нь ҮНЭН. Хоёрт, Х. Баттулга “Байгалийн баялгийг ард түмэнд” гэж хамгийн их ярьдаг ч үйлдэл нь 100 хувь эсрэг байдаг ҮНЭН. Гуравт, Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болж “МОНГОЛЧУУД ЖЕНКОД ЯЛАГДСАН” нь ҮНЭН. Энэ бүхэн бизнесийн зарчмаар явсан үйл явц уу, хулгай луйвар, мөнгө угаалт уу гэдгийг шалгах цаг болсон” гэх хатуухан байр суурь илэрхийлчихээд байгаа.
Тэрчлэн Н.Учралын гэх кабинетийн Хууль зүй дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг нэрлэж байна. Тэрбээр Засгийн газраас 400 бүтээмжийн менежер томилж буй нь улстөрийн авлига, намуудыг дуугүй болгож найраан дундаа идэж уух гэсэн санаа хэмээн буруушаагаад үүнтэй тэмцэхээ мэдэгдсэн нь албан тушаалаа аваад хамгийн түрүүнд хийх ажлынх нь эхлэл байж мэдэх л юм.
Үнэндээ төрийн өмчийн 123 компанид жилдээ 30 тэрбумын цалин авах 400 бүтээмжийн менежер томилогдоно гэдэг үл тэвчих тэнэглэл мөн л дөө.
Түүнчлэн шинэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Д.Энхтүвшин, О.Батнайрамдал нэрлэгдэж буйгаас гадна Э.Батшугарыг ч багтаах яриа хэлцэл хийгдсэн гэлцэж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс С.Амарсайханыг Ерөнхий сайдад зүтгүүлсэн гэх ч дэмжлэг аваагүй бололтой.
Үргэлжлэл бий…