Төсөвт цоорхой биш бүр ангал үүсчихлээ. Ийм байдалд орно гэдгээ Засгийн газар болоод УИХ ч мэдэж байсан нь төсвийн төслийг хэлэлцэхдээ оны өмнө үү, дараа юу тодотгол хийнэ гэдгээр баталснаас илэрхий. Одоо харин тодотгол хийж данхар төсвөө цэгцлэхгүй бол оройтохоор байхад эрх баригчид юу хүлээгээд байгаа нь ойлгомжгүй. Тэнэгийн дотор уужуу гэгчээр байдал сайжирч мэднэ гэх тооцоогүй хүлээлтэд хэр удаан тэсч суух гэсэн юм бол?!
“Төсвийн тодотгол хийснээр нүүрсний үнэ өсч, валютын нөөц нэмэгддэг бол өдөр бүр тодотгоё л доо” хэмээн мухардалд хүрсэн муухай хоолойгоор Сангийн сайд сийгүүлсээр байгаа. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар Чайна Энержид эцсээ хүртэл итгэж байгаа гэх тэнэг хариултыг л хараахан өгөөгүй байна.
Нүүрсний экспортын орлого эрс буурсан оны эхний хоёр сард төсвийн тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав. Төсвийн орлого 4.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 22.9 хувиар буурсан бол зарлага, цэвэр зээл 4.6 их наяд төгрөгт хүрч 22.1 хувиар өссөн байгаа нь сайн мэдээ биш. Орлогын дийлэнхийг бүрдүүлдэг албан татварын орлого 30 хувиар, АМНАТ 65 хувиар буурчихсан байгаа нь санаа зовоох дүн гарцаагүй мөн. Засгийн газар эдгээр дүнг зогсоох ямар ч оролдлого хийхгүй байгаа тул цаашид улам тэлэх нь ойлгомжтой.
Тонн нүүрсний үнэ 400 юаниас буурвал БНХАУ-ын ихэнх компани алдагдал хүлээнэ гэдгийг Bloomberg мэдээлчихлээ.
БНХАУ-д нүүрсний үнийн уналт гүнзгийрэх төлөвтэй байгааг дэлхийн эдийн засагчид ч дүгнэж байна. Томоохон боомтуудад нүүрсний нөөц дээд хэмжээндээ тулж, өмнөх оны мөн үеэс гурав дахин өндөр байхад манай улсаас нүүрс нэмж татах тэнэг байхгүй.
Монголын нүүрсний гол худалдан авагч нь Хятад.
Нүүрс олборлолтоор БНХАУ-д тэргүүлдэг Төрийн өмчит “China Shenhua Energy” компанийн ашигт ажиллагаа буурч, нөөц их байгаагаас үүдэн нүүрсний нэгжийнхээ төсвийг бууруулсан байхад Монголын Засгийн газар Чайна Энержид эцсээ хүртэл итгэж байна гэдэг аймшигтай. Цаашдаа дэлхий нийт нүүрснээс татгалзах хандлагыг тэргүүнд тавихаа илэрхийлээд байхад хоёр улсын зөрөлдсөн төмөр замын холболтыг хийгээд нүүрсийг нь авах анхны хэлцлээ Чайна Энержи эргэж харж л таарна. Тэр цагт ашигт малтмал гэдэг ашигтай үедээ “алт”, ашиггүй үедээ ердийн нэг чулуу гэдгийг бид харин ухаарч Монголыг энэ хүртэл зовоож, түг түмэн боломжийг алдагдуулж ирсэн үе үеийн эрх баригчдын хөрөнгийг хурааж, бүх насаар нь хорьж, дараагийн эрх баригчдыг мулгууталд хүрэх замаас нь ангижруулахаас өөр сонголт үлдэхгүй биз.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар алтанд найдаж, үнийн өсөлтөд нь хөөрцөглөж байна. Харамсалтай нь алдагдлаа нөхөх хэмжээний алтны эргэлт Монголд байхгүй, Л.Оюун-Эрдэнэ Б.Жавхлан нарын чичрэн зүтгүүлж буй данхар төсвийг хангах хэмжээнд хүрэлцэхгүй нь үнэн юм. Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар өссөн үзүүлэлт ч баярлах гэрэл биш. Тэд төсвөө эргэж харж засахаас өөр зам угаасаа үгүй.
Монголын төсвийн тогтолцоо өнөөдрийг хүртэл зарлага суурьтай явж ирсэн. Орлого суурьтай төлөвлөж, оновчтой зарцуулдаг болох бодлогын өөрчлөлт хэрэгтэй гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар адгийн тэнэг ч ойлгогдохоор хэлж байна. Харамсалтай нь энэ Засгийн газар эрх ямба, сандал ширээтэйгээ зууралдаж, өсөхийн өлөн нь арилаагүй хэдэн хөвгүүд шиг, идэх уухын бараа харсан өлсгөлөн цөөврүүд шиг зүтгэлж буй нь эмгэнэл. Тэднийг зогсоох, тэдэнд үг хэлэх бүхэнд яс хаяж өгөн чимээгүй болгож байгаа гэчихэд хатуудсан болохгүй.
Харин энэ улайрал дунд, зайлшгүй ирэх эдийн засгийн хүндрэлээс урьтан ХҮН Засгаас гарах хувилбар боловсруулсан нь зарим нэгний хөмсгийг зад татахад хүргэсэн гэх мэдээлэл Төрийн ордны тамхины цэгээр нисэлдээд эхэллээ.
Эрчим хүчний реформ ярьж, эдийн засгийн сэргэлт, зах зээлийн таатай орчин амалсан ХҮН Засгийн газарт орж албан тушаалын бялуу хүртсэн өдрөөсөө эхлээд дуугарахаа больсон нь үнэн. Харин эдийн засгийн хүндрэл, өдрөөс өдөрт доройтож буй нөхцөл байдлыг харсан намын нь гишүүд байдал улам дордохоос өмнө Засгаас гарахыг шаардаад эхэлсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Бусад намуудыг бодвол эдийн засагчид, мэдлэг боловсрол өндөртэй нөхдөөр хүний нөөцөө бүрдүүлсэн гэгддэгийн хувьд учирч болох эрсдлийг тооцоолон сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандан арга хэмжээ авахыг урьдчилан сануулсаар буй юм байх. Тэгэхээр эх сурвалжуудын хэлж буйгаар Боловсролын сайд П.Наранбаяр албан тушаалтайгаа зууралдаж, харин УИХ-ын гишүүн Н.Найдалаа нь Засгаас гарч эрсдлийн эсрэг дуугарахыг шаардсан болж таарах нь.
Засаг тэвдүү байгаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлийг Засгийн газраас Эрдэнэс Монголд үүрэгдэж, Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг хүртэл гаргачихлаа. Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллароор нэмэгдүүлэх, гадаадын банк санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.доллар татах, Хадгаламжийн даатгалын корпораци, Төрийн банкнаас тэдгээрийн эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар 283.4 сая ам.долларын нөөцийг буцаан төвлөрүүлэхээр шийдвэрлэв. Харамсалтай нь энэ бүхэн гал унтраах төдий, сандал суудал эрх мэдэлтэйгээ зууралдан амин хувиа хичээсэн арчаагүй арга төдий юм.
Ийм арга заль хэрэглэн хувийн эрх ямбаа нэгд тавьсан Засгийн газар төсвийн тодотголыг ч зөв хийж чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс улс орны уруудан шааригдсан эдийн засгийн төлөө Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрыг яаралтай буулгаж, хэмжээ хязгааргүй тэлсэн хэрэгтэй хэрэггүй албан тушаал, тамгатай тамгагүй яамдыг татан зардлаа танахаас ажлаа эхлэх шинэ Засгийн газар бидэнд хэрэгтэй боллоо.
Бэрхийн уурхайн тосгонд, Тамгын газарт нь жижүүртээ жижүүр, галчдаа галч хийж явсан гэх эрийн хүчирхэг, чинээлэг Засгийн тэргүүн болж жүжсэн дүрд цэг тавих тухай хэлэлцэхээс бус Засгийн газрыг орон нутагт ээлжлэн хуралдуулах элий товыг өөгшүүлэн дэмжих цаг биш юм. Сайд нараа уаз фургонд чихээд аваад явахгүйгээс хойш тэднийг эрхлүүлдэг бензин тос, буудал хоол, вок савангийн илүүдээ гарсан төсөв хаана байна?!
Ямба ихтэй сайд нарын байрлах газар, хуралдааны орчин, ширээ сандлын нүсэр зардлыг хэн төлөх вэ?!
Энэ мэт алсын байтугай ойрын хараа ч ТЭГ заасан Засгийн газарт ЦЭГ тавих цаг нэгэнт болж…
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ эргэж сэргэхээргүй унаж, Д.Трампийн тавьж буй тарифын татвар Монголын эдийн засагт дээд зэргийн сөрөг нөлөө үзүүлэн экспортын орлого буурах нь тодорхой байхад тоосонд дарагдсан уйт цөгц шиг дүнсийх Б.Жавхлангаас улсын сан хөмрөгийг аривжуулах ухаант шийдвэр гарна гэж хүлээвэл гонжийнжоо бололтой. Тэр бүх чадамжаа шавхаад шавхаад энэ хэмжээний нэгэн аж. Чадамж нь, чадвар нь ТЭГ заасан түүнээс өөр юуг хүлээнэ гэж…