Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэх маргааныг УИХ-д Д.Цогтбаатар үүсгээд удлаа. УИХ-ын гишүүн болсон хойноо хэрэг хийж амжаагүй байгаа тул Улсын Дээд шүүхээс буруутайд үзсэн шийтгэл өөрт нь хамааралгүй хэмээн өмөлзөж байгаа.
2016-2020 онуудад Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон түүнийг Анхан шатны шүүхээс буруутай хэмээн үзсэн ч давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон байсан зурвас үед мань эр УИХ-ын сонгуульд нэр дэвшчихсэн хэрэг. Харин Дээд шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Д.Амарбаясгалангийн ангийг тахиа, өндөгний аль нь анхдагч вэ гэх маргаанд оруулчихаад байгаа бололтой. Гэхдээ хуулиа дагадаг, мөрддөг, сахидаг улс оронд бол гурвын гурван шатны шүүхтэйгээ адгийн тэнэг ч мэдэх тул Шүүхийн шийдвэрээ дагах учиртай. Дээд шүүх гэж байдгаа мартсан, эсхүл үл ойшоон нэр дэвшсэн нөхөр, дэвшүүлсэн нам, хүлээн авсан Сонгуулийн хороо нь хариуцлага хүлээж нөхөн сонгуулийн зардлыг гаргах эсэхийг ярих болохоос УИХ болоод Улсын Дээд шүүхэд Д.Цогтбаатарыг үлдээх үү яахуу гэх маргаан түй ч хамаагүй явдал. Хууль бол хууль.
УИХ бол Хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоох дээд байгууллага өөрөө боловсруулж, баталсан хуулиа мөрдөхгүй юм бол иргэн Дорж, Дулмаагаас хууль сахихыг шаардах эрхгүй. Гурав дахь шатны шүүх байдгаа мартан нэр дэвшсэн Д.Цогтбаатарын асуудлыг нэг тийш болгож чадахгүй УИХ байгаад ч яах билээ.
Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийнх. Үүнээс цааш мянган маргаан үүсгээд нэмэргүйг мэддэггүй УИХ-аар цаашид яах билээ. Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байна гэдэг хууль өнөөдрийг хүртэл иргэн бүрт үйлчилсээр ирсэн. Үүнийг Д.Амарбаясгалан хэлэлцэх эрхгүй бөгөөд үг дуугүй дагаж мөрдөх ёстой юм.
Хуулийн зүйл заалтаа үлгэрлэн мөрдөх ёстой Парламент өөрөө гарц цоорхой хайн үүлгэртэх нь Монгол Улсыг дэлхийд шившиглэж байгаа хэрэг. Хуулийг гууль болгочихоод “Буян дааж амьдраарай” гэх зэргээр Да.Цогтбаатар руугаа наргиан шидмэр аядаж буй нь тэнэгээ гайхуулсан явдал гэж харагдахаас өөрөөр харагдахгүй байгааг хэлэх хэрэгтэй. УИХ ийм байхад Засгийн газар нь хэрхэн өөр, өөдөө байх билээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл гэхэд Л.Оюун-Эрдэнийн танхимын нэр хүндийг сайтар баллуурдаж яваа сайд нарын нэг гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Улсын дотоод хэрэг явдалд гүн орж, Цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан шиг үзэгдэх болсон нь үнэн. Эцэстээ бүлэглэлийн гар хөл болох вий хэмээн П.Сайнзориг гишүүн ч хэлээд авсан нь хоосон зовнил биш юм. Хойноос ирээд хот, хотонд ороод хонь минийх гэдгийг харуулж мань сайд Цагдаагийн ерөнхий газарт ч өөрийн хүмүүсээ тавихыг хүсдэг бололтой. Б.Жаргалан гишүүний “О.Алтангэрэл сайд ЦЕГ-ын даргаа өөрчилж өөрийн багаа бүрдүүлэх ёстой” гэснийг Б.Жаргалангийн байр суурь гэхээс илүүтэй О.Алтангэрэлийн хүсэл юм байна гэж олон нийтээр харж, хэлэлцэж буйг хэлэх хэрэгтэй.
Усны шувууд шиг ирж буцаж байдаг сайд бүр өөрийн баг бүрдүүлнэ хэмээн улсын ажил самраад байна ч гэж юу байхав. Гэхдээ Д.Амарбаясгалангийн тэргүүлсэн танхим хуулиа дагахгүй бол бусад нь дагаж, дэгтэй амьдарна ч гэж лөөлөө.
Төсөв тасалдаж, тодотгол хийхэд хүрчихээд байхад л Л.Оюун-Эрдэнэ нь хөдөө гарч, аймаг сумд хэсэн Засаг хуралдуулна хэмээн үрж зарахаас өөрийг бодохгүй яваа нь өөрсөдтэйгээ хариуцлага ярьж чаддаггүй парламентыг ПАРЛАМЕНТ гэж харахгүй байгаагийн илрэл биз.
MCS-ийг боргож байсан тэрбээр чимээгүй болж, Ж.Оджаргал нь “Тавантолгой ордын зургаан лицензийнхээ тавыг нь төрд өгчихсөн” гэх тайлбар шидэж сууна. Зургаан лицензийн тавыг нь төрд өгсөн гэхээр мань эр Ухаахудагаа авч үлдээд бусдыг нь өгсөн бололтой. Түүний тайлбарыг даган А.Амундрагийн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан “Бодь интернэйшнл” ХХК Тавантолгойд орж ирэхээр болж талууд тохиролцсон мэдээлэл газар авч байна.
Тэрбайтугай Төрийн тэргүүний сунгаанд дэмжиж ажиллах далд тохироонд MCS гарын үсэг зурсан гэх цочир шуум ч хүчээ авлаа.
Шуум үнэн байж мэдэх. MCS-ийг ноцсон шуугиан намжихтай зэрэгцээд Ерөнхийлөгчийн сунгаанд хэн үзэх вэ гэх асуулт нийтийн дунд өгөөшөөр шидэгдсэн нь тохиолдол гэж харвал хэтэрхий жул юм.
Хашааны гаднах намуудыг халааслах багц гээч юм хэдийнэ гарчихсан байгааг ч эх сурвалжууд хэлж байна. Өмнө МАН АН гэх хоёр намын хооронд өрсөлдөөн болж гуравдагч хүчин хэнтэй наймаалцсанаасаа хамаарч санал хуваагчаа гаргаж шиддэг байсан бол 2027 онд нам дамнасан бүлэглэлүүдийн дунд өрсөлдөөн явагдаж, аль нам нь хэнийгээ дэмжээд байгаа нь мэдэгдэхээргүй бужигнах бололтой.
У.Хүрэлсүхийн тухайд санаа бий ч зарчим нь бүрэлдээгүй. Тэр Ж.Энхбаяр гэх хувилбарыг түлхэх дуулдаж буй ч өнөөх нь Ерөнхийлөгчид өрсөлдөх хэмжээний нөхөр мөн үү, тэр чадах уу?!
Төрийн тэргүүн эв нэгдлийн илэрхийлэл гэх гоё шошготой ч ачир дээрээ улстөрийн намуудыг багцалдаг, зарим үед улстөрийн шанаа өгч чаддаг хорчин кадр байх хэрэгтэй. Тэр дүрд Ж.Энхбаяр тохирох уу?
АН-аас Х.Баттулга Н.Алтанхуяг гэх хувилбар одоогоор яригдаж буй бөгөөд энэ тохиолдолд МАН өгөөшөөр Я.Содбаатарыг хаях D хувилбар бас байна.
Л.Оюун-Эрдэнэд ч У.Хүрэлсүхийг залгамжлах далд хүсэл бий. Хүний, өөрийн ялгалгүй албан тушаал “зохион” бэлэглэж, олон үг ярьж мэдэх өвгөд эмгэдийг тусгай элчин сайд гэх энгэрийн туузаар гоёод замаасаа зайлуулж байгаа нь эрх мэдлийн төлөөх шунал хүслээс өөрөөр тайлбарлагдахгүй гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа нь ташаа, хатуудсан шүүмжлэл ч биш юм.
Тэр одоогоор хаан заан мэт буй ч түүнийг ганхуулах хэд хэдэн хувилбар бий.
Ойрын үед Засгийн газрын үйл ажиллагааны 2024 оны тайлан болоод Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг холбогдох байнгын хороодоор хэлэлцэхээр болсон нь Л.Оюун-Эрдэнэд таатай биш байж таарна. Ямартаа л гишүүд нь хүний өөрийн, жагсаалтын гэж хуваагдан хэрэлдэхэд хүрч байхав. Байнгын хороод Гэрэгэ таурын 15 давхраас эмээлгүй Засгийн газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж чадвал МАН-ын даргын хувь заяа эрх баригчдын дунд яригдаж эхэлнэ гэж байгаа.
Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нарын нам дамнасан бүлэглэл гэх бүлэглэлийн хүсэл шуналыг хазаарлах ёстой бол одоо, Засгийн газрын үйл ажиллагааны 2024 оны тайлан болоод Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг холбогдох байнгын хороод нь хэлэлцсэн шиг хэлэлцэхэд хангалттай ганхана гэх байр суурийг улстөрийн бусад бүлэглэлүүд барьж байна.