УИХ-ын дарга буцаж ирээд гишүүдийн нүсэр ширээг гаргаад хаявал ГОЁ – Нийгмийн толь

УИХ-ын дарга буцаж ирээд гишүүдийн нүсэр ширээг гаргаад хаявал ГОЁ

Х.Баттулгатай, Да.Цогтбаатартайгаар энэ хаврын чуулган эхэллээ. Чуулганы сарын тэмдэг гэгдэх Х.Баттулга УИХ-ын гишүүний тангараг өргөснөөс хойш ордонд тоотойхон харагдаж, дүр төрхийн хувьд сонгогчдодоо ч мартагдах шахаж байснаа чуулганы нээлтэд гэнэт оролцон ойр ойрчноо цочирдуулсан.

Шүүхээс буруутайд тооцогдон бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага үүсээд байгаа Да.Цогтбаатар мөн нээлтэд оролцож, улмаар сэтгүүлчидтэй тааралдахаас эмээхдээ өрөөндөө ч орж чадалгүй Төрийн ордны булан тохойд нуугдаж явсан гэж байгаа.

Энэ хаврын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Эрчим хүчний тухай хуулийн өөрчлөлт, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль, Татварын багц хуулийн өөрчлөлт, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл гэхчлэн анхаарал татсан хэд хэдэн төсөл хэлэлцэхээр төлөвлөж.

Татварын багц хуулийн өөрчлөлтөд НӨАТ-ын шинэчлэл багтсан нь олны анхаарлын төвд байгаа. Татвар суутган төлөгч 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүдээс НӨАТ авдаг байсныг 400 сая болгох саналыг Сангийн яам гаргасан бол аж ахуйн нэгжийн төлөөллөөс НӨАТ-ын дарамтыг бууруулж 10 хувь байгааг 5 болгох, Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн татварыг шууд хасдаг болох, ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл суутгахгүй байх зэрэг зохицуулалт хийх санал дэвшүүлсэн нь дэмжигдэх бололтой. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы нээлтээр татварын дарамтыг бууруулна гэдгээ зарлачихсан шүү дээ.

Чайна Энержитэй хийх нүүрсний гэрээг УИХ-аар соёрхон батлах асуудал ч олны хүлээлтэд бий. УИХ-ын тогтоолын төслөөс төрөл арилжтал өөрчлөгдсөнөөс нь болж олон нийтийн дунд “трансжендер гэрээ” гэгдэх болсон эл төслийг соёрхон батлах эсэх асуудал танхимд төдийгүй Төрийн ордны гадна ч анхаарлын төвд байж, хаврын “хавсарга”-ын эхийг тавихад хүргэж мэднэ. Дуусан дуустлаа Монгол Улсад түй ч ашиггүй байсаар дуусна, юун Алсын хараа, харин ч Алсын хорлол болох нь гэх шүүмжлэлийг анхнаасаа дагуулсан эл гэрээг УИХ-ын тогтоолд нийцүүлэх шаардлагыг Д.Энхтүвшин нарын гишүүд тавьж, эс гүйцэлдүүлбээс огцруулах асуудалд гарын үсэг зурна гэдгээ одоогоор илэрхийлчихээд байгаа. Д.Энхтүвшинд эгдүүцсэн Л.Оюун-Эрдэнийн хөмхийн зуултад Энержи ресурс орж ирсэн нь хамгийн анзааргагүй уншигч ч анзаарахаар ил тод харагдаж буйг хэлэх хэрэгтэй.

Л.Оюун-Эрдэнийн эгдүүцэл бүрт хамгаалан “боргож” яваа О.Алтангэрэл өдгөө Улсын Хууль зүйн асуудал бус Ерөнхий сайдын хувийнх нь ДОТООД явдлыг эрхэлсэн ажилтан шиг хөгийн харагдаж байгааг хэлэхэд ч хэтрүүлсэн болохгүй биз.

Ямартай ч энэ бүгдийн эцэст үндэсний гэх тодотголтой аж ахуйн нэгжүүд нэгдэж, нэгдмэл байр сууринаас тэмцэл эхлүүлэхээр уулзаж эхэлсэн талаарх мэдээлэл сошиал орчинд үзэгдээд эхэллээ. Хэрэв тийм бол УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бланк гарын үсгээр дүүрч, ажил хэрэг болох нь цаг хугацааны л асуудал. Энэ талаарх шуум хэдийнэ Төрийн ордноор тархаж хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд жин даран орж ирж болзошгүй байгааг гишүүд хэлж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учралын хувьд цахим мөрийтэй тоглоомын асуудлыг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр зэхэн завгүй яваа. Уг нь эл асуудал УИХ-ын гишүүдийн цаг завыг үрээд байх шаардлагагүйгээр үүрэн телефоны оператор компаниудтайгаа нийлээд цэгцэлчих жижигхээн хэрэг. Цахимаар мөрий тавьж тоглохыг хүссэн тоглогчийн гар утсанд баталгаажуулах код заавал ирдэг. Тэр кодыг таньж зогсоох бяцхаан код бичихэд л Н.Учралын сүр бадруулаад яваа асуудал шийдэгдчих юм шүү дээ. Эсвэл цахим мөрийт тоглоомыг өөгшүүлэгчид нь үүрэн телефоны операторууд болчихоод түүнд дийлдэхээ байчихаад байгаа хэрэг үү. Тийм бол Харилцаа холбооны зохицуулах хороо гэх нүсэр төсөвт байгууллага байхын хэрэг бий юү. Зохицуулах хорооны ганц цаасаар шийдчих асуудлыг яаралтай горим гэхчлэн сүр бадруулж, тоглоомд донтсон иргэдээ гэмт хэрэгтэн болгох гээд чичирч суувал шившигтэй л юм.

Түүнийхээ оронд Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх зэрэгт хуулиа тэргүүнд тавиад ажиллавал парламент нь парламент шиг харагдаж, олон түмний зүгээс алга ташилт сонсох биз. АТГ-ын дарга З.Дашдаваа, УЕП Б.Жаргалсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын бүрэн эрхийн хугацаа дуусахтай холбоотой асуудал ч гал өрдөхөөр байхад Харилцаа холбооны зохицуулах хорооны хийчих асуудлыг хэлэлцэж сууна гэдэг хайран.

Заавал ямар нэг асуудал хэлэлцэж, чанарт биш тоонд анхаармаар байвал хэлэлцэх асуудлуудынхаа эхэнд хүүхдийг секс талаас сонирхдог гаж донтон (ПЕДОФИЛЬ)-гуудын ялын хугацаа дуусмагц албадан эмчилгээнд үргэлжлүүлэн оруулдаг байх заалтыг хуулиндаа нэмээд өг л дөө. Түрүүчээсээ суллагдлаа. Суллагдчихаад дахиад хэн нэгний хүүхдийг гэмтээх вий!!!

Хойд хөрш гэхэд бага насны хүүхэд хүчирхийлэгчдийн ялыг чангатгасан ч энэ нь  гаж донт буюу педофил хүмүүст нөлөөлөхгүй байна гэж үзэн дахин хуулийн төсөл өргөн барьж, 15-20 жил хорихоос гадна хүсэлтээр нь эмчлэх, шүүхийн шийдвэрээр шийтгэх, химийн аргаар засах, насан туршид нь хорих зэрэг шийтгэл ноогдуулахаар болчихоод байгаа. Химийн аргаар засдаг шийтгэлийг нэвтрүүлсэн улс орнуудад энэ гэмт хэргийн гаралт 50 хувиар буурсан судалгаа бийг хийцгүйрсэн гишүүд олж үздэг л байлгүй дээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсын Парламентын Нийтийн танхимын даргын урилгаар албан ёсны айлчлалыг энэ өдрүүдэд хийж байгаа. Өрнөдийн орнуудаас хамгийн анхны дипломат харилцааг тогтоосон улс орон нь Англи хэдий ч хоёр том хөршийн дунд хавчуулагдсан Монголын парламентыг тус улсын парламентаас анх удаа ийнхүү албан ёсоор урьсан байгаа юм. Тэгэхээр хаврын чуулганы эхэнд Парламентын 1000 жилийн түүхтэй гэх улсад ажиллаж буйн хэрэг юу билээ, авмаар нэвтрүүлмээр туршлагуудад анхаарлаа хандуулах нь Н.Учралын барьж яваа агентлагийн шийдчих асуудлаас хавь дээр байх.

Тухайлбал, тус улсын парламент дахь Байнгын хороод нь Засгийн газрынхаа сайдуудад хяналт тавьж ажилладгийг манайх шууд хуулчихад яагаад болохгүй гэж. Хууль зүйн Байнгын хороо нь Хууль зүй дотоод хэргийн яамыг, Нийгмийн бодлогын байнгын хороо нь Нийгэм хамгааллын яамыг гэхчлэн хянаад эхэлбэл Хамтарсан Засгийн сайдууд гэх нэр дор боловсон хүчний дутагдалтай нам намын салбадайгаар салбар салбарын бодлогыг самруулахгүй хамгийн зөв жишиг болно. Тэрчлэн парламентын гишүүдийн хангамж, томилолт бүрийг хянадаг, шаардлагагүй гэж үзвэл олгохгүй байх эрхтэй Тусгай хороог нь ч хуулбарлах хэрэгтэй. Иргэд, аж ахуйн нэгжийн хуруу хумсаа хуйхлах шахам төлсөн татварын мөнгийг Их хурлын гишүүний томилолт, хангамж нэрээр урсгадаг дотор муухайрам уламжлалыг Д.Амарбаясгалан зогсоочихвол ГОЁ. Тэгээд олон нийтийн оролцоотой Хяналтын хороог байгуулаад, мөнөөх хороо нь парламентын гишүүний уух цайны зардлыг ч хянадаг болчихвол их олон зүйл цэгцэндээ орох эхлэл болох нь зайлбаргүй.

Эцэст нь парламентын гишүүдийн эрх ямба, хэлбэрт анхаарсан нүсэр ширээнүүдээ гаргаж хаяад үндэсний үйлдвэрийн хэдэн буйдан оруулаад тавьчихвал яндагнасан, ямбалсан гишүүдгүй болж, жинхэнэ утгаараа мэтгэлцээний, хууль цааз ярьсан танхим болох нь гарцаагүй. Үүнийг УИХ-ын даргыг дагаж Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсын Парламентын ордон болоод үйл ажиллагаа, туршлагатай нь танилцаж яваа гишүүд эхлүүлчихвэл гоё биз. Тэд нүсэр ширээнүүдээ гаргаж хаяад Говь хангайн буйдангууд эгнүүлээд суучихвал жинхэнэ СУПЕР.

Улс орнуудын зөв, сайн жишиг, туршлагуудыг хуулбарлах л хэрэгтэй. Цаг алдах юун. Ядаж л ордны хуучирсан барилга байгууламжийн даац, эдэлгээнд нэмэртэй юм даа.

Орчуулах »
error: Content is protected !!