Харвард төгсөгчийн тэргүүлж буй Засгийн үед нэгээр тогтохгүй сэтгүүлч ял сонсч, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд цагдан хоригдож, эцэстээ төсөв тасрах цочир мэдээлэл дуулдаад эхэллээ.
Энэ оны төсвийн төслийг Засгийн газраас өргөн барих үед төсөв тасрах эрсдэлтэйг Аудитын байгууллагаас анхааруулсан ч танхимын болоод парламентын гишүүдийн хэн нь ч үл тоосон.
Монголын эдийн засгийн тулгуур нь уул уурхай. Хазгар эдийн засагтай улсын гашуун зовлон нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад барьц алдан бадар барихад хүргэдэг нь үнэн.
Олон улсын шинжээчдийн таамаглалаар 2025 онд өмнөх оноос тонн тутамд зэсийн дундаж үнэ 500 ам.доллароор өсөх бол алтны үнэ унц тутамд 350 ам.доллар, тонн тутамд төмрийн хүдэр 20 ам.доллар, нүүрсний үнэ 35.0 ам.доллар, газрын тосны үнэ баррель тутамд 5 ам.доллароор буурах төлөвтэй байгаа.
Төсвийн төсөл хэлэлцэх үеэр Дэлхийн банк ч нүүрсний үнэ 13 хувиар унах прогноз байгааг мэдээлчихсэн байв. Харамсалтай нь манай Засгийн газар үл тоов.
Тиймээс 105 ам.доллараар тооцсон нүүрсний үнэ нь өдгөө 68 ам.доллараар зарагдаж байгаа тул мянгантаа мэлзээд ч төсөв тасалдах нь тодорхой болж байна. Нүүрсний үнэ цаашид ч унах эрсдэлтэй хэвээр. Тэрбайтугай тээвэрлэлт тасалдах аюул ч бий.
Ийм байтал Сангийн сайд Б.Жавхлан төсвийг тодотгох хэмжээнд тулаагүй хэмээн арьсаа хамгаалж, эцсээ хүртэл гүлдийж байгаа нь өөрөө аймшиг юм.
Нүүрснээс 30 гаруй их наядыг олохоор тооцсон ч 20 их наяд төгрөгт хүрвэл дээдийн заяа болох нь байна. Үүнийг алтнаас олох орлогоор нөхөх боломж бий хэмээн улстөрчид үзэж буй ч эдийн засагчид төсвийн тасалдлыг нөхөж чадахгүй гэдгийг хэлж байгаа.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд, хүний их эмч Ц.Туваан алтны үнэ унц нь 2900 ам.долларыг давж, килограмм нь 90 гаруй сая ам.доллартай тэнцэх үнэд хүрсэн нь цоорхойгоо нөхөх боломж хэмээн зүтгэж байгаа ч нүүрсний орлогыг нөхөх хэмжээнд хүрэхгүй гэх эдийн засагчдаа энэ цагт сонсох нь зөв юм.
Гэхдээ болж буй энэ бүх үйл явц урд хөрш худалдан авалтаа зогсоох төдийд Монголын эдийн засаг сэхээний тасагт шилжинэ шүү гэх мессэжийг парламентын гишүүдэд өгч, Хятадын Чайна Энержитэй хийх гэрээг УИХ-аар соёрхон батлахаас аргагүйд хүргэж байгаа бойкот мэт харагдаж буйг ч хэлэх хэрэгтэй.
Хазгар эдийн засагтаа тулгуур хийнэ гэж үе үеийн эрх баригчид ярьдаг ч улсдаа бус хувийн улстөрдөө анхаарсаар он цагийг элээж ирсний гай өнөөдрөөр гарч байна. Л.Оюун-Эрдэнийн хувьд ч улсын хөгжилд гэхээсээ хувийн улстөр, хувь нэр хүнддээ анхаарсан тоглолт хийсээр байгаа гэчихэд хатуудсан шүүмж болохгүй байх.
Дөрвөн жилийн өмнө тонн нүүрсээ 358 ам.доллараар Хятадын зах зээлд нийлүүлж байсан Монгол өдгөө тонныг нь ердөө 70-80 ам.доллараар өгч байна гэдэг Л.Оюун-Эрдэнийн ажлыг дүгнэж болох товч дүгнэлт.
Бээжин гангийн үйлдвэрлэлээ танахаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал дээрээ зарлачихлаа. Ингэсэн ч Засгийн газрын тэргүүн маань бодож санах юмгүй хүүхэд насандаа яваа мэт хүүхэн шуухан, кофе цайны асуултад хариулсаншээг суугаа нь халаглам. Түүнд энэ мэт асуудалд хариулт өгөөд, элдэвлээд байвал чинь жүжигчин бүсгүйтэй кофе уучихъя л даа хэмээн маазарч суух цаг бий гэж үү?!
Тэнд Трамп бужигнуулж Бээжин хариу өгч байхад, энд Л.Оюун-Эрдэнэ хүүхний асуудал ярьж байх нь учир мэдэх улсад шившиг юм.
Төсвийн зардлыг бууруулах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хүргүүлж байсан. Тэрбээр шаардлагаа дагуулан Хамтарсан Засгийн газрын анхны жилийн төсвийн төслийг “бүлэг залилан” хэмээн харж буйгаа илэрхийлсэн. Улмаар “Иргэд цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд байна. Гэтэл урсгал зардлыг 10 их наядаар нэмж буйн ачаалал нь аж ахуйн нэгж, иргэдийн нуруун дээр ирнэ. Эдийн засгийн нөхцөл хүнд байна. НӨАТ-ын өр 540 тэрбум болж ковидын өмнөх үеэс 3.6 дахин нэмэгдчихлээ. Аж ахуйн нэгжид ирэх дарамт 2020 онтой харьцуулахад 3.5 дахин нэмэгдэн, 70 их наядын торгуулийн төлбөр тавигдсан байна. Эцэстээ аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож байна. Эрх баригч гурван нам амьдралаас хэтэрхий тасархай байна” гэх бодит шүүмж, хөрсөн дээр буусан шаардлагынхаа төлөө цахимаар элдэвлүүлж, эцэст нь гэр бүлийнхээ бизнест татварын шалгалт оруулаад таг болсон.
Харин өдгөө бүх зүйл үнэнд гүйцэгдэж, хэт үрэлгэн байдлаар батлагдсан төсвөө эргэж харахаас аргагүй нөхцөл үүсчихээд буйгаа хэн хэн нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Эс бөгөөс энэ дэлхий дээр Монгол гэх улс ганцаар оршин тогтнодоггүй тул гаднах зах зээл, олон орны эдийн засаг болоод улстөрийн нөлөөг харж алхах ёстойг сануулсан ухамсрын шанааг Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар жинтэйхэн хүртэх нь цаг хугацааны л асуудал.
Илүү оройтож, эргэж өндийж чадамгүй хавцалд унахаасаа өмнө эдийн засагчдынхаа үгийг сонсвол сайн юм.