Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юуг ч юм өөрчлөх, эсвэл хувьсгал хийх хоёр сонголттой тулснаа зарлаад хэд хонолоо.
Уг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсныг нь эс тооцвол гүйцэтгэх засаглалын тэргүүний тамгыг атгасан түүнд өөрчлөлт хийх бүх эрх бий.
Харин тэр өөрчлөөгүй.
Тэгэхээр хоёр дахь хувилбараа сонгох нь…
Улсынхаа төв талбайд хөдсөн дээлтэй хоноглож, шударга ёс нэхэж байсан тэрбээр төрөл арилжиж, өдгөө алтан загасны эмгэн шиг тэрийг ч, энийг ч нэхэн гонгинож байна. Ерөнхий сайд маань гомдоллохдоо эм хүйстэн шиг хачин сайн юм.
Засгийн газрын тэргүүн үгийн алдаа гаргаагүй гэдгийг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан баталж, “Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр баялгийн хулгайг зогсоож, уул уурхайн ашгийг ард түмэнд өгөхгүй бол хувьсгал гарна шүү” гэх чиглэлийг сайд нарт маш тодорхой өгсөн хэмээн хэвлэлийн хурал зарлаж ирээд мэдэгдсэн.
Тэгэхээр тэд ХУВЬСГАЛ эхлүүлэх нь бололтой.
Чөлөөт нэвтэрхий толь дахь тайлбар, хүмүүсийн хамгийн их мэдэх хувьсгал бол дайрах, хүчний хувьсгал юм. Тодорхой бүлэг хүмүүс уриалан босч газарзүйн хэсэг газар, хот эсвэл улсын удирдлагыг хүчээр авах үйл явц гэдгээр илүүтэй ойлгодог. Тогтвортой байсан Засгийн газар нурж, Засгийн газрыг тэргүүлж байсан тэргүүн тэр газраа орхих, эсвэл баривчлагдах, бүр муугаар төгсвөл бослогын явцад алагдах хүртэл үйл явдлаар ихэнх ХУВЬСГАЛ өрнөнө. ОХУ-ын коммунист хувьсгал болон Хятадын хувьсгал шиг. Ийм хувьсгалуудын үеэр энгийн иргэд олноор үрэгдэж, амь насаа алддаг.
Орчин цагийн хэлээр бол төрийн эрхийг хууль бусаар авах ч гэж тайлбарлаж болно.
Тэгэхээр Гүйцэтгэх засаглалын тэргүүн төрийн бүх эрхийг хууль бусаар авах сонголтын өмнө тулснаа өөрийн биеэр болон Бүрэн эрхт төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн болж таарав уу. Эл сонголтдоо хүч болон жагсахыг олон нийтээс уриалчихав уу?! Тэр энгийн, эгэл иргэн биш шүү дээ. Тэр өөрчлөлтийг хийж чадах хангалттай эрхтэй Гүйцэтгэх засаглалын тэргүүн хүн. Тэр УИХ-д хангалттай суудал авч чадсан эрх баригч намын дарга хүн…
Түүнд Ерөнхийлөгч болоод УИХ-ын даргын эрх мэдэл л дутуу байх. Гэхдээ тэднийг хөдөлгөж чадах бүхэл бүтэн улстөрийн хүчин түүнд бий атал тэр яагаад ХУВЬСГАЛ хийнэ гэх үг ашиглав!!!
Эсвэл тэр иргэдийн эсрэг босно гэсэн үг үү?
Төрийн эрх мэдэл иргэдийн гарт ардчилсан байдлаар оршиж байгаа. Иргэдээс эрх мэдлийг нь авч тоталитар улс болон хөрөнгийг нь хураах нь гэж ойлгох уу. Ямартай ч Ерөнхий сайд хүн хувьсгал хийнэ гэхээр төрийн эрх мэдлийн эсрэг хөдлөх нь гэж ойлгогдож байгааг хэлэх хэрэгтэй.
Түүний мэдэгдлийг олон нийт цочирдон хүлээж авсан. Цочирдсон түмэн сар шинийн бэлтгэл ажилтайгаас гадна бэлгэ дэмбэрлээ бодон чимээгүй суугаа болохоос МАРТаагүй байх. МАРТАХ ч учиргүй, мартаж ч болохгүй мэдэгдэл…
Учир нь ХУВЬСГАЛ хийхдээ тулбал ард түмэнтэйгээ цуг жагсана, цуглана гэсэн шүү дээ. Тэгэхээр Засгийн газрын тэргүүн болоод Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн амнаас унасан ХУВЬСГАЛ гэх үг нь зүгээр нэг өөрчлөлт, шинэчлэлт гэсэн утга биш болж таараад байгаа юм.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8.2-т Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох жагсаал, цуглааныг хориглоно гэсэн байдаг.
Гэтэл Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч нь ард олноо жагсаал тэмцэлд уриалан Хэвлэлийн хурал хийлгэж суух нь хэр зөв зүйтэй асуудал юм бол?!



