MCS-ээс өмнө С.Баяр Х.Баттулга тэргүүтнээс гэм асуух нь дарааллын хувьд зөв биш үү, Ерөнхий сайд аа?! Хийж буй, хийхээр оролдож буй бүгд чинь худлаа харагдаад, итгэл төрөхгүй байна. Өмнөх хойдох ший жүжгүүд чинь илүүдээд байна…
Баялаг бүтээгчид, үндэсний хөрөнгөтнүүд, уул уурхайн салбар руугаа эрээгүй дайрдаг явдал хэрээс хэтэрсэн санагдахгүй байна уу. Энэ улсын чинь ихэнх том компани олон улсын зах зээлд гарчихсан, гадаадын хөрөнгө оруулалтыг сэтгэл сэргэтэл татчихсан байдаг юм шүү дээ. Тэгтлээ зовж бүтээсэн олон улс дахь нэр хүндийг нь, гадны улсаас татсан хөрөнгө оруулалтынх нь харилцааг дэмждэггүй юм гэхэд нураахгүй байж чаддаггүй хэрэг үү?! Шинжлэх ухаанчаар, эдийн засгийн хэлээр нь ойлгодоггүй юм бол энгийнээр хэлэх гээд үзье л дээ. Төсвийн орлогын тэн хагасаас илүү хувийг бүрдүүлдэг баялаг бүтээгчдээ хулгайч дээрэмчнээр цоллоод, бүтээсэн босгосныг нь хурааж аваад байвал юу болж хувирах вэ… Төр хэзээнээс бизнес эрхэлдэг болчихов. Бизнес эрхлээд баяжсан улс орон хаана харав?! Хийсэн бүтээснийг нь хурааж нураачихаад, олон улс дахь харилцааг нь тастчихаад дараагийн удаад илүү харж билүү долоож иддэг төсвөө хэрхэн, хэнээс бүрдүүлэх гээ вэ?!
Ухаа худагийг булаах сонирхол чинь хөдлөөд байгаа бол хэн, яах гэж, ямар эрх ашиг, хонжоо харж өгсөн юм, тэрнээс нь эхлээд хэлэлцдэггүй юм уу. Тухайн цаг үед нь MCS-ээс өөр аваад ажиллуулчих чадалтай компани, группүүд байсан юм уу. Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг муу хийсэн гээд тухайн үеийн Засаглалын эрх баригчдыг л буруутган баривчлах гээд хөөгөөд байгаа болохоос Рио Тинто, Айвенхоу майнзийн удирдлагуудыг хулгайч дээрэмчнээр дуудан барьж хорьж, хөрөнгө зоорийг нь хураана гэж сүржигнэж чаддаг бил үү. Гэтэл Монголын ТӨР үндэсний компаниуддаа яагаад ийм хаан, заан байдаг юм бэ. Татвар төлөгчид чинь яахаараа үеийн үед хулгайч зэлгийч, худалч дээрэмчил болчихдог юм!!!
Ухаа худагийн өгөө аваа буруутай бол Ч.Сайханбилэг С.Баярцогтыг буруутгадаг шигээ тэр үеийн Ерөнхий сайдыг, танхимыг нь буруутгаач!!!
Үндэсний хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид рүүгээ эрээгүй дайрах чинь шударга бус байна!!!
Тавантолгой ордын 4 хувь болох Ухаахудагийг яагаад Засгийн газрын тэмдэглэлээр Энержи ресурст олгох болсноо хууль шүүхийн өмнө тайлбарлаад, өөрөө очъё гээд тухайн үеийн Ерөнхий сайд байсан С.Баяр хангалттай илэрхийлээд байгаа биш үү.
Эрх барьж буй нөхөр гарч ирээд л “Минийх, түмнийх” гэж хэлээд хураадаг, дээрэмддэг гажуудал үнэндээ Л.Оюун-Эрдэнэ гэх хүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон цагаас бий болчихлоо. Төр юмаа авна гэж тавьтаргүйтнэ. Баривчилж хорино. Бизнес эрхлэгчдээ алдаатай оноотой нь хайрлаж, хамгаалж байж улс орон хүчирхэгждэггүй юм уу!!!
Улсын Дээд шүүхээс оны өмнөхөн Хөгжлийн банкны гэх тодотголтой олон хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Үүн дотор MCS-д холбогдох хоёр ч хэрэг байгаад түүнд нь хэд хэдэн улстөрчийг холбогдуулсан нь Ухаахудагийг авах санаархал, болзол тулгаж байж гэж хардагдахаар байна.
МАН-ын 5, АН-ын 5 гишүүний нэгдэл Энержи ресурст нэгдэж Тавантолгой дахь Ухаахудагийг авсан цагаас Х.Баттулгын атаархал хөдөлж, Ж.Оджаргалыг зүгээр суулгахаа больсон гэлцдгийг дуулаагүй насанд хүрэгчид үгүй байх. Нэг нутгийн залуус гээд мэндийн зөрүүтэй явдаг атлаа дээрх нэгдэлд багтаасангүй гэх айхтар гомдол тээж явдаг талаар ойрын нь нэг бус нөхөд ч ярьж явсан байдаг.
Ингээд харвал Х.Баттулга гэх нөхөр ихээ холоос, тэвчээртэйгээр нүүж суудаг нэгэн бололтой. Түүний тэргүүлдэг МоАХ 2007 онд “МАХН ба ирээдүйн улс төр” сэдвээр семинар зохион байгуулж байсан сонирхолтой факт бий. Семинарын сэдэв өдгөө биеллээ олж. МАХН У.Хүрэлсүхийн үед задарч, Л.Оюун-Эрдэнийн үед МоАХ руу уусан шингэж байна. Энэ бол улстөр. Гэм хор багатай юм.
Харин Х.Баттулга Д.Оджаргал нарын таагүй харилцааны цаадах мөчөөрхөл савнаасаа хальж дотоодын компаниудын төдийгүй улсынхаа нэр хүндийг олон улсын хөрөнгө оруулалтын тавцангаас бүрмөсөн арчигдахад хүргэж байгааг хэлэх нь зүй байх.
Өнөөдрийн болж буй явдлын хоруу чанарыг үл тоон З.Энхболд Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэн хөшигний ард баярын хундага тулгаж байж мэдэх. Тэдний хэн хэн нь гаднах зах зээлд тоглож чаддаггүй дутагдалтай тул олон улс дахь харилцааны үнэ цэнийг үнэлж мэддэггүй байж болох л юм. Гэхдээ зогсох, оролдож болох болохгүй асуудлаа гадарладаг л баймаар.
Тавантолгойн орд Ончхараат Бортолгой хоёрыг удахгүй ашиглалтад оруулж Хятадын Чайна Энержигээр олборлолт хийлгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тохиролцчихсон байгаа. УИХ кнопдоход цаг явж эхэлнэ.
Уг нь Хятадын Чайна энержи бус үндэсний хөрөнгө оруулалттай Энержи ресурс компаниар төмөр зам холболтоо хийлгэх боломж байсан ч дотоод ноёдын эсэргүүцлээс улбаатай өнөө хүртэл гацаж ирснийг бид мэднэ.
Бараа бараагаа харж тасарсан хоёр зам холбогдохоор болсон нь таатай сонсогдох ч Хятадын компаниар холбуулж буйнхаа төлөөсөнд хичнээн ихийг өгч буй билээ дээ. Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацааны алдагдсан боломж дээр нэмээд ирээдүйд олох боломжоо ч алдаж буй нь үнэн. Тэр утгаараа, энэ цаг үед Энержи ресурс, MCS-ийг боорлох бус эсрэгээрээ тэр бүх боломжийг үгүй хийхэд хүргэсэн нөхдөөс нөхөн төлбөр нэхэж, гэм асуух байлтай. Магадгүй, энэ гэм асуугдаж мэднэ гэж эмээхдээ Ухаа худагийг хураана, ард түмэн хожно гэх элий шуугиан дэгдээж буй ч юм билүү, хэн мэдлээ.
MCS Хятадын компанитай консерциум болж нарийн царигаар төмөр зам тавих ТЭЗҮ боловсруулсан ч Х.Баттулга тэргүүтэн танк орж ирнэ гэж эсэргүүцсээр эцэст нь өргөн царигаар тавих тогтоол батлуулж Бодь-ийн Д.Баясгалан, А.Амундра нар гүйцэтгэсэн болсон.
Хотын дарга Х.Нямбаатар Хууль зүй дотоод хэргийн сайд байхдаа “Алдагдсан боломжийн өртөг 80-90 их наяд. Үүнийг нэхэмжлэх ёстой” гэж байсан ч тэрбээр дэвшүүлэн зайлуулагдсан. Тэр сайдаараа ажиллаж байсан бол Талх чихэр, Баянгол зочид буудал, Мах импекс зэргийг хураагаад алдагдсан боломжийн 10 хувийг олоод ирлээ гээд сууж байж чадах л байсан байх.

Харамсалтай нь өдгөө бүх зүйл урвуугаар эргэж, стратегийн ордуудаа хурааж аваад төр бизнес хийнэ гээд сууж байна. Энэ бол шившиг юм.
Засгийн газрыг огцруулахгүй байхын төлөө С.Баяр Х.Баттулга нар нааш харж инээн цааш харж уйлалдсаар, хэн хэн нь Л.Оюун-Эрдэнийн албан бус зөвлөх байдлаар асуудалд оролцож явааг улстөрийн хүрээнийхэн гадарлах байх. Гэвч Ухаахудаг руу шидсэн Х.Баттулгын чулуунаас болж С.Баяр буруу харчихлаа.
Тэр З.Энхболдод хандаж “Тавантолгой орд газрын тусгай зөвшөөрлийг Энержи ресурс компаниас төр хэлэлцээрийн үр дүнд буцаан авсан. Буцаан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг Үйлдвэр, худалдааны сайдад Засгийн газраас олгосон. Засгийн газрын хуралдааны шийдвэр Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл хэлбэрээр гардаг. Бүх гэрээ, шийдвэр одоо хүртэл ил. Гэхдээ манай Засгийн газар алдаа гаргаж. Төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд 100 хувь хүртэх ёстой байж. Тэгээд Үндсэн хууль, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай, Өмч хувьчлах тухай гэх мэт хувийн өмчийн тухай ойлголт бүхий бүх хуулийг хүчингүй болгох саналаа УИХ-д оруулах ёстой байж. Үгүй бол энэ Тавантолгой орд газрыг хувийн хэвшилд бүхэлд нь үлдээдэг байж, яршиг цаашаа” хэмээн бухимдлаа илэрхийлэв.
Н.Энхбаяр шиг хаанчлаагүй ч С.Баяр хүндэтгэл хүлээсэн сонирхолтой улстөрч байсан.
Ухаахудагийг өнөөдөр төрд авсан ч маргааш Х.Баттулгад өгчихсөн байж магадгүйг тэр сайн мэднэ…
MCS, Энержи ресурс руу дайрч буй бүлэглэлийн дараагийн бай нь Д.Амарбаясгалангийн нэр холбогддог Бортээгийн уурхай гэлцэж байна. Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн дүүгийн ашиг сонирхол бүхий компани ч баялаг бүтээгчдийн амсаж буй зовлонг тойрохгүй гэдгийг эх сурвалжаас хэлж байна.
Тэгэхээр энэ улсад бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг атлаа шүдэнд орсон мах, нүдэнд орсон хог мэт гоочлогдон, орон шоронгийн хаалга татаж ч болзошгүйгээр айдастай амьдарна гэдэг эмгэнэл юм.
Тусгаар улсаа дараагийн Венесуэлийн замаар харсаар суугаад гулсуулбал Ерөнхийлөгч нь гэх хоосон сэтрээр юу хийх билээ, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө!!!