Цагтаа цалгиж явсан MCS энэ цаг үеийн дайсан, хамаг муу муухайгийн хар овоохой болон зүхүүлж байна. Засгийн газартай ярьснаас MCS-ийн удирдлагуудтай уулзчихвал зорилго нь бүтдэг үе гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт байсан гэлцдэг. Э.Оджаргалын албан өрөөнөөс улстөр өрнөж, эдийн засаг хөдөлгөөнд ордог байсан гэх яриа саяхных. Харин өнөөдөр уруугаа харжээ. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй ээ гэж.
Хотын дарга асан Э.Бат-Үүл “Хууль ёсны бизнес, хувийн өмчийг улстөр эдийн засаг хуульчлах мэт аргаар дээрэмдэх нь эдийн засгийг тогтворгүй болгож байна. Үүнийг зогсоох нь Засгийн газрын үүрэг. Ерөнхий сайд үүнийг ойлгож байгаа болов уу” гэж жиргэсэн ч хувийн 20, бүлэглэлийн 50 жилийн нүүдлээ 2050 гэх тоон дор зурчихсан команд юунд ойлгохыг хүсэх билээ.
Эрх баригчдад эдийн засаг гэхээсээ улстөрийн ашиг хонжоо нэн тэргүүнийх байсаар ирсэн нь үнэн хойно.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замыг Хятадын Чайна Энержи компаниар гүйцэтгүүлэх гэрээнд гарын үсэг зурдгаа зурчихсан. Хоёр улсын дөхүүлээд дөхүүлээд шидчихсэн төмөр замыг холбосныхоо төлөөсөнд Хятадын тал Тавантолгой ордоос хоёр хэсгийг эзэмшиж олборлолт, тээвэрлэлтээ ч бүрэн хариуцна. Гэрээнд заасан хугацаанд Чайна Энержид өгч буй хэсэгт юу болж буй нь Монголын талд түй ч хамаагүй гэсэн үг. Гэхдээ эл төслийг эхлүүлэхийн тулд Энержи ресурстэй хэлэлцээрт орох шаардлага Засгийн газарт тулгарч байгаа.
Төрийн мэдлийн хэсгээс тасална гэх ч дээрх аж аж ахуйн нэгжийн бүлэглэлтэй ойлголцох шаардлага заавал тулгарна гэдгийг учир мэдэх эх сурвалжууд баталж байна. Тавантолгойг таллаж халааслах сонирхлоос үе үеийн Засгийн газрын огцрох эсэх асуудал яригдсаар ирсэн гэчихэд ташаарсан болохгүй.
Өнгөрсөн хугацаанд Энержи ресурс дангаараа болон Хятадын компаниудтай хамтран Чайна энержид өгч буй хэсгийг хөдөлгөх саналаа удаа дараа илэрхийлсэн ч З.Энхболд тэргүүтнээс эхлэн эсэргүүцсээр ирсэн. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон шалтгаан ч энэ байв.
Тухайн үед өмдөндөө шээх нь холгүй эсэргүүцэж байсан хүн нь Х.Баттулга. Херо Б.Баатарын гэх үзэл суртлын нэвтрүүлгүүд, өнөөх цэвэр цус, танк, цэргийн тойргийн тухай нэвтрүүлгүүд үүнийг батлах биз. Х.Баттулга MCS-ээс санхүүждэг гишүүдийг нэрлэж, тус компаниас байр авсан гишүүдийн нэрсийг АТГ-т гаргаж өгч байсан нь шударга үнэний туйл, Монгол ялна гэх чин сэтгэл нь гэвэл гэнэн, инээдтэй хэрэг болно.
Х.Баттулгын мэдээллийн мөрөөр шалгалт хийж, нэр бүхий нөхдөд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч Нийслэлийн Прокуророос хүчингүй болгосон тухай албан тоотыг АТГ-аас ирүүлсэн байдгийг уншигчид санаж буй биз.
Зургаан ч Засгийн газар дамнуулан Тавантолгой төслийг цогцоор нь хөдөлгөх хүсэл энэ мэт фэйлдэж явсаар өдгөө Л.Оюун-Эрдэнийн үед ийнхүү түлхэгдэж буй нь алга ташихаасаа илүү анзаарч зогтусах, дахин дахин хянах асуудал мөн үү гэвэл мөн. Учир нь херо Б.Баатар, А.Амундра тэргүүтэн өөрсдөө ил гарч хөтлөн чиглүүлсэн суртал ухуулгын нэвтрүүлгүүд хэрээс хэтэрч, MCS рүү чиглэсэн харлуулалт хязгаарыг давж буй нь эл бүгдийн цаана огт ондоо ашиг сонирхол нуугдсан, хэтэрхий сэжигтэй байгааг хэлэх хэрэгтэй. Үнэхээр л Монголд хэрэгтэй, Монголын эрх ашиг ялахаар гэрээ мөн юм бол бусдыг харлуулах, замын ноходтой хэрэлдээд явах шаардлага юу байна вэ?!
Улстөрийн талаас нь хөнгөхөн харвал Х.Баттулга хонзонгийн хорхой идсэн араагаа Л.Оюун-Эрдэнээр цэвэрлүүлж, MCS-гүйгээр Тавантолгойг хөдөлгөн шараа тайлж байх шиг. Гэхдээ энэ бүхний нь эцэст Монголд хожилтой юу хийгдэв гэдэг асуулт ирээдүйгээс ирэх нь гарцаагүй. Одоогийн байдлаар Чайна Энержийг төмөр зам холболтоор оруулж ирээд нүүрсээ олборлолт, тээвэрлэлттэй юутай нь тэр чигт нь атгуулчихаж байх шиг байна. Татварын орлого орж ирэх эсэх ч бүү мэд. Тэрбайтугай, Чайна Энержиг нүүрсээ ухаж дуустал холбосон төмөр замаар нь Монголын тал сэнгэнэтэл явж чадах уу, үгүй юү гэдэг учир битүүлэг үлдлээ?!
З.Энхболд бол хийгүй улстөрч. Үг үйлдэл нь нягт нямбай. Энержи ресурсийн мэдэлд байгаа Ухаа худагийг буцааж авна гэх тактикийг барив. Тухайн үеийн Засгийн газрын тэмдэглэлийг ил болгоод хууль ёсны эсэх маргааныг олон нийтийн сүлжээнд хаяад өгчихлөө. Олон нийт ч эл тэмдэглэлийг өдий хүртэл яагаад дэлгээгүй явав, хууль бус гэдгийг мэдсээр байсан юм бол тухайн үеүдэд нь гаргаж тавиад хураах, цуцлах асуудал ярихгүй яасан юм, хэзээ юунд ашиглахаар хадгалав, Л.Оюун-Эрдэнэтэй ял наймаалцахаар гаргаж ирэв үү гэхчлэн түмэн хардлага, буман шүүмж дагуулсан асуултыг цахим орчинд тавьж байна.
Ижил хэргээр буруутгагдсан атлаа З.Энхболд ялгүй үлдэж, Б.Энх-Амгалан ял сонссон нь энэ мэт асуултын эхлэлийг тавихад хүргэсэн байх.
Арга ч үгүй биз.
З.Энхболдыг цагаадсаны маргаашаас С.Баярын Засгийн газрын үеийн буюу 2008 оны баримт бичгүүд цахимд дэлгэгдэн MCS рүү сошиал орчин тэр чигтээ нулимж байхад ингэж хардахаас яалтай. Араас нь Үндэсний баялгийн сангийн заалтууд ялын тогтоол мэт уншигдаж, асуудал хариуцсан сайдууд нь сэхээнээс гарсан мэт гол дүр бүтээж байхад хэн үүнийг тохиолдол гэж харах билээ.
УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Тавантолгойг хөдөлгөх гэсэн МCS-ийн хөлд бул хар чулуу босгож байсан З.Энхболдын дүрийг мэдэх үеүд одоогоор амьд байгаа шүү дээ.
Гэхдээ улстөрийн ажиглагчдын зүгээс ял наймаалцах бус эсрэгээрээ Парламентад гарч буй ганц суудлын төлөө тохироо хийсэн байж болзошгүй гэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын гэм буруутайг шүүхээс тогтоосон.
Хуулийн 60 хоног дууссан ч түүний бүрэн эрх хэвээр буй нь бүлэглэлүүд эцсийн тохироонд хүрч чадаагүйн илрэл биз. З.Энхболд уу, Я.Содбаатар уу гэх хөзөр дээр тэд гацсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Тэрчлэн Тавантолгойн асуудал дээр Энержи ресурс буулт хийсэн байгаа нь Ц.Элбэгдоржтой холбоотой гэх асуудал ч эрчтэй яригдаж буй юм.
Засгийн газрыг огцруулах жагсаалтай зэрэгцэн Ц.Элбэгдорж Ч.Сайханбилэг тэргүүтэнг олж ирэх мини жагсаал зэрэгцсэн нь үндсэн жагсаалын эрч сулруулах төдий зүйл биш байж. Өдгөө тэднийг олж ирэх байтугай интерполоор эрэн сурвалжлах иргэдийн жагсаалтаас ч хасчихсан байгааг гэм зэмгүй, жам ёсны гэж үзвэл хөнгөн хэрэг болох биз.
П.Цагаан болоод Ачит Ихт компанийн асуудал ч өндрөө аваад намжсан нь Тавантолгойг хөдөлгөх бүлэглэлүүдийн тохироо ид явагдаж байсны илрэл болж таарах нь.
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг хоёр сар, 14 хоног хориод сулласан нь ч танхимын тэргүүлэгчийн сонгуулиас давж, хэн нэгэнд эрх ашгийн тоолуур гүйж эхэлснийг сануулсан сануулга байсан гэдгийг улстөрийн хүрээнийхэн хэлж байна.
Үргэлжлэл бий…