Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Бүрэн эрхт төлөөлөгчөөрөө томилох шийдвэр гаргачихаад Ерөнхий сайд урд хөршийг зорив. Төрийн албаны тухай хуульд Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч гэх албан тушаал, зэрэг дэв байхгүй ч Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэд хориг саад, хэм хэмжээ гэх зүйл нэгэнт үгүй болсон бололтой.
Түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон үеэс БЭТ гээчийг томилдог болчихоод байгаа. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Монголоос гадна Хөшигийн хөндийн нисэх буудлын бүтээн байгуулалт хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын бүрэн эрхт захиргааны дэд дарга гэхчлэн хуульд байхгүй зэрэг дэвт томилгоонууд хийгдэж, түүнийг нь дагасан түмэн төсөв урсаж байна.
Тосгоны хүүхдүүдийн аабан бээбэн шиг эл байдлыг даапаалсан улстөрийн хүрээнийхэн Ерөнхий сайдыг өөрийг нь Тусгаар тогтнолын ордонд, МАН-д томилогдсон МоАХ-ны БЭТ, Тавилан нэвтрүүлгийн тавигдаагүй дугаар гэлцэх болж. Тэрбайтугай, хотын дарга Х.Нямбаатарыг ч Х.Баттулгын тавиул, мөн МоАХ-ны БЭТ гэцгээх аж.
Х.Нямбаатарын хувьд асашёорюү Д.Дагвадоржтой ойр гэдгийг уншигчид эртнээс мэдэх биз. Д.Дагвадоржийн ах Д.Сумъяабазар ажлаа өгөхдөө намын дарга Л.Оюун-Эрдэнэд бус, ажлыг нь авч буй Х.Нямбаатарт ч биш, харин генсек асан Д.Амарбаясгаланд уурсч байсан.
Ямартай ч Х.Нямбаатарыг Х.Баттулгын БЭТ гэгддэгийн учрыг ухах гэхээс илүүтэй болж байсан явдлуудаас ор тас мартчихгүй байхад л бидэнд хангалттай биз.
2018 оны өвөл Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзах үеэр бие төлөөлөгчөөр нь ажиллаж байсан Д.Дагвадорж МАН-ын Сонгинохайрхан дүүргийн дарга нарыг өөрийнх нь хяналтад байдаг, санхүүжилт хөрөнгө мөнгө авдаг талаар үг алдсан хэмээн жиг жуг хийдэг. Д.Дагвадоржийн эл мэдэгдлийн дараахан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ихэд сандарч “Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл” хэмээн няцаагаад өнгөрсөн гэдэг.
Үүнээс өмнө, 2016.06.27-нд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байх үедээ Х.Нямбаатар “Их аварга Д.Дагвадорж дэмжиж ирлээ” гэсэн тайлбартайгаар цахим хуудаснаа зураг оруулж байсныг уншигчид санаж буй биз. Д.Дагвадорж ч нэр дэвшигч Х.Нямбаатарын сонгогчидтой хийх уулзалт дээр “Х.Нямбаатарыг бүгдээрээ дэмжье” хэмээн хэлж байгаа бичлэг цахим орчинд тавигдаж байв.
Харин өнгөрөгч 2024 оны орон нутгийн сонгуулийн үеэр Х.Баттулга Х.Нямбаатар нар төдийлөн таатай харилцаатай биш харагдсан. Үүнийг сонгууль ажиглагч нар хэлэхдээ Х.Баттулгын оролцоотой сонгууль бүрийн ДҮР тодотгодог тактик гэлцэж байв. Гэхдээ цаг хугацаа бүгдийг харуулдаг хойно МАН-ын дээд дунд доод бүх шатанд МоАХ-ны БЭТ бий гэх яриаг ийнхүү баталж нотлохоор улайрах нь илүүц биз.
Ямартай ч Х.Баттулгын Төрийн тэргүүнээсээ буухдаа гаргасан сүүлийн захирамж МАН-ыг татан буулгах байсныг мартвал аюул болно. Тэр захирамжаа Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр хүргэж өгч байсан хүн шүү дээ.
Тэгэхээр МАН-ыг МоАХ-ны БЭТ удирдаж байгаа гэх хошигнолыг наргиан болгоод өнгөрөөвөл хэтэрхий хөнгөдсөн хэрэг болж ч мэднэ. Тусгаар тогтнолын ордон Ардчиллын ордон гэгдэх цаг ойртож, МоАХ нүүгээд ирчихсэн юм шиг зүсэн зүйлийн хүн хөлхиж байдаг болсныг намынхан нь хэлж байгаа. Ямартаа АН-ын тамга МАН-ын даргын сейфэнд бий гэхэд цочирдох насан хүрэгчид алга.
АН-ын хувьд баруун төвийн гэж зүг чигээ тодорхойлдог ч өдгөө баруун зүүнээ ч ялгахаа больсон бололтой. Үзэл баримтлал, үнэт зүйлийнх нь талаар энэ намаас асуугаад ч хэрэггүй биз. Засгийн газрын эсрэг дуугарсан гээд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ж.Баярмаа тэргүүтэнг улстөрийн зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ гээд хээв нэг зогсч буй даргатай намаас юу ч асуултай билээ.
Харин 1990 оны их ардчиллын үнэ цэнийг ингэтэл үнэгүйдүүлсэн даргаасаа намын гишүүд нь асуух асуулт, тооцох гэм бишгүй бий байх.
Тэгэхээр АН-ын төдийгүй МАН-ын гол судсаар МоАХ-ны хөх цус гүйж байна.
МоАХ сүрхий юм. Тэд маш хол нүүхээр хачин тооцоотой тоглож байна. Одоо харин тэртэй тэргүй ил харагдах болсон нүүдлээ зарлаад, зүүн баруунгүй тараасан БЭТ-үүдээ илчлээд, удахгүй эхлэх Ерөнхийлөгчийн сонгуулийн суурь сурталчилгаандаа итгэл төгс алхаад орчихмоор юм дөө.
Хэн хэндээ, хаана хаанадаа ч амар биз.