Сар шинийн өмнө ээлжит бус чуулганы хуралдаан зарлахаар төлөвлөжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д энэ сарын 13-15-ны өдрүүдэд айлчилж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурна.
Зөвхөн төмөр замын хил холбох асуудал биш, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван цогц асуудал гэсэн үг.
Хоёр улсын Засгийн газар гэрээг үзэглэсний дараа УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцэх тул Ерөнхий сайдыг эх орондоо ирсний дараа тийнхүү ээлжит бус чуулган хуралдах тов гишүүдэд хүргэгдсэн бололтой.
Ч.Лодойсамбуугийн албан бланк дээр 32 гишүүний гарын үсэг зурагдсан тохиолдолд асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх тов ч мөн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичигт Ж.Баярмаагаас гадна Ө.Шижир гарын үсгээ зурна гэсэн нь олныг гайхшруулаад байгаа. Х.Баттулгын дэргэдээс нэг өдөр ч холдож үзээгүй Ө.Шижир Засгийн газрын тэргүүний эсрэг зогсож, С.Баярын үед үзэглэсэн Тавантолгойн ордын асуудлаар асуулга тавьсан нь яах аргагүй улстөрийн ээлжит драм шиг харагдаж эхэлсэн нь үнэн.
Алдарт 15 давхар дахь херо Б.Баатар Х.Баттулгаас зам саллаа гэвэл нар баруунтаа мандаж нохойн сүүлэн дээр цэцэг ургах гээч болох биз. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн эсрэг Ө.Шижир гарын үсэг зурна гэдэг зогтусам мэдээлэл.
Гэхдээ чуулган завсарласан байгаатай холбоотойгоор Ч.Лодойсамбуугийн албан бичиг гишүүдийг хүлээсэн байдалтай байгаа. Засгийн газрыг огцруулах жагсаал ч утга учраа алдав. Асуудлыг асуудал биш болгох, уусган сарниулах замаар дарангуйлал руу аажим орж буй нь дараалсан үйл явдал, нөхцөл байдлуудаас ч хангалттай харагдаж байна.
Энэ удаагийн жагсаалын зартай зэрэгцэн баруун талд нь “No Ц.Элбэгдорж, No Ч.Сайханбилэг” гэх бомбооролдсон хар ажиллагааг Х.Алтаншагай тэргүүтэй МАН-ын хурган төлөөлөгчид зохион байгуулав. Зөв зүйтэй харагдсангүй.
Мань эр “Засгийн газрыг огцруулна гэдэгтэй санал нийлэхгүй байгаа учир иргэн хүний хувьд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд жагсаал зохион байгуулж байна. Төмөр замын холболт хийгдэж, дундын ямар нэгэн компани оруулахгүйгээр гэрээ байгуулах гэж байгаа үед Засгийн газрыг огцруулах жагсаал хийнэ гэдэг харамсалтай. Монголын ирээдүйн төлөө энэ төслүүд хөдлөх ёстой” гэсэн тайлбарыг хийсэн ч олон нийт эл жагсаалын ард Засгийн газрыг байгаа хэмээн буруутгаж байв.
Нүүрс олборлолт, тээвэрлэлтээ хил холболт нэр дор өгч байгааг УИХ-ын гишүүд хангалттай сануулж хэлсэн ч хариуд нь харлуулж баалуулсан мэдээгээр гөвүүлсээр амаа хамхилаа.
Энэ өдрүүдэд Ухаахудгийг төрийн мэдэлд авах асуудлыг босгож ирсэн нь ч санаандгүй хэрэг биш.
Ерөнхий сайд асан С.Баяр “Сонин юм. Боловсрол мэдлэгтэй гэж бодож явсан залуус гэнэт сонин болоод байхчив. Хөсөг хөдөлгөөд эхэлсэн Засгийн газраа огцруулна гэх. Нөгөө нь Засгийн газраа огцруулахгүй гэсэндээ хөндлөн, дээрмийн юм ярьж байх. Хуулиа уншаагүй дээр улстөрөө яаж хийх учраа олохгүй яваа юм болов уу. Сонсгол нэмэр багатай шиг. Тэгснээс 2008 онд Ерөнхий сайд байсан намайг АТГ, цагдаа, шүүхэд өгсөн нь дээр. Улсаа яг ямар философи дээр хөгжүүлэх гээд байна даа, залуус аа” хэмээн учрыг эс олон жиргэж суух.
Ямартаа ч Ерөнхий сайд урд хөршийг зорино.
Түүнийг ирсний дараахь ээлжит бус чуулганаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээс гадна Засгийн газраас өргөн барих Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн нь ажил хэрэгч гэхээс илүүтэй олны анхаарлыг олон зүгт чиглүүлэх сценари шиг сонсогдож буй нь үнэн.
Эрдэнэс Тавантолгойн хувьцааны мөнгийг энэ сарын 20-ноос олгох төлөвлөгөө бийг ч албаны эх сурвалж хэлж байна.
Тэгэхээр сар шинийн амралтын өдөр хэд хоног байх, хувьцааны ногдол ашиг, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх сэдэв тойрон хэрэлдэж байх зуурт Чайна энержитэй нүүрс олборлох, худалдах, тээвэрлэх асуудлыг батлангаа Ухаахудгийг Энержи ресурсаас салгах ээлжит “дээрэм”-ийн эхлэлийг тавьж мэдэх нь.
Засгийн газрыг огцруулах албан бичиг амжилт олохгүй гэх таамаглалыг улстөрийн хүрээнийхэн хэлж байгаа. Учир нь утааны асуудлаар Ерөнхийлөгчийг хөдөлгөөнгүй болгосон гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна. Утааны сонсголын цөм нь Тавантолгой түлш компанийн санхүүгийн тайланд голлосон бөгөөд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас эхлэлтэй Тавантолгой түлш компанийг шалгасаар олон но илрүүлсэн юм байх. Тэрчлэн тус компанийн гүйцэтгэх захирал асан М.Ганбаатараас эхлээд гол хүмүүсийг сонсголд дуудаагүй нь Төрийн тэргүүнтэй хийсэн тохироотой холбоотой гэлцэж буйг энд дурьдалгүй орхивол хайран.
Сайжруулсан түлшний хаана алдаа гарч, хэрхэн мөнгө угаагдсан зэрэг асуудал хөвөрсөөр Л.Оюун-Эрдэнийн гэхээсээ У.Хүрэлсүхийн Засгийн газартай илүүтэй холбогдож, зарим хэсэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөлөл ч орж ирсэн тул хэн хэн нь чимээгүй хойш сууж, хөзрийн моддоо нуухад хүрсэн гэгдэж байна.
Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг энд тайлбарлах нь хэтэрхий нуршуу болох тул дараагийн дугаараар хүргэх нь зүй юм. Тавантолгой түлш компанийн гүйцэтгэх захирал асан М.Ганбаатарт холбогдох фактийг эх сурвалжаас ирүүлсэн баримтад тулгуурлан хүргэнэ.
Үргэлжлэл бий…