Хариуцагч нь Засгийн газар болж болзошгүй үхэл хагацал, осол бүрийн араас хохирогчийг архичин, хулгайч, адгийн шаар байсан гэх увайгүй харлуулалт заавал явдаг боллоо. Гэхдээ итгэдэг, дагаж зүхдэг байсан иргэд хэрсүүсэж Л.Оюун-Эрдэнийг эрх мэдэлд, сандал суудалдаа үлдэхийг хүссэндээ эл жигшим суртал ухуулгыг хийлгэж байна хэмээн хардах нь дийлэнх болж. Арга ч үгүй биз. Иргэдийн амьдрал үгээгүй ядуу руу шааригдаж, зундаа үер ус, өвөлдөө утаа угаарт амь хохирогсдын тоо нэмэгдсээр байхад хэн хэрхэн зөвтгөх билээ. Ерөнхий сайдаар нь авч үлдэх олигтойхон шалтаг олоод хэлж буй иргэд ч сошиал орчинд тун цөөн харагдаж байна.
Яагаад юм бол… Түүнийг үлдээх, хамгаалах бодитой хариулт үгүй гэж үү?!
2021.01.25-ны өдөр 41 насандаа Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдож байсан тэрбээр Засгийн тамга гардахдаа юу амлаж, түүнээсээ юуг нь биелүүлж, хэрэгжүүлж яваа билээ. Олж харах гээд, огцруулахгүй байх шалтгаан хайх гээд өнгөрсөн онуудыг, өнгөрсөн үйл явдлуудыг цухас сөхье.
ТЭР ЦАР ТАХЛЫГ ХЭРХЭН ТУУЛУУЛАВ
Цар тахлыг даван туулахдаа Нийслэлийн удирдлагуудтай гар нийлж ажиллаж чадаагүй гээд товчхон хэлчихвэл ташаарсан дүгнэлт болохгүй байх. Хэт сүржигнэл, харалган, бие биесээ үгүйсгэсэн шийдвэрүүдийн балгаар иргэд асар их хохирол амсч, эмнэлгийн тусламж авч чадалгүй авто машиндаа нас барсан тохиолдол ч гарч байв.
Засгийн газрын тэргүүний хувиар хамгийн түрүүнд вакцинд хамрагдлаа хэмээн вакцины суртал ухуулга хийсэн. Тэрбээр AstraZeneca вакциныг хийлгэсэн.
Харамсалтай нь Их Британийн эм үйлдвэрлэгч AstraZeneca компанийн ковидын эсрэг вакцин цусны бүлэгнэл үүсгэх эрсдэлтэй гэгдэн, хохирсон иргэд хуулийн байгууллагад хандсанаар тухайн компани вакцин худалдах, хэрэглэх зөвшөөрөл хүссэн хүсэлтээ эргүүлэн татсан байдаг.
Монгол Улсын Засгийн газрын тухайд 2021 оны зургаадугаар сард КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 48 мянган тун АстраЗенека AZD1222 вакциныг хүлээн авч байв.
Амстердам дахь “Vrije Universiteit”-ийн хийсэн судалгаагаар 2020.01.01-2022.12.31-ний хооронд 47 улсад нийт 3,098,456 хүн нас барсан бөгөөд үүнд вакцин хамгаалсан гэхээс илүүтэй сэжигтэй явдлууд олон бүртгэгдсэнийг судлаачдын тэмдэглэлээс харж болно. Тухайн үед Монголд ч вакцины сөрөг нөлөө бүртгэгдэж эхэлсэн боловч Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас эрс үгүйсгээд зогсохгүй хоёр болон гурав дахь тундаа хамрагдсан иргэдэд мөнгө тараах замаар урамшуулж байсныг бид мартаж болохгүй юм.
Өдгөө ковидын эсрэг гэх вакцины хор нөлөөг дэлхий нийтээр ярьж, түрүүчээсээ вакцин сурталчилж ухуулж байсан нөхдийг буруутган, хариуцлага хүлээлгэх талаар яриад эхэллээ.
ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭСЭН ҮҮ?
Цар тахлын улмаас уналтад ороод байсан эдийн засгаа сэргээж, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ гэж байсан ч эсрэгээрээ үндэсний томоохон компаниудтай “дайн” зарлачихсан гэхэд хилсдэхгүй. Хөтөл цемент шохойн концессийг цуцалж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросуудаас олж ирээд байсан Д.Эрдэнэбилэгийг үндэсний “дайсан” шахам болгож харлуулав. Монполиметийн Ц.Гарамжав, баян Р.Базараа тэргүүтэнг ч буруутгах шалтаг шалтгаан тойрсонгүй.
Бүхий л төрлийн татварыг шат дараатай нэмснээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үүдээ барьсан. Монгол Улсад 247 мянган хувийн аж ахуйн нэгж бүртгэгдсэн байдгаас өнөөдрийн байдлаар ердөө 40 хувь нь үйл ажиллагаа явуулж буйг татварын тайлангаас харж болно.
Дотоодын аж ахуйн нэгжүүд цагдаа, шүүх, татварын босгоос дөнгөтэй болсноор Монгол руу урсах хөрөнгө оруулалт ч саармагжсан байх. Ямартаа төсөв батлах үеэр бүсээ чангалах хэрэгтэйг сануулж, Хэмнэлтийн хууль хүртэл батлан дагаж мөрдөхдөө тулж байхав.
ДУНДАЖ ДАВХАРГАГҮЙ УЛС
Дундаж давхарга устсан гэчихэд хатуудахгүй биз.
Өрхийн бодит орлого буурч, амьжиргаа доройтож байгааг Эдийн засаг, хөгжлийн яам хүлээн зөвшөөрсөн. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт өр зээл тавих үндсэн шалтгаан болсныг эдийн засагчид хэлж байна. Уг нь улс орны эдийн засгийн тогтвортой өсөлт, хэрэглээний эдийн засгийн цөм нь дундаж давхарга байдаг ч манайд энэ давхарга устаж үгүй болоод баян ядуу гэх хоёр бүлэгтэй л болчихоод буй нь үнэн.
ХУДАЛД ГҮЙЦЭГДСЭН ҮНЭН
Хөгжлийн банкны гэх хэргээр Л.Оюун-Эрдэнэ нам доторх дайснуудаа номхтгосон байх. Нүүрсний гэх хэргээр ч ял авсан хүн одоогоор алга.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал Ч.Ганхуяг тэргүүтэн албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйлчлэлээр яллагдсанаас бус нүүрсний гэх тодотголтой 40 их наядын хэргээр буруутгагдаагүй.
Анх энэ хэргээр 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024.01 дүгээр сард сүр дуулиантай эхэлж, 15 хоног үргэлжлэн шийдвэрээ гаргасан ч бүгд албан тушаалын байдлаа урвуулсан, авлига авсан гэмтнүүд болж хувираад нүүрс авсан, хулгайлсан, авлига өгсөн, албан тушаалаа урвуулан ашиглахад хүргэсэн этгээдүүд нь ил гаралгүйгээр нэг тийш болж байна.
5Ш АЖИЛЛАГАА ТАЛИЙЖ ОДСОН НЬ
Авлигачидтай тэмцэх 5Ш ажиллагаа Т.Бадамжунайгаар эхлээд Т.Бадамжунайгаар төгссөн байдалтай байна. Баривчилгаа гэхээс илүүтэй нас өндөр болсон өвгөнийг нутагт нь авчирсан сайн үйл гэж харагдвал зохих биз.
Ураны гэрээг үзэглэхэд авлига авсан гэгдэх албан тушаалтан Засгийн газарт, Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь хамар дор ажиллаж байна гэхээр юу ч гэлтэй билээ.
Ер нь ч энэ Засгийн газар авлигатай тэмцэх бус хамтарсан Засгийн газар гэх нэр дор өөрсдөө бусдад албан тушаал, эрх мэдэл хуваарилах байдлаар “авлига” өгөөд байна уу гэмээр харагдаж буйг хэлэх хэрэгтэй. Парламент сөрөг хүчингүй болж, Засгийн газрыг шүүмжлэх хэвлэл байтугай боргох нохой ч байхгүй болсон нь үнэн хойно.
ИШТЭЙ ЧИХЭР ШИГ ДАНХАЙСАН ЗАСАГ
Засгийн газрын бүтэц өнөөдрийнх шиг тэлж, данхайж байсан түүх үгүй.
Өнөөдрийн байдлаар 16 яам 22 сайдтай, дээр нь нэмээд элдэв хөтөлбөр хариуцсан үй олон дарга, төлөөлөгчид нэмэгдсээр байна. Төрийн гэх тодотголтой үр ашиггүй аж аж ахуйн нэгжүүдийг татан буулгана гэсэн атлаа эсрэгээрээ нэмж, Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг хүртэл ажлын байраар хангачихсан байгаа.
Ингэтэл данхайж, нүсэрдсэн атлаа иргэдийн зовлонг багасгаж чадахгүй хэвээр. Засгийн газрын заавал түл гэж шахсан түлшнээс угаартаж нас барагсдын тоо 1000 руу дөхөж байхад эмгэнэл илэрхийлж, хариуцлага ярилгүй дөрвөн хаврыг үдэж байна. Сайжруулсан нэрт шахмал түлш ярихаар автор нь У.Хүрэлсүх тул Ерөнхийлөгч огцор гэх өнцөг рүү гулсуулаад сарниулчихдаг хэсэг бүлэг тролл арми бий болоод удав. Автор нь У.Хүрэлсүх байлаа ч алдаа байвал засч залруулах, шинэчлэн сайжруулах хангалттай хугацаа энэ Засгийн газарт байсан. Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар утааны эсрэг, угаарын эсрэг, иргэдээ энхийн цагт эрсдэлгүй амьдруулахын төлөө яг юу хийв?!
… Энэ мэтчилэн харвал Л.Оюун-Эрдэнийг сайн ажиллаж буй Ерөнхий сайд гэж хэлэх нь учир дутагдалтай юм. Түүнийг үлдэх, үлдээх ёстой гээд өмөөрөх, өмөлзөх шалтаг шалтгаан хангалттай алга.
Түүнийг, түүний тэргүүлсэн танхимыг огцрохыг шаардсан жагсаал маргааш болно. Харин Засгийн газрын зүгээс бухимдсан иргэдийг жагсаалд ирүүлэхээс сэргийлж дансанд нь ЭрдэнэсТавантолгой ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн хоёр дахийг өнөөдрөөс тарааж байж мэдэх л юм. Жагсаалыг жагсаал биш болгох хүсэл Л.Оюун-Эрдэнэд байж л таарах биз. Өт хүртэл биедээ хүрэхээр атирдаг нь жам хойно.
Төрийн ордонд Ерөнхий сайдыг огцруулах ажлыг Ч.Лодойсамбуу хийж таарна. Түүний албан бланкан дээр гарын үсэг цуглуулах ажиллагаа явагдах ч чуулган завсарласан энэ өдрүүдэд амаргүй л байна байх.
Тэгэхээр Засаглалын хямрал нүүрлэж, иргэдийнхээ өмнө зоригтойхон гарч ирээд эмгэнэл илэрхийлчихэж чадахгүй болтол эмх замбараагүй болсон энэ улсад Төрийн тэргүүний хатуу үг, хариуцлагын шанаа л нэмэр болох болов уу.
Тэртэй тэргүй ах зах, дүрэм журамгүй болсон хойно, яалтай билээ.