Улсын цахим хөгжлийг Петровисын хүргэн “чиглүүлдэг” гэв үү?

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны бодлогыг “би чадна”-чууд зангиддаг талаарх хов жив ордноос халиад сошиалд үзэгдэх болов.  

Петровис компанийн үүсгэн байгуулагчдын нэг Чойндонгийн Даваанямын том охин Д.Энхчимэг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам орчмын, түүний гэр бүлийн хүн М.Халиунбат Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам тойрсон “би чадна”-чуудын нэг юм байх.

Энэ талаарх мэдээлэл цахим орчинд үзэгдэх болсонтой холбогдуулаад М.Халиунбатын хэвлэлд өгч байсан ярилцлагаас иш татан саная.

Тэрбээр НИТХ-ын төлөөлөгч болохынхоо өмнөхөн, 2016 онд “Кроны капитализм буюу улстөржсөн бизнес, бизнесжсэн улстөр сонгодог утгаараа бий болсон. 26 жил хийсэн зүйл маань ерөөсөө л кроны капитализм. Улстөртэй холбогдохгүй бол бизнес явдаггүй, улс төрийнхөн нь бизнестэй ямар нэг байдлаар холбогдож байр сууриа хадгалж үлддэг тогтолцоог кроны гэж онцлоод байгаа юм” хэмээн ярилцлага өгч байв. Харамсалтай нь тэр өөрөө төд удалгүй Кроны капитализмдаа хөл тавьсан гэхэд хатуудсан болохгүй байх.

Улс төрд орж “ухаалаг Улаанбаатар” төслийн ажлын хэсгийг ахлан улмаар Э.Бат-Үүлийн үед хэрэгжсэн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн амар заяаг үзүүлэлгүй шүүмжилж явсныг мартахаар хугацаа болоогүй байна. Энэ талаар тухайн үеийн НИТХ-ын төлөөлөгч нар М.Халиунбат өөрөө “Улаанбаатар смарт карт”-ийн орон зайд суух санаархал агуулсан бизнес төлөвлөгөө боловсруулчихаад барьж гүйсэн гэлцэж байв.

Скайтел Таванбогд НИК зэрэг Монголын томоохон компаниудыг дамжин 10 гаруй жил дунд дээд албан тушаалд ажилласан мань эр цахим системд гаршсан нэгэн.

Петровисын Redpoint үйлчилгээнээс эхлээд түүний автортай систем цөөнгүй. Өдгөө тэрбээр “Монгол Айди” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд тус компанийн Монгол Айди нэгдсэн бүртгэлийн систем ашиглан санхүүгийн бүх төрлийн төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлдэг Мину PОS систем нь хэрэглэгчдийн мерчантийн гүйлгээг 24 цагаас дээш хугацаагаар саатуулдаг, энэ хугацаандаа мөнгө угаадаг байж болзошгүй гэх гомдол мэдээллүүд гарч, гомдлын мөрөөр хууль хяналтын байгууллагаас ажиллаж эхэлсэн мэдээлэл бий.

Мерчантын гүйлгээг 24 цагаас дээш хугацаагаар саатуулдаг гэх асуудалд Монголбанкны зарим нэг ажилтан холбоотой байж болзошгүй талаар ч эх сурвалжаас хэлж буй юм. Энэ талаарх гомдол мэдээлэл хууль хяналтынхны хараанд орсон бол тун удахгүй баримт факттайгаар дэлгэрэнгүй болох биз гээд энд түр орхиё.

Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг бодлогын яам гэхээсээ М.Халиунбат гардан гүйцэтгэх болсон гэх өөр нэг шуум сонсогдох болсон нь яах аргагүй анзаарч сонирхох өнцөг. НИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байсан Ц.Сандуйг албан тушаалаас нь буулгахаар 16 төлөөлөгч гарын үсэг зурсны нэгд мань эр багтаж байсан бөгөөд эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь бүхлээрээ багтдаг гэгчээр НИТХ-ын дарга, эс бөгөөс хотын даргын сэнтий рүү байсхийгээд түлхүүрдүүлдэг нь нуугаад байхаар мэдээлэл биш байх. Түүнд аль ч албан тушаал нь алсын мөрөөдөл хэвээр үлддэг ч гэлээ нийслэлийн цахимтай холбоотой бүхий л асуудлын цөмд ажилласаар ирсэн.  

У.Хүрэлсүхийг засаглах үед “Цахим бодлогын зөвлөл”-ийг тэргүүлж, Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлахад мань хүн голлох үүрэгтэй оролцож байв.

Хотын даргын нэгдүгээр орлогч гэх давхар албан тушаалтан болж явсан тэрбээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Н.Учрал удирдах үед дэргэд нь байсан бөгөөд өдгөө Ц.Баатархүүгийн үед ч “би чадна”-чуудын нэгээр үлдсэн гэгдэж байна.

Үнэн бол харамсалтай хэрэг.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбар улс орныхоо хөгжлийн өмнө түүчээлэн алхах гэж буй бол энэ мэт эртний хүмүүст хайрцаглагдалгүй урагшлах ёстой юм.

Орчуулах »
error: Content is protected !!