УИХ-ын даргыг солих тухай мессеж цахим орчинд түгэхтэй зэрэгцэн Д.Амарбаясгаланг элдэвлэсэн, зохион байгуулалттай гэмээр жиргээ твиттерийг түймэрдэх шахаж байна.
Чуулган завсарлан гишүүд тойрог тойрог руугаа явж, тайлангаа тавьж буй байнгын хороод, утааны сонсгол хоёрыг эс тооцвол улстөр унтаарсан байдалтай байгаа. Харин үйл явдал, үймээн шуугиан түр намжсан цагаар утааны сонсгол хийж байгаа нь үе үеийн хотын удирдлага, тэр дундаа Шадар сайд С.Амарсайхан Д.Сумъяабазар нарын ажиллаж байсан үеийн баримт факт руу олны анхаарлыг зориуд чиглүүлэх гэсэн шиг харагдаж буй нь үнэн. Гээд амжилт муутай л байна.
Ямартаа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Утааны сонсголоор эрдэмтдийн мэдээлэл зөрж байгаагийн цаана нэг хүн команд өгч удирдаад байна. Эрдэмтдийн дүгнэлт бөөрөнхий, худлаа. Би хувьдаа шинжээчдийг дарамталсан гэж үзэж байгаа. Команд өгөөд байгаа хүнийг олмоор байна” гэж байхав.
Сайжруулсан түлшний ард тээврийн бизнес явагддаг талаар УИХ-ын гишүүн Г.Ганбаатар тэргүүтнээс эхлээд дээр доргүй ярьж байна. Тэрхүү тээвэр нь Спикерийн гарт байдаг тухай ярьж буй ч одоогоор баталж нотолсон нөхөд алга. Энэ мэт байдлаас сүүлийн үеийн үйл явдлууд Д.Амарбаясгаланг муухай харагдуулахад чиглээд буй бололтой. Элдэв таагүй мэдээллүүд ихсэх нь чирээд унагахгүй ч чимхээд авах ажиллагааны эхлэл болдог болохоор тэр элдэв шалтаг хэлээд УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргавал гайхаад байх юм алга.
Херо Б.Баатар “Чухал сэдэв” гэх нэвтрүүлэг удахгүй цацагдах талаар ярьсан.
Баялгийн сангийн тухай хуулийг сурталчлан таниулах зорилго бүхий гэж буй ч хаврын улстөр хавсаргатай байхын илэрхийлэл биз. Түүний өрөөнөөс Монголын улстөр өрнөж, сайд дарга нар зааварчилгаа авдаг болсныг УИХ-ын гишүүд ээлж дараалан мэдэгдэж, “Буян”-гийн Б.Жаргалсайхан бататгасан шүү дээ.
Б.Жаргалсайхан “Би Б.Баатарыг олон жилийн өмнөөс танина. Л.Оюун-Эрдэнийн ах. Яагаад ах дүү хоёр уулзаж болдоггүй юм. Оффис дээрээ улс орны ажил хэрэг ярьж болохгүй юу. Би тэр Гэрэгэ таурын 15 давхарт очиж байсан, юмхнаар юм хийх гэж босгосон, хэдэн карказ зангидсан газар байна лээ” гэхэд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Та насны эцэст биеэ үнэлж амьдрахаа боль” хэмээн ундууцаад авна билээ.
Ордон тойрсон эл шуугиантай зэрэгцэн Х.Нямбаатарын эргэн тойронд томилгоо өрнөж байна.
АН ХҮН-ын төлөөллүүд хотын даргын орлогч нэр дор Д.Сумъяабазарын хүмүүсийг шахаж эхэлсэн. Х.Нямбаатарыг хотын дарга болгохын тулд Д.Сумъяабазарт тойрог амласан Л.Оюун-Эрдэнэ хэлснээсээ буцаад зогсохгүй зайгаа барьж, зугтаж эхэлснийг ойрын нь эх сурвалжаас хэлж байгаа. Д.Сумъяабазарын оронд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн нийслэл дэх нөлөө өсч буй юм байх.
Харин Э.Бат-Амгалан Д.Амарбаясгалан нарын харилцаа 2016 оны НИТХ-ын сонгуулиас хойш таарамжгүй болсон.
Баянзүрх дүүргийн ИТХ-д МАН АН-ын аль нь олонхи болохоо мэдэхгүй бужигнаж, дүүргийн сонгуулийн хорооноос МАН-ыг олонхи болсон гэх тогтоол гаргаснаар Засаг даргаар Э.Бат-Амгалан томилогдож байв. Үүнийг АН эсэргүүцэн Баянзүрх дүүргийн Тамгын газарт гурил, будаа цацлан хэсэгтээ бужигнасан. Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилсны маргаашаас шүүхийн шийдвэрүүд гарч МАН-аас Баянзүрх дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид ээлж дараалан татагдаж, улмаар АН олонхи болсноор Засаг даргаар Д.Пүрэвдавааг томилж байв. Тэр үед ганцхан хоногийн настай Засаг дарга байсныхаа төлөө Э.Бат-Амгалан намын генсек Д.Амарбаясгаланд уурсч, тэр хилэн нь өнөө хэр арилаагүй яваа нэгэн.
Арга ч үгүй биз.
2024 оны УИХ-ын сонгуулийн дараа Э.Бат-Амгаланг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар томилох саналыг оруулж Л.Оюун-Эрдэнэ дэмжсэн ч Д.Амарбаясгалан эсэргүүцсэн гэдэг.
Баянзүрх дүүргийн баарны эзэн гэгддэг тэрбээр өдгөө Нийслэлийн харьяа Улаанбаатар зам засвар арчлалтын газарт “эзэн” суучихсан гэгдэж байгаа. Тус газрын дарга Б.Галхүүг улстөрийн хүрээнийхэн түүний хүн гэлцдэг.
Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгч, “Нийслэлийн нутгийн захиргааны цолцолбор барилгын ашиглалтын өмнөх захиргаа” УТҮГ-ын дарга Б.Батсайхан, Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Баярмөнх, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан гурвыг эрх ашгийн хувьд нэг нэгээс нь салгаж ойлгох боломжгүй гэлцдгийг ч энд дурьдахад илүүдэхгүй биз.
НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн, Н.Баярмөнх Засаг дарга болж, Д.Батсайхан нь “Нийслэлийн нутгийн захиргааны цолцолбор барилгын ашиглалтын өмнөх захиргаа” УТҮГ-ын даргаараа үлдмэгц ажилгүй хоосон хоцроод байсан Б.Галхүүг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын даргаар зүтгүүлэн томилуулсан гэх утасны үзүүр бий. Хөвөрдөхөд нэлээд юм гарах тул жич өгүүлэх нь зүй биз.
Н.Баярмөнхийн Удирдах зөвлөлийн даргаар нь бүртгэлтэй Монголын цамцгүй, хэвтээ шахалтын холбоо гэх төрийн бус байгууллагад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хаяглагдаж явсан удаатай бол Б.Галхүү 2016 оноос хойш Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажилласан нэгэн.
2020 онд Баянзүрх дүүргийн ИТХ-д МАН-аас нэр дэвшээд өвдөг шороодсон түүний удирдлагаар ханган ажиллуулж буй компани төсвийн мөнгийг хэрхэн урсгаж, удирдлагууд нь эсэргээрээ хахаж цацтал хэрхэн хөлжиж байгаа талаар хангалттай олон баримтыг дараагийн дугаарт хүргэх тул энд түр орхиё. Харин Д.Амарбаясгаланг харлуулах кампанит ажилд мань Б.Галхүү уухайлан оролцдог гэх намынхны нь жиг жугийг энд орхигдуулбал хайран хэрэг болох биз.
Ямартай ч Сонгинохайрхан дүүргээс дутахааргүй хүн амын нягтаршил ихтэй Баянзүрх дүүрэгт хотын дарга анхаарал хандуулж байна. Зөв ч биз.
Гэхдээ үүнээс чухал нь хаврын чуулганы эхэнд шинэ Спикерийн сураг дуулдах талаар өнөөх өндөр оффисоос мэдээлэл гадагшилсан байгаа нь сонирхол татаж байна.
Үргэлжлэл бий…