Сүр сүлдгүй генсекийн гар дахь МАН-ын хувь заяа

Хашааны хоёр талаас бие биенээ тас татах шахан хуцаж байсан ноход хаалга онгойлгонгуут буцаад яваад өгч буй бичлэг цахим орчинд тавигдсаныг олон хүн үзсэн байсан. Хүнээр бол У.Хүрэлсүх Х.Баттулга хоёр шиг юм уу даа.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн мань эрс яг л тийм байв. Гэхдээ эв эеэ тасчиж хаяагүй ээ.

Генсек байхдаа Н.Энхбаярт намаа зэрэмдэглүүлээд УИХ-ын сонгуулиар бүлэггүй шахам болтол унагаасны гэмийг намынхан нь У.Хүрэлсүхэд хаяглаж, хариуцлага нэхэж байсан цагаас нийтлэлийн санааг эхлүүлье. Тухайн үед Г.Баярсайхан гишүүн чуулганы хуралдаан дундуур түүнийг өдөн шанаадуулсан далимаар хилийн дээс алхан, улстөрөөс зугтах шахам хөндийрсөн байв. Гэвч тэр Шадар сайд болон эргэж ирсэн. Түүнийг авчирсан хүн нь Х.Баттулга гэлцдэг бөгөөд холбогч нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болчихоод байгаа Я.Содбаатар байсан гэдэг.

Х.Баттулга Я.Содбаатар нарыг хэдийнээс ойр болсныг улстөрийн хүрээнийхэн төдийлөн анзааралгүй өдий хүрсэн. Зам тээвэр, МИАТ, нислэгийн үеийн хоол хүнс нийлүүлэлт гээд олон зүйлээр ойрхон явж ирсэн тэдний тухай жич өгүүлэх тул энд түр алгасъя.

Харин физикч мэргэжилтэй, ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байсан Я.Содбаатар У.Хүрэлсүхийг Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч болох үеэс дэргэдээс нь холдоогүй байдаг. Алдарт казиногийн хэрэгт хамтдаа оролцсон гэх гэм ч тэднийх.  

Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАН орж, У.Хүрэлсүх Шадар сайдаар эргэн ирсэн үеэс У.Хүрэлсүх Х.Баттулга нарын нөхөрлөл эхэлсэн гэлцдэг.

2016 оны сонгуулиар МАН олонх болж Ж.Эрдэнэбат Засгийн газрыг тэргүүлэв. Энэ үед МАН-ын дотоодод өрнөсөн хувьсгал, УИХ-ын дарга болоод Ерөнхий сайдыг унагах операцийг Х.Баттулга У.Хүрэлсүх тэргүүтэн хамтран хийж, улмаар Засгийн эрхийг авсан гэгддэг бөгөөд тухайн үеийн үйл явлууд ч тийнхүү таамаглахуйц байсан биз. Шадар сайд У.Хүрэлсүхийн херо Б.Баатартай ярилцсан видео бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тарснаас эхлүүлээд хардагдах олон л үйл явдал өрнөж байв. У.Хүрэлсүхийг Ж.Эрдэнэбат тагнаж чагнасан гэгдэн хэсэгтээ л кино зураг шиг кадрууд нийгмийн сүлжээнд түмний нүд чихийг дэлдийлгэж байсныг мартвал хайран биз.

Ийнхүү МАН-ыг гартаа оруулахад У.Хүрэлсүхэд Х.Баттулга, херо Б.Баатар нар тусалж, тусын хариу шанд Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүх намынхаа эсрэг ажилласан гэгдэж байв.

Ердөө өчигдөр, уржигдархны асуудал шиг гурав дөрөвхөн өвлийн өмнөх дуулиан шуугианууд шүү дээ.  

У.Хүрэлсүх Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулахдаа Х.Баттулга Я.Содбаатарыг онцлон хамтран ажиллахаа илэрхийлж байсныг тухайн үеийн хэвлэлийн хуудас сөхөхөд хангалттай.

Физикч инженер нөхрийг Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо хэмээн шуугиад удалгүй Я.Содбаатар ЖДҮХС-гийн асуудалд нэр холбогдон чөлөөлөгдөж байв. Тэрбээр эл суудалд гуравхан сар суухдаа Хөшгийн хөндийн катерингийн барилгын ажлыг хувийн компанидаа шийдэж, олон ч тендер зохицуулж амжсан зэрэг нэр хоч зүүгээд гарсан.

Иргэний нисэх, агаарын тээврийн холболт гэхээр Х.Баттулга, Я.Содбаатар, Ч.Хоролсүрэн, Голомтын Д.Баясгалангийн нэрс хэлхээтэй явдаг хойно Зам тээврийн сайдаар ганц цаг суугаад буусан ч хардлага дагуулах нь зайлбаргүй биз дээ.

Тод манлай уяач Ц.Дуламсүрэн 2020 оны наадмаар Я.Содбаатар “Удахгүй Засаг солигдоно. Би Шадар сайд болно” гэж галынхандаа хэлээд, эрлийз гурван нас уралдана гээд төсвөөс мөнгө гаргаад байлчихаж байгаа юм” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байснаас үзвэл Я.Содбаатарыг Х.Баттулгаас холтгож харах нь үнэмшил багатай юм.

Харин эвлүүлдэг puzzle шиг нэг нэгэнгүйгээр салж тоглох боломжгүй болчихсон мань нөхдийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хэсэгтээ ноход мэт уралцахад хүргэсэн байх.

С.Баяр, Сү.Батболд тэргүүтний шаглаагаар У.Хүрэлсүх Х.Баттулгадаа мад тавьж Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болгосон байх.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Х.Баттулга өөрийгөө дэвшинэ гэж ойлгоод зүтгээд байсан. МАН-ынхан анхнаасаа “Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилээр сонгоно” гэсэн заалтыг ашиглаад бууж буй Ерөнхийлөгчийг хасчихна” гэсэн бодолтой, зорилготой хийчихсэн. Тухайн үед зарим хуульч, судлаачид хэлж байсан. Хугацаа хассантай холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших бололцоогүй боллоо гэж. Гэтэл нөгөө хүн нь эрх мэдлийнхээ аархлаар “тийм юм болохгүй” гэж бодоод цааш явсан байх. У.Хүрэлсүхтэй хүзүү сээрээр хэлхэлдээд явна гэж найдсан. Харамсалтай нь тийм биш байлаа” гэж товчлон дүгнэж байв.

Алдаа гарсныг хожуу ухаарч гоморхсон Х.Баттулга уртаас урт уянгын захидлыг чуулганы индрээс У.Хүрэлсүхэд зориулан уншаад МАН-ыг татан буулгах захирамж гаргаж байлаа. 

Гэхдээ өнө мөнхийн эрх ашгийн төлөө тэд эвлэрсэн. Буулт хийсэн хүн нь Х.Баттулга гэдэг. Буулт хийхгүй гээд ч яах билээ. Мөн л УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн “У.Хүрэлсүх одоо Женкогоос юу гуйх юм. Харин нөгөөх нь гуйх юмтай болчихоод байгаа биз дээ. Засаг байгуулахдаа, М.Энхболдтой үзэж байхдаа бол гуйх юмтай байсаан. Одоо бол гуйх юмгүй болсон. АН ийм сул байхад, ийм болгоход нь У.Хүрэлсүхэд Женко гайхамшигтай сайн тусаллаа шүү дээ. Одоо өөр юу гуйх юм бэ” гэж хэлснийг энд иш татъя.

Х.Тэмүүжингийн хэлсэнчлэн Х.Баттулгад У.Хүрэлсүхээс гуйх юм бишгүй. Эс бөгөөс түүнийг Ц.Элбэгдоржийн нэгэн адил эх орноосоо дайжих хувь тавилан хүлээж байж ч болох л байв.  

Одоо харин МАН-ыг Л.Оюун-Эрдэнэ биш Х.Баттулга “зангидаж” байна.

АН аль хэдийнэ жижиглэнгийн хямд бараа шиг болж эгээтэй л МоАХ-ны хөх тугийг мандуулчингаа алдаж суугаа. АН асуудлаа шийдүүлэхийн тулд МАН-ын байр ордог гэх яриа тоглоом наргианы хязгаараас давж үнэн рүү ойртож байж мэдэх л юм.

АН хоёр талцан намын даргаа сонгож ядах үеэр Я.Содбаатар Х.Баттулгын талын АН-ын нөхөдтэй уулзаж, Улс төрийн намын тухай хуулийн төслийн талаар санал солилцон, зөвлөгөө өгч байсан гэдгийг аль аль намын нөхөд жиг жуг болгон ярьсаар удаж байна.

Тэрчлэн У.Хүрэлсүх Төрийн тэргүүний тамгаа гардмагцаа хамгийн эхний тушаалаараа Я.Содбаатарыг Тамгын газрынхаа дарга болгосон нь, сүүлд намын генсек болгосон нь ч Х.Баттулгын хүсэл байсан гэдэг. МАН дахь Д.Амарбаясгалангийн нөлөөллийг бууруулсан женкочид өдгөө тус намын генсекийн өрөөнд цайлангаа норовын намтар шиг болсон намуудын хувь заяаг хэрхэхээ хэлэлцдэг гэдэг нь хоосон хов төдий асуудал биш байх.

МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах функц НИТХ-ын 2024 оны сонгуульд оролцоогүй. 2020 оныход ч ялгаагүй. 2020 онд Д.Амарбаясгалан Д.Сумъяабазартай зөрчилдсөний улмаас хөдлөөгүй бол энэ удаад Я.Содбаатарт санаа байвч сачий хүрээгүй гэхэд хатуудсан болохгүй.

Түүнд, намынх нь дотоодод өөрийн гэсэн баг байхгүй. Цаашид ч бүрдэхгүй биз.

МАН-ын Хэрэг эрхлэх газар бүхэлдээ Д.Амарбаясгалангийн үед томилогдсон дарга нараас бүрддэг. Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд гэхчлэн спикерийн гарын хүмүүсээс бүрдсэн болохоор Я.Содбаатар хадмындаа амьдардаг бэр шиг л байдаг байх. Хадмын царай харсан бэр шиг ядарч суухад нь женкочдын хөл дарах мэдээж амаргүй.

Ийм намаас мөддөө лидер төрөхгүй. Төрүүлэх ч үгүй биз.

Орчуулах »
error: Content is protected !!