Засгийн газар үг сонсч чадахаа байж, эрхэм Ерөнхийлөгч өө!!!
Дэндүү харамсалтай. Бид хэнийг сонгочихов гэж халаглам өдөр хоногууд өнгөрч байна. Мэдлэг чадваргүй, хэтэрхий сул дорой нөхөр гэнэтийн аз эзээр өндөр эрх мэдэлд гарч ирчихээд хэзээ хэн намайг буулгаад хаячих бол гэсэн айдаст автан, унтаж ч идэж ч чадахгүй хулмалзан, үг хэлсэн бүхэнд өш зангидан суух шиг санагдах болсныг нуух юун.
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ Л.Оюун-Эрдэнийн засагласан он жилүүдэд эдэлж чадахгүйд хүрч буй юм биш биз!!!
Засгийн газрыг шүүмжилсэн хэн бүрийг сошиалаар гөвдөг бохир технологи ичгүүргүйгээр нутагших нь. Үүнд нь мэргэжлийн редакциуд хутгалдаж эхэлсэн нь бүр ч огиудас хүрэм. Бүх зүйлийн хэм хэмжээ хэрээс хэтэрч. Үндэсний үйлдвэрлэгчид, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдээ татвараар дарамталдаг, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцалдаг, хураадаг, хуулийн байгууллагаар далайлгадаг, дампуурлаа зарлахаас аргагүйд хүргэдэг цөвүүн цаг ирж гэхэд хэтрүүлсэн болохгүй биз.
УИХ-ын гишүүдийг ч далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч байхыг шаарддаг алтан загасны эмгэдтэй болов бололтой.
УИХ угтаа бол Засгийн газрын дээд байгууллага. Харамсалтай нь, УИХ-аас баталсан тогтоолыг хүссэнээрээ өөрчилдөг, дархан эрхтэй гишүүдийг зарчмын шаардлага тавьсных нь төлөө гэр бүлийнхний нь бизнест татварын шалгалт оруулдаг, цахим орчинд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацуулдаг болж. Энэ бүх бохир тоглоомын ард Засгийн газар, тэр дундаа Л.Оюун-Эрдэнийг байгаа хэмээн иргэд шууд харддаг, хэлдэг ч боллоо.
Өөр хэнийг ч хардах гэж?!
2024.12.27-ны өдрийн чуулганаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг баталсан. Гэтэл албан хэрэгцээнд оруулж ирсэн материал нь баталснаасаа зөрүүтэй байгааг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байнгын хорооны хуралдааны үеэр хэлснийх нь маргаашаас гэр бүлийнх нь хүний ажиллуулдаг компанид татварын шалгалт оруулах болсон, гэр бүлийнх нь хүнийг муу муухай бизнес эрхэлдэг гэхчлэнгээр харлуулж эхэлсэн. Үүнийг Л.Оюун-Эрдэнийн захиалгат ажил гэж хардахаас яалтай. Яаж ч эерүүгээр харъя гээд харагдахгүй нь үнэн юм. Илэрхий харлуулалтын араас Д.Энхтүвшин бус Л.Оюун-Эрдэнэ муухай харагдаж буй нь ч үнэн.
Хил холболтын төмөр зам нэр дор нүүрс олборлох, тээвэрлэх, цаашлаад уурхайн эзэмшлийн асуудал хөндөгдөж байгаа. Асуудал агуулгаасаа гажиж Хятадын талтай нүүрс худалдах, худалдан авах гэрээ болон нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болж бүхэлдээ өөрчлөгдөн орж ирснийг Д.Энхтүвшин хэлсэн.
Хэлсэн нь л Д.Энхтүвшин болохоос мэдсэн, эсэргүүцсэн олон гишүүн бий…
УИХ-ын тогтоолыг үл ойшоон гэрээний утга агуулгыг өөрчилж, Хятадын талд давуу байдал илтэд олгосон эл төслийг ил болгосон Д.Энхтүвшинд монгол түмэн алга таших ёстой, ташиж ч байна. Харин Хууль тогтоох дээд байгууллагын олонхиороо баталсан тогтоолыг үл биелүүлсэн Засгийн газар огцорч, танхимын тэргүүнд нь хариуцлага хүлээлгэх асуудлыг ярих нь шударга юм.
Төсвийн хэлэлцүүлгийн үеэр урсгал зардлыг хэмнэх нэр дор үр ашиггүй олон зардал, гадаад дотоод томилолтыг ил болгосон хүн нь мөн л Д.Энхтүвшин байв. Түүнийг үүнийх нь төлөө УИХ-ын гишүүнээсээ эгүүлэн татах талаар МАН хуралдсан гэдэг. Гэвч Д.Энхтүвшинг балиашиглаж байсан олон нийтийн дэмжлэгээс эмээгээд орхисон гэдэг ч мань эр энэ удаад дахиад л намынхаа даргын дургүйг хүргэв.
Түүнд өө байхгүй.
Байлгая гэвэл намын нэрийн жагсаалтаар гарч ирсэн гэх ганц шалтаг л бий.
Түүнийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө сонгосон. Л.Оюун-Эрдэнэ ээ, чиний сонголт КҮҮЛ байлаа, баярлалаа!!!
Намын нэрийн жагсаалтыг өнгөлсөн Г.Лувсанжамц ч часхийсэн гишүүн болох нь. Түүнд бурууд нүд чих болох зориг, үг хэл байна.
Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд нь шийдэх эрхийг өгөх шийдвэрийг гаргасантай холбоотойгоор “Хүүхдийн амь насаар дэнчин тавьж хадгалж үлдэх өв соёл юм бол больчих. Хүүхдийн эрх нэгдүгээрт” гэж тэр намын даргаа эсэргүүцэв. Тэрбээр Д.Энхтүвшингийн нэгэн адил “Би мэргэжлийн, зарчимтай ажиллах гэж УИХ-ын гишүүн болсон” хэмээн эрс шийдэмгий, зориг төгс байгаа.
Браво… Дэмжим, тулж түшим гайхалтай улстөрчидтэй болох нь. Дуулгавартай кнопчдын эринд төгсгөл ирж.
Тэднийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч битүү боловч дэмжсэн нь сайхан хэрэг. Тэрбээр “УИХ-ын гишүүний хараат бус ажиллах асуудалд нөлөөлж буй этгээдтэй холбоотой асуудлаар УИХ-ын Тамгын газарт хандаарай. Эрхээ хэрэгжүүлж ажиллаж байхад хөндлөнгөөс дарамт шахалт үзүүлж байгаа бол УИХ-ын гишүүний халдашгүй байдлын асуудал хөндөгдөнө шүү” хэмээн өмгөөлөв. Гишүүдээ ангийн дарга нь хамгаалах нь…
Нэгэнт ангийн даргын дэмжлэг байгаагаас хойш Д.Энхтүвшингийн тавьсан 8 шаардлагыг хүлээж автал нь нийтээрээ дэмжээд өгье.
Парламентад Д.Энхтүвшин Г.Лувсанжамц нараас гадна хэнээс ч дальдчилгүй үгээ хэлчихдэг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр бий.
Нүүрсний сонсголыг хийсэн шиг хийж, УИХ-ын даргын холбоо сүлбээг ч илчилсээр байгаагийнхаа төлөө тэр намынхандаа гадуурхагдаж байгаа. Гэхдээ түүнд олон нийт бий…
Зоригтой, үзэл бодол байр сууриндаа үнэнч, зарчимч байж чадах эл нэр бүхий гишүүдээ бид дэмжих ёстой юм.
“Засгийн газрыг Төрийн ордонд бус Гэрэгэ таурын 15 давхраас удирдаж байна. Тэнд “Буян”-ийн Жагаагаас эхлээд улстөрийн бүх намуудын удирдлага, сайдууд очиж даалгавар, чиглэл авдаг. Кино, найруулга хийдэг болсон. Засгийн газрын гишүүн, дэд сайд, агентлагын дарга, төрийн өмчийн компанийн захирал, орлогч захирлуудын томилгоо гээд Монгол төрд хэн ажиллах ажиллахгүйг кино найруулагчид ярьдаг, зуучилдаг, мэддэг болоод удаж байна. Ямар ч юманд хэмжээ хязгаар гэж бий” хэмээн шүгэл үлээсэн Д.Энхтүвшин, Б.Энхбаяр тэргүүтний мэдэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхаарал хандуулах ёстой.
Энэ бол онц ноцтой мэдэгдэл.
Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж байр сууриа илэрхийлсэн хүмүүсийн “Хар жагсаалт”-ыг гаргадаг болсон хэмээн жиргэсэн Улсын баатар Э.Бат-Үүлийн мэдээлэлд ч Ерөнхийлөгч анхаарлаа хандуулах нь зүй юм.
Дам хов бус төрийн түшээд, Улсын баатар цолтон хэлж ярьж буй онц ноцтой мэдэгдэл, мэдээлэлд Төрийн тэргүүн хүн нүдэн балай, чихэн дүлий хандана гэвэл энэ улс зүг чигээ алдсан капитангүй хөлгөөс ялгаа юун!!!