Д.Амарбаясгалангийн ангиас ГУРВАН ч шүд сугалж мэднэ

Д.Амарбаясгалангийн ангид хорхой идсэн 3 шүд байгаагаас нэгийг нь зайлшгүй авахаас аргагүй болсон.

126 гишүүнтэй УИХ-д анх удаа сонгогдсон Д.Цогтбаатар Хөгжлийн банкны хэрэгт буруутай нь тогтоогдож шүүхээс ял сонссон. Түүнийг 2016-2020 онуудад Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа Мон дулаан, Газ импорт, Бэрэн компаниудад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон, зээл олгох зарим асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авч Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023.07 сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасан 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байдаг.

Харин 2024.03 дугаар сард Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Д.Цогтбаатарт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль ёсны хүрээнд дахин дүгнүүлэхээр шийдвэрлэснээр УИХ-ын сонгуульд нэр дэвших сиймхий гарч, өдгөө халдашгүй дархан эрхтэй төрийн түшээ болон тангараг өргөчихөөд байгаа.

Гэтэл оны өмнөхөн Дээд шүүх хэргийг нь хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж орхив. Тэр шүүхийн шийдвэр гарсан даруйд өрөөгөө суллаж, сонгогчиддоо дараагийн хүнээ сонгох эрхийг нь өгөх ёстой ч Дээд шүүхийн шийдвэр албажиж иртэл УИХ-ын гишүүнээс түдгэлзэхгүй хэмээн гэдийж сууна.

Хуульд 30 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг албажуулна, шаардлагатай бол дахин 30 хоногоор сунгаж болно гэж заасан байдгийг тэр өөртөө ашигтайгаар тайлбарлаад хөдлөхгүй суугаа бололтой. Уг нь Шүүхийн шийдвэрийг гарсан өдрөөс хэрэгжүүлнэ гэж зааснаас албажиж ирсэн өдрөөс хэрэгжүүлнэ гэж заагаагүй байдгийг санах л хэрэгтэй байх.

Д.Амарбаясгалангийн тэргүүлсэн парламент ч шүүхийн шийдвэр албажиж ирэхийг хүлээн, гэм буруутай нь тогтоогдчихоод байгаа нөхөртэй зэрэгцэж суугаад хууль хэлэлцэн, шийдвэрлэлцэж байна.

Үндсэн хуулийн 29.3-д “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан. Мөн УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэсэн байгаа.

Тэгэхээр тэр ямар ч хаацайлалгүйгээр дархан эрхээсээ түдгэлзэх учиртай. Д.Цогтбаатараас бусад хүнд Шүүхийн шийдвэр гарсан даруйгаасаа үйлчилж ирсэн бол түүнд үйлчилдэггүй юм байна. Тэр хууль тогтоох дээд байгууллагад ажилласаар, хууль батлах санал хураалтад оролцсоор явна. Тэрбайтугай Засгийн газраас түүнийг авч үлдэх сонирхлоо намынхандаа дайж, аргаа барахдаа Ерөнхий сайдын зүгээс шүүгч нарыг солино, солихгүй бол үгэнд орохгүй байна гэхчлэн бухимдахад хүрч байна хэмээн дээр доргүй яриад эхэлж.

Д.Цогтбаатарыг Х.Баттулгын захиалгаар парламентад нь үлдээхээр Засгийн газраас идэвхийлэн ажиллаж байгаа гэлцэх хэсэг бүлэг ч байгаа юм.

Харин У.Хүрэлсүх эсрэг байна.

Д.Цогтбаатарыг эгүүлэн татсанаар Архангай Өвөрхангай Баянхонгорын тойрогт нөхөн сонгууль явагдана. Г.Занданшатарыг дахин сойх бэлтгэл хэдийнэ эхэлсэн гэлцэхийн зэрэгцээ Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын нэр ч давхар яригдаад байгаа. Гэхдээ Г.Сайханбаяраас илүүтэй Г.Занданшатарыг дараагийн УИХ-ын даргаар нэрлэж, бүх цаг үеийн туршид хамгийн сайн спикер байсан зэрэг мессэж үзэгдээд эхэлснийг анзааралгүй үлдээж болохгүй.

Эгүүлэн татагдахаар болсон Д.Цогтбаатараас Г.Занданшатар ганц хувийн доогуур санал авсан. Д.Цогтбаатар 55.935 хүний санал буюу 43.8 хувиар сонгогдсон бол Г.Занданшатар 53.649 хүн буюу 42 хувийн саналтай байгаа. Хэдий тийм ч Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн дэргэд үлдээгээд Б.Даваадалайг Сангийн сайд Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр зүтгүүлэх хувилбар мөн яригдаж байна. Б.Даваадалайгийн ах АН-ын сонгуулийн кампанит ажлыг хариуцдаг тул нөхөн сонгуулийг МАН-д эргүүлэх ашигт хувилбар гэх ухуулга Төрийн тэргүүний чихэнд хүрсэн дуулдсан. Түүнийг зүтгүүлэх нь Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нарын нам дамнасан бүлэглэл гэгдэх бүлэглэлээс нэг шүд сугалах энгүүн боломж гэлцэж буйг ч хэлэх хэрэгтэй.

АН-ын хувьд А.Адьяасүрэнг нэрлэж байгаа ч Х.Баттулгын фракц гэх тодотгол нь төдийлөн хол явуулахгүй байгаа. Тэрбээр 53.485 хүн буюу 41.9 хувийн саналаар ялагдсан нэгэн.

Тэдний завсраар Үндэсний эвслээс Н.Номтойбаярын өмгөөлөгч хуульч Д.Одонтунгалагийг зүтгүүлэх мэдээлэл мөн тэнүүчилж яваа.

Д.Цогтбаатарын суудал энэ мэт бужигнаантай байгаа бол УИХ-ын гишүүн Б.Найдалаа ч дараагийн горилогчдыг гозогнуулахад хүргээд байна.  

Тэр Хөгжлийн банкны хэргээр дахин шүүгдэхдээ тулсан. Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа Бэрэн групп ХХК-д 22.7 сая ам.доллар хүртэлх зээл олгохыг дэмжсэн санал өгснөөр 2014.02.11-ний өдрийн 08 дугаартай “Бэрэн групп” ХХК-д зээл олгох тухай” тогтоол гарсан байдаг. Тиймээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татагдсан ч анхан шатны шүүхээс ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байв. Гэтэл Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг Анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна гэж үзсэнээр хэргийг дахин хэлэлцэхээр шийдвэрлээд байгаа юм.

Б.Найдалаа намын нэрийн жагсаалтаар парламентын босго давсан тул нөхөн сонгууль явагдахгүй. Түүнийг татах нөхцөлд жагсаалтын 7-д эрэмбэлэгдсэн Д.Гантулга тангараг өргөнө. Тэрбээр Боловсролын сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа.

Тэднээс гадна Улсын Дээд шүүхээс Н.Алтанхуягийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгочихсон нь Д.Амарбаясгалангийн “ангийн” гурав дахь хорхойтсон шүд болж байна. Түүний тэргүүлж байсан танхим, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Говийн зам ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, Бэрэн ХХК-д Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэрэгт буруутгагдаж байгаад хэрэгсэхгүй болгосон ч Дээд шүүхээс уг шийдвэрийг нь ийнхүү хэрэгсэхгүй болголоо.

Тэгэхээр түүнийг буруутай гэж үзвэл Сонгинохайрхан дүүрэгт дахин нэг суудал суларна гэсэн үг…

Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг үргэлжлүүлэн хүргэнэ..

Орчуулах »
error: Content is protected !!