Л.Оюун-Эрдэнэ ачаагаа баглаж, Н.Учрал өрөөгөө солихоор холхиж байна. У.Хүрэлсүх амаржсан эхээр огцрох шалтгаа эхлүүлсэн шиг үйл явц хөшигний ард өрнөх нь.

Үүнийг батлах мэт Засгийн газар Огцор жагсаал эрчээ нэмж, ажил хаялтаар эсэргүүцлээ үргэлжлүүлнэ хэмээн сошиал орчинд бичигдээд эхэллээ.

Намрын чуулганыг 14 хоног сунгахаа мэдэгдсэн Д.Амарбаясгалангийн мэдэгдлийн цаана олон юм бий. Сунгасан 14 хоног багадвал дахиад сунгана гэдгээ Тамгын газартаа мэдэгдээд бэлтгэл хангахыг үүрэгдсэн гэж байгаа. Иргэдийн дунд Сар шинийн баяраар олон хоногоор амрах эсэх сэдэв шидүүлчихээд, өнөөдүүл нь өөх мах ярин талцах зуурт дараагийн Засгийн газрыг эмхлэх асуудалд анхаарал хандуулж буй бололтой.

Ураны гэрээг үзэглэсний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Францын талаас авлига авсан хоёр хүнийг нэрлэсэн нь нэг талаас Н.Алтанхуягийн Засгийн газрын үеийг буруутгах гэсэн харагдавч нөгөө талаас өөрсдөө авлига өгсөн “гэмт этгээд”-үүдтэй гэрээ хийснээ хүлээн зөвшөөрсөн явдал болов. Авлига авсан гэгдсэн Д.Үүрийнтуяа өдгөө Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт хэлтсийн даргаар ажилладаг. Н.Учралын шууд удирдлага дор гар нийлэн ажилладаг гэсэн үг. Тэр түүнийг чөлөөлж, хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэхийн оронд олны дунд ийнхүү шидэж өгсөн нь улстөрийн бяцхан хор явагдаж эхэлсний илэрхийлэл болов уу.

Францын шүүхээр төсөлд холбогдох авлигын хэргийг оны өмнө шийдсэн. Тэгэхээр Д.Үүрийнтуяа тэргүүтэнд холбогдох мэдээлэл Монголын Засгийн газарт хэдийнэ ирсэн байж таарах. Тийм атал гэрээг үзэглэсний дараа олон нийтэд мэдээлэл хүргэж буй байдлаар шидсэн нь тэгтэл шударга санагдахгүй байгаа нь үнэн.

Д.Үүрийнтуяа Ардчилсан хүчний холбооны шошготой нэгэн.

УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, Р.Амаржаргал, И.Нарантуяа нар эл холбооны гишүүнчлэлд багтаж, фракцид оногдсон бялуу хуваарилалтаас хүртэж л явсан нөхөд. Тэгэхээр Д.Үүрийнтуяад чиглүүлэн шидсэн гогцоо дээрх нөхдөөс гадна Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, цаашлаад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу ч хөтөлж мэднэ гэдгийг учир мэдэх эх сурвалжууд хэлж байна.

Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн асан Ч.Ундрамын аав, салбар хариуцсан сайд С.Одонтуяагийн бэртэй хамаарал бүхий компани нийслэлд зуух тараах тендерт шалгарсан баримт нийтэд ил боллоо.

Нэг сумаар олон туулай онилчихсон бөгөөд сум нь Төрийн Тэргүүний гарт байна гэсэн үг.

Бүрэн бүтэн дээрээ гараарай хэмээн Л.Гантөмөр Т.Доржханд тэргүүтэнг У.Хүрэлсүх зэмлэж байсныг уншигчид санаж буй биз. Тэр энэ үгээ Н.Учралаар дамжуулан АН-д дахин хаягласан шиг харагдаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн өмчит компаниудыг онилж хаврын улстөр хийхээ чуулганы индэр дээрээс мэдэгдсэн.

Үүнийг У.Хүрэлсүхэд өгч буй хариу үйлдэл хэмээн тайлбарлах хэсэг бүлэг байгаа ч бүр эсрэгээрээ У.Хүрэлсүхийн зүгээс шидүүлсэн чулууны нэг шиг харагдаж байгааг хэлэх хэрэгтэй. Учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэхээсээ ТӨХК-иудыг шинэчилнэ, хариуцлагын тогтолцоог чангатгана гэж Н.Учрал хамгийн чангаар дуугарч байгаа. Алин ч байлаа гэсэн Ерөнхий сайдын мэдэгдлийг ажил хэрэг болгох амбицаа Б.Энхбаяр илэрхийлэв. “Би даруухан биш байж магадгүй. Амбицаа шууд илэрхийлье. Энэ хуулийн шинэчлэлийн ажлын хэсгийг би ахалъя. 2016 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа энэ хуулийн суурь онолын судалгааг хийж байсан. Өмнөх парламентад мөн ажлын хэсгийг ахалж ажиллаж байлаа. Хоёр удаагийн сонсгол хийж, ТӨК-д хулгай яаж хийгддэг вэ гэдгийг мэднэ. Тиймээс нүх сүвийг нь хэрхэн бөглөх вэ гэдэг гарц шийдлийг нь хийж чадна гэж бодож байна. Миний хамаатан саднаас нэг ч хүн ТӨК-д ажилладаггүй. Ажиллаж байсан түүх байхгүй. Тиймээс ашиг сонирхлын зөрчил байхгүй” гэж тэрбээр мэдэгдэв.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин гурван нам “хяналт” нэрээр хүмүүсээ ТӨК-д томилно гэж вангадсан нь үнэндээ биеллээ олж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Т.Доржхандын төрсөн ахынх нь хүү нэр дэвшсэн байгааг хамгийн сүүлийн шинэхэн кэйсээр нэрлэхэд буруутахгүй байх.

Тэгэхээр хаврын чуулган халуухан болох нь.

“Ард түмний өмчийг УИХ мэддэг байсныг Засгийн газар мэддэг болох заалт орж ирж байна. ТӨК хувьцаа гаргах асуудлыг Сангийн сайд шийдэх асуудал орж ирснийг хар. 15.1 дэх заалтаа хар” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нэлээдгүй уурсаад эл асуудлыг хаврын чуулганаар тусгайлан авч хэлэлцэх нь зүй гэснийг спикер ч мөн дэмжсэн шүү дээ.

Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тэргүүтэнг Төрийн тэргүүнээс салгаж харвал гэнэн явдал болно. Тэгэхээр тэдний зүгээс хийж буй алхам бүрийг У.Хүрэлсүхийн нүүдэл гэж ойлгоод байхад төдийлөн хол зөрөхгүй биз.

Үнэндээ ТӨХК-иуд гомдогсдын орогнодог уушийн газар мэт болсон. Улстөрийн бүлэг фракциудын оролцоогүй төрийн гэх тодотголтой компани Монголд нэг ч үгүй.

Хамгийн сүүлийн халуун жишээ гэхэд л МИАТ ТӨХК-ийн түрээсэлсэн хоёр шинэ онгоцны нэгийх нь хөдөлгүүр саатаж зогссон нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн шахаагаар томилгоо хийгдсэнтэй холбоотой хэмээн улстөрийн хүрээнд шуугиад өнгөрсөн.

Х.Баттулгын гэх шошготой хэд хэдэн томилгоо үүний өмнөхөн хийгдсэнийг мөн орхигдуулж болохгүй.

ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Б.Саруул Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Тамгын газрынх нь дэд даргаар ажиллаж байсан нэгэн. Тэрбээр Х.Баттулгын хамаарал бүхий Талх Чихэр, Мах Импекс компаниудад ажиллаж байсан тул олон нийт түүнийг Х.Баттулгаас салгаж ойлгож чадах ч үгүй биз. Тэрбайтугай 2024 оны ИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн явдлыг нь “женко”-той холбож, түүний итгэлт утсан хүүхэлдэй гэлцэж буйг хэрхэлтэй.

Эрдэнэт үйлдвэрийн Хяналт хариуцсан менежерээр томилогдсон И.Мөнхжаргал, Улаанбаатар төмөр зам компанийн хяналт хариуцсан менежерээр очсон П.Нүрзэд, Эрдэнэс тавантолгой ХК-ийн хяналт хариуцсан менежер болсон Н.Пунцаг тэргүүтэн ч Х.Баттулгаас хол нэрлэгдэхгүй байх.

Тиймээс төрийн өмчит компаниудыг шинэчлэх, шалгаж хянах, хариуцлагын тогтолцоог чангатгах зэрэг сэдэв нь бүлэглэлүүдийн нэгнээ намнах байт харвааны нэг төдий зүйл биз.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын БНЭУ-ын Экспорт-Импорт банкнаас зээл авах асуудлыг УИХ-аар дэмжсэнийг ч У.Хүрэлсүхийн хөзөр гэлцэж байна.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2018 онд Энэтхэгийн Засгийн газартай хэлэлцээр хийн 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барина хэмээн шав тавьж байсныг анзааргатай уншигчид санаж л буй байх. Өнгөрсөн жил ашиглалтад орох байсан уг төслийн санхүүжилт 34 хувиар нэмэгдэн 500 сая ам.долларын зээл нэмж авахыг парламент дэмжсэн нь энэ юм.

Л.Оюун-Эрдэнийн мега төслүүдийн нэг гэгдэх ч ачиртаа У.Хүрэлсүхээр авторлагдах ажил гэсэн үг.

Тэрчлэн ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүн байсан нөхдөөс элчин, консулаар томилогдох асуудлууд эрчтэй яригдан, ингэхдээ олонх нь У.Хүрэлсүхийн хүрээлэл байгаа нь олон хүнд таалагдахгүй байгаа. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд төрд алба хашиж байсан эрхмүүдийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж, эх үүсвэрээ нотолж чадахгүй бол хураах, хариуцлага хүлээлгэх асуудлыг хэвлэлээр идэвхийлэн ярьж байгаа нь Төрийн тэргүүний зогсолтгүй нүүж буй улстөрийн их нүүдэлд саад болохоор боргоож буй “нохойн үйлдэл” төдий гэлцэж байна.

Өөрөөр хэлбэл, түүний энд тэнд өгч буй яриаг Ерөнхийлөгчийн гэх бүлэглэлийнхэн “жингийн цуваа явж л байдаг, жингэр ноход хуцаж л байдаг” гэсхийн шоолоод өнгөрч буй юм байх.

Орчуулах »
error: Content is protected !!