Дональд Трамп ба тээр дор үлдсэн эрх баригчид минь

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний орой Монгол Улс хөгжлийн гараанаас гардаг бол Америк хөгждөгөө хөгжөөд өөрсдийн хүссэнээ хийж суух алтан үе рүүгээ орж буйг Дональд Трамп тангараг өргөх үеэрээ онцгойлов. Тэрбээр тангараг өргөх үеэрээ эхний зарлигуудад гарын үсэг зурлаа.

Дональд Трампын өмнөх бүрэн эрхийн хугацаанд Монгол Улс, АНУ-ын харилцаа шинэ түвшинд хүрч, гуравдагч хөршийн бодлогод суурилсан харилцаатай болж байв. Түүнийг эргэн ирэхэд бид харин хаана байна вэ?!

Зарлиг зурах бүрт нь баримталж буй бодлого, байр суурийг нь өөрсөдтэйгээ харьцуулж, бид хаана байна вэ гэх асуултыг тавихад хүрч буй минь үнэн.

…Тэрбээр Хятад улс нүүрс, газрын тос ашиглан асар их эрчим хүч үйлдвэрлэж агаар бохирдуулж байгаа хэрнээ ямар ч ял шийтгэл хүлээдэггүй. Хятадаас ялгарсан хүлэмжийн хий, бохирдол 3-5 хоногийн дараа Америкт ирж байна. АНУ өөр улсын өмнөөс агаарын бохирдолд хариуцлага хүлээхгүй хэмээн мэдэгдсэн бол бид мөнгө л авч байвал юугаа ч ухаад өгөхөд бэлэн байгаа. Шив шинэхэн жишээгээр Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замыг дурьдахад хангалттай. Чайна энержи төмөр зам холбох ажлыг хийж өгснийхөө харамжинд Тавантолгойгоос хэсэгчлэн нэг тэрбумын нөөцтэй хоёр хэсгийг эзэмшинэ. 2041 он хүртэл нийт 247 сая тонн нүүрсийг өөрсдөө олборлоод мөнөөх төмөр замаараа тээвэрлээд гарна. Монголчуудад түй ч хамаагүй. Олборлосноо биржийн үнээр тооцохгүй тул татварын орлого ч горьдоод хэрэггүй биз.

…Трамп өдөр бүр Америкийг нэгдүгээрт тавихаа илэрхийлээд үндэсний аюулгүй байдал, шударга ёсыг дахин сэргээж, бахархалт, чинээлэг, эрх чөлөөтэй улс болгох зорилт тавилаа. Улмаар 2021.01.06-нд АНУ-ын Капитол руу халдсан хэрэгт буруутгагдсан нөхдөд өршөөл үзүүлснээ зарлав. Өршөөлд 1500 орчим хүн хамрагдана.

Бид харин эсрэгээрээ… Монгол Улс дээвэргүй шорон болсон гэчихэд огтоос хатуудахгүй. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх ширхэг ч эрхгүй болсон. Нялхсаас бусад нь ямар нэгэн зөрчлийн гэмт хэрэгтэн болчихсон байх. Харахад чөлөөтэй ч хилийн хоригтой, цахим гавтай нөхөд хэдэн зуугаар тоологдож мэдэх юм. Хувийн хэвшлийнхэн, өндөр татвар төлөгчид бүгд хулгайчаар дуудуулсаар дотооддоо, нэг нэгэндээ хөрөнгө оруулалт хийхээс үхтэл айдаг болсон нь үнэн. У.Хүрэлсүх Трампыг дууриагаад эрүүгийн гэмт хэрэгтнүүдээс бусдыг өршөөчихвөл цочир, гоё мэдээ болж нэгэнт бий болсон дээвэргүй шорон үүдээ барьж дэлхийн чихийг дэлдийлгэх биз.

Эрх баригчид нэгэндээ хонзогнож, энгийн иргэд нь хатуухан үгэнд гомдож шүүхдэлцсээр дэндүү удлаа.  

Н.Энхбаярын оймсыг гозолзуулсан хэрэгт Ц.Элбэгдоржийг буруутган өш санадаг бол Х.Баттулгын дахин нэр дэвших эрхийг боогдуулсан хэмээн У.Хүрэлсүх мөнхий зүхэл дагуулаастай яваа.

Засгийн газрын тэргүүн маань нэн тэргүүнд эх орноо бус Ц.Элбэгдоржийг бодож, зүхэж явдаг шиг санагддагийг нуун юун.

…Трампын засаглалын үед холбооны Засгийн газар эрэгтэй эмэгтэй гэсэн хоёрхон хүйстэй байхаа зарлалаа. Зөв ч биз. Эрх чөлөө нэр дор хүний байтугай амьтны ёсоос гажуудсан гажуудал Монголд ч газар авсан үнэнийг хүлээн зөвшөөрч, тодорхой бодлого, хэм хэмжээ барих цаг нэгэнт болсон байх.

…Тэрбээр хэд хэдэн улсын томоохон худалдааны түншүүдэд нэмэлт татвар ногдуулахаа мэдэгдлээ. Энэ нь АНУ болон түүний холбоотнуудад илүү шударга эдийн засгийн орчныг бүрдүүлнэ гэв. Түүний эл бодлоготой улс орныхоо ямар ч бодлогыг харьцуулах юм биш. Гадны хөрөнгө оруулагч гэхээр сүнсээ худалдахад бэлэн, дотоодын хөрөнгө оруулагч гэхээр хардсан сэрдсэн, харамласан байр суурьтай байж ирсэн нь үнэн. Уран олборлолтод хүртэл бүх хувь эзэмшил, татвараасаа татгалзаад, түүнээ гайхамшигтай гоё гэрээ хэмээн олон нийтийн тархийг “угааж” буй гэмийг яалтай. Гурилын үнийг, цементийн үнийг бууруулах нэр дор хөрш орнуудын гурил, цементийг татваргүй болгоод дотоодын үйлдвэрүүдээ дампууруулахад хүргэдэг, эрх барих үеийн нэр хүндийнхээ төлөө дэлхийн зах зээл дэх нефтийн үнээс бага үнээр нефть нэхэж импортлогчдоо туйлдуулдаг арчаагүй нөхөд шүү дээ, бид. Хэрхэн хөгжил ярих билээ.

…Трамп иргэддээ хүссэн автомашинаа унах эрхийг өглөө. Түүний эл зарлигийг цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих Ж.Байдены бодлогыг зогсоох оролдлого хэмээн шүүмжлэгчид бий. Гэхдээ Трампын зөв. Тэр хүний эрхийг дээдэллээ. Бид харин эсрэгээрээ урсаж яваа. Зөв буруу руль, насжилт зааснаараа Япон Солонгос улсаас орж ирдэг автомашинуудыг шахаж, хүссэн хүсээгүй урд хөршийн үйлдвэрлэлийг дэмжсэн байгаа нь илт. Нэг талаас харвал зөв хувилбар мэт боловч хятад машинууд Монголын тэсгим хүйтнийг бартаат замтай нь давж чадахгүй байгаа нь үнэн. Тэрбайтугай АИ92 төрлийн шатахуунд алдаа заадаг зэргээр монголчуудын амьжиргааны төвшнөөс давсан шаардлагуудтай байгааг хэлэх хэрэгтэй.

…Засгийн газрын гүйцэтгэх салбарын албан тушаалтнуудад ёс зүйн амлалт өгөхийг шаардсан захирамжийг тэр гаргалаа. Монголд нэвт нэвтрүүлмээр шийдвэр. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэрх онц дэглэмийг дарга нарын эхнэрүүд сахьдаггүй, дарга нарын хамаарал бүхий объектуудад урлаг уран сайхан болсоор байдаг хөгийн улс гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Засгийн газарт кабинетаар ажиллах зарчим ч алдагдсан. Ерөнхий сайд Ачит Ихт компанийн 34 хувийг төрд авахтай холбоотойгоор үйл ажиллагааг нь зогсоон шалгаж байхад л Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нь нээн танхимын тэргүүнээ үл ойшоож байх жишээтэй. Нээх тухайгаа Засгийн газрын тэргүүнд мэдэгдээ ч үгүй гэхээр Л.Оюун-Эрдэнэ түүний хувьд гөлөг гаслах чинээнд тоогддоггүй гэж нэг талаас харагдаж буй ч нөгөө талаасаа Ц.Туваан танхимаар ажиллах дүрэм журмаа мэддэггүй малын эмч төдий нэгэн гэдгээ хангалттай харуулсан явдал. Гэхдээ тэдний хэрхэн харагдах гуч дөч дэх асуудал бөгөөд хамгийн чухал нь кабинетийн зарчим Л.Оюун-Эрдэнийн үед үгүй болсноо хүлээн зөвшөөрч, хүний өөрийн хуц ухна нийлүүлчихсэн мэт увайгүй байдалдаа өөрчлөлт хийчихээд хөгжил ярих нь зүй гэхэд хатуудсан шүүмжлэл болохгүй нь үнэн юм.

Тэгэхээр бид Трампын өмнөх бүрэн эрхийн хугацааны үед байсан түвшнээс унаж, дахин уулзах, өмнөх харилцаагаа сэргээх байтугай дор оччихсон байж мэдэхээр байгааг хэлэх нь шударга шүүмж биз.

Орчуулах »
error: Content is protected !!