2008 оныг санагдуулам, гэхдээ түүнээс ч муу гэрээг үзэглэх үү, эс үзэглэх үү?!

-Францаас авлигал авсан гэх ТӨРийн өндөр албан тушаалтан хэн бэ-

Түүх давтагдах вий. Л.Оюун-Эрдэнэ биш юм гэхэд Ц.Туваан Л.Гантөмөр тэргүүтэн хэдэн жилийн хойно төмөр торны цаана суухвий…

2008 онд Стандарт бус Засгийн газар буюу МАН төрийн эрхийг атгаж байсан ч АН-ыг аягачнаар авч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний шанг татан Сү.Батболдын танхим баталгаажуулсан. Д.Дэмбэрэлийн тэргүүлсэн УИХ 57 дугаар тогтоолыг батлан Засгийн газарт чиглэл болоод зөвшөөрөл өгч байв. 2009.10.06-нд Монгол Улс тусгаар тогтносноосоо хойш анх удаа бие даасан хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэлээ хэмээн тухайн үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Эрдэс баялгийн сайд нар дүүлэх нь холгүй хөөрцөглөснийг мартах цаг болоогүй байна.

Харамсалтай нь үүнээс 10 хүрэхгүй жилийн дараа Оюутолгойн гэрээ ашиг бус алдагдал авчирсан гээд С.Баяр С.Баярцогт нарыг саатуулсан. С.Баярыг гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгон мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн буруутгаад зогсохгүй албан тушаалын байдлаа ашиглан Петровисын шатахууныг Оюутолгойд шахахад нөлөөлсөн гээд ял оноож байв.

Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтыг Оюутолгойн гэрээгээр буруутгасан.

Түүнтэй хамт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал нарыг ч шалгасан. Анзаарвал АН-ын батлахт нөхөд л шүүхийн хаалга сахиж, эцэст нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр салж байв.

Дубайд үзэглэсэн гэрээний уршгаар Ч.Сайханбилэг эх орондоо хөл тавьж чадахгүй хилийн чанадад хэсүүчилж яваа. Гавьяаг нь МАН, гайг нь АН үүрдэг жишиг.

…Энэ удаад Монгол Улсын Засгийн газар ураны гэрээг энэ сарын 17-нд буюу маргааш үзэглэнэ. Монгол Францын хамтарсан Бадрах Энержи ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано майнинг С.А.С” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэхийг энэ сарын 10-ны өдрийн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 72 хувь нь дэмжчихээд байгаа. Ордны гадна “Засгийн газар Огцор” жагсаал болж олны анхаарал сарнисан цагаар ийнхүү ураны гэрээг гишүүд дэмжиж, Засгийн газар нь гарын үсэг зурахаар болсон нь энэ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “28 жилийн дараа олон улс судлаач Д.Баярхүүгийн хэлсэнчлэн гео стратеги, гео политик, гео эдийн засгийн асар өндөр ач холбогдолтой уг төсөл УИХ-ын босгыг давлаа. Төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэсэн Засгийн газар, төслийн ажлын хэсэгт УИХ-ын нэрийн өмнөөс тусгайлан баяр хүргэж амжилт хүсье. Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой төслийг идэвхийлэн дэмжсэн ажлын хэсэгт болон байнгын хорооны хуралдаанд идэвхтэй оролцсон УИХ-ын гишүүддээ талархъя” хэмээн баярласандаа бархирна гээч болов.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Дэлхийн улс орнууд стратегийн ач холбогдолтой гэрээг ил тод хэлэлцдэггүй. Харин манай улс Ураны хөрөнгө оруулалтын гэрээг анх удаа нээлттэй хэлэлцэж, ил тод улс гэдгээ харууллаа. Хөрөнгө оруулалтын гэрээг ил тод хэлэлцсэн анхны улс боллоо” гэж нэмж баяслаа.

Ураны орд бол стратегийн орд гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүд ч тодорхойлов.

Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн хуулиар 34 хувь нь Монгол төрийн эзэмшил байтал энэ цагийн эрх баригчид стратегийн ордын 34 хувиас татгалзаж, тэр тэнэглэлээ татвараар орлуулна хэмээн нүглийн нүдийг гурилаар хуурсан гэмт шийдвэр гаргацгааж.

“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” УИХ-ын тогтоолд төрийн эзэмшлийн 34 хувиа авахгүй, 10 хувийг нь давуу эрхийн хувьцаагаар, 24 хувийг нь АМНАТ-өөр орлуулахаар тусгаад зогсохгүй үүндээ мөн хөнгөлөлт үзүүлж суурь АМНАТ таван хувь, тусгай төлбөрөөр үнэлгээтэй холбогдуулаад тогтоож өгөхөөр тусгасан байгаа юм.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Хайгуул хийсэн улс нь баялгийг эзэмшиж байгаа улсаас их хувь авдаг жишиг дэлхий дээр Монголоос өөр хаана ч байхгүй. Бид баялгаа гаргалаа, 50 хувийг нь авна гэж хэлж чадахгүй байна. Сүүлдээ хувиа нөөцийн төлбөр рүү оруулаад хяналт тавьж чадахгүй болох нь. Хяналт тавьж чадахгүй болохоор зардлаа өсгөнө. Яг л Оюутолгойн байдал руу орж байна” гэдгийг тодорхой хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал ч “Манай улс 24 хувиа тусгай төлбөрт орлуулж байна. Тусгай төлбөр таван хувь байхаар хавсралтаар оруулж ирлээ. 10 тэрбум ам.долларын ашиг олбол 500 сая ам.доллар болно. 24 хувиар тооцвол 2.4 тэрбум ам.доллар болно. 51 хувийг бусад татвараар авах нь үүнд ямар ч хамаагүй. Бид 34 хувийнхаа 10 хувийг давуу эрхийн хувьцаагаар, 24 хувийг нь АМНАТ-өөр авах гээд байгаа. 24 хувь чинь таван хувьтай тэнцэж байгаа гэж ажлын хэсэг оруулж ирээд байна. Хоёр өөр тооцооллыг нэгтгэж ташаа мэдээлэл өгөхөө боль” хэмээн буруутгалаа.

Иргэн бүр хувьцаа эзэмшдэг Тавантолгойн 34 хувийг төр эзэмшиж, давхар АМНАТ авдаг. Эрдэнэт ч ялгаагүй. Гэтэл Францын талд яагаад ингэтэл найр тавих болов?!

Уранаа олборлуулсан улс цөмийн хог хаягдлаа өөрсдөө авч далдруулах ёстой.

Хог хаягдлаа Монголын тал хариуцна гэсэн үг. Тэгэхээр энэ гэрээнээс Монголын тал яг юу хожих гээд байгаа юм бол…

Ц.Туваан салбар хариуцсан сайд болсон цагаасаа Зөөгч-Овоогийнхонтой сүлбэлдэж, гишүүд, сэтгүүлчдийн багийг байсхийгээд тэр зүгт мордуулсаар эцэстээ клуб байгуулан хэвлэл мэдээллийнхний дунд ураныг сайнаар сурталчлах уралдаан хүртэл зарлачихсан гэж байгаа.

…Ураны төсөл бэлтгэл хангах, үйлдвэрлэх, нөхөн сэргээх гэсэн 3 үе шатаас бүрдэж 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд бэлтгэл ажлаа базааж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх бол нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онд үргэлжлэх төлөвлөгөөтэй юм байх.

Бүтээн байгуулалтын явцад 60 хувь, олборлолт эхлэхэд 90 хувь нь монголчууд байж, аль ч улсын мэргэжилтэнтэй ижил түвшинд үнэлэгдэн, ажил эрхэлбэл 7-12 сая төгрөгийн цалин хөлс авахаар гэрээнд тусгасан гэдгээр төслийг зүтгүүлэгчид попорч байгаа. Харамсалтай нь, Оюутолгойн гэрээнд ч ийм заалт тусгагдсан боловч өнөө хэр хэрэгждэггүй маргаан дагуулсан сэдэв хэвээр гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тэгэхээр уран олборлохыг эсэргүүцлээ гэх уран цэцэн тайлбаруудын цаана адгийн муу гэрээ хэлцлээ зүтгүүлж буй эрх баригчид зогсосхийх, хэлцлийн ширээнд дахин суух нь зүй болж таарч байна. Уран олборлохыг биш уранаа олборлуулах гэрээний нөхцөлд олон нийт дүгнэлт хийн шүүмжилж буйг ялгаж салгаж харах хэрэгтэй юм.

Тэрчлэн Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраар авторлагдан Ц.Туваан лай ланчгийг нь үүрч мэдэх дараагийн мега нь Гашуунсухайт-Тавантолгойн төмөр зам. 14 жил гацсан төслийг гацаанаас гаргалаа хэмээн цээжээ дэлдэж байгаа ч мөн л Монголын талд ашигтай заалт бий эсэх нь эргэлзээтэй байна.

Чайна энержи төмөр зам холбох ажлыг өөрийн зардлаар хийнэ. Хариуд нь Монголын Засгийн газар Чайна энержид хөрөнгө оруулалтаа нөхөх боломж олгон Тавантолгойгоос хэсэгчлэн нэг тэрбумын нөөцтэй хоёр хэсгийг өгнө гэж байгаа.

Энэ талаар Эрдэнэс Тавантолгой ХК Бортолгой Ончхараат ордоос БНХАУ-ын Чайна энержи компанид 2025-2029 оны хооронд 27 сая тонн, 2030 оноос жилд 20 сая тонн нүүрс нийлүүлнэ. 2041 он гэхэд нийт 247 сая тонн нүүрс нийлүүлэх үүрэгтэй. Ингэхдээ бартер хийхгүй, нүүрсний төлбөрийг урьдчилж авахгүй байхаар тусгасан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлж байсныг энд дурьдан сануулъя. Ингэхдээ олборлолт болоод тээвэрлэлтээ Чайна энержи өөрсдөө хийх буюу Монголын талд падлийгүй гэсэн үг. Тэнд монголчууд ажиллахгүй.  

УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал “Нүүрсийг биржээс гадна шууд гэрээлж болно гэсэн агуулгатай хуулийн өөрчлөлтийг УИХ ноднин жилийн долдугаар сарын 23-нд хийсэн. Үр дүнд нь Чайна Энержи компани орж ирж байгаа юм байна” гэсэн нь эргэж ухахуйц утга байж…

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар цар тахлын үеэр энэ компаниас 250 сая ам.долларыг хүүтэй зээлсэн байсныг уншигчид хараахан мартаагүй байх. Тэглээ гээд энэ Засгийн газар зөвхөн тус компанид ашигтай байхаар нөхцөл бүрдүүлчихсэн байгаа нь цочирдом. Үүнийгээ гацаанаас гаргалаа гэхчлэн бахдам ярих нь тэнэгийн дотор уужуу гэхээс өөрөөр хэлэх үггүй болгож байна.

Чайна энержи олборлосон нүүрсийг Биржийн үнээр тооцохгүй. Нүүрсний үнэ БНХАУ-ын Чалко компанид одоо нийлүүлж буй нүүрсний үнээс илүүгүй байна гэх заалттай. Тэгэхээр биржийн үнээр тооцохгүй болохоор татварыг хэрхэн тооцох нь тодорхойгүй хэвээр үлдэнэ гэсэн үг.

Ийм л гэрээ хэлцлүүд нэрт бантан зуурагдаж, түүнийг нь хэвлэл гэгдэх хэдэн сайтууд магтан дуулж буй нь үнэхээр эмгэнэлтэй.

126 гишүүнтэй парламент энэ сарын 16-нд завсарлах товтой ч эл төмөр замын асуудлаас улбаалан чуулганы хуралдааныг 7-14 хоног сунгах төлөвлөгөөтэй байгааг эх сурвалж хэлж байна.

Харамсалтай нь, гадна талбайд иргэдийн анхаарлыг сарниулж, дотор танхимд гишүүдийн тархийг өөр зүгт “чиглүүлсээр”, ар хударгад нь Монголыг сэргээх бус сүйрүүлж мэдэх төслүүд ээлж дараалан зурагдсаар байгааг дор хавсаргах баримт сэлтээс тодорхой харж болохоор байна.

Сошиал орчинд иргэд Францын Орано майнинг-тай хийх гэрээг эсэргүүцэж, тус компанийг МОНГОЛЧУУДЫГ АВЛИГАДСАН АСУУДЛААР ФРАНЦ УЛСДАА 4 САЯ ЕВРОГООР ШИЙТГҮҮЛСЭН БАЙХАД МОНГОЛЫН ТӨР ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ГЭЖ ЗҮТГЭХ НЬ ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ ХИЙЖ БУЙ ГЭМТ ҮЙЛДЭЛ хэмээн үзээд нэгдэж эхэллээ.

Улмаар Франц улсын шүүхийн шийдвэрийг монгол хэл дээр орчуулан түгээж буйг нийтлэлд хавсарган хүргэе.

Парисын давж заалдах шатны шүүх

Парисын шүүхийн танхим

Санхүүгийн прокурорын алба

Тохиролцсон онцгой ашиг сонирхол бүхий гэрээ

Хоорондын харилцаа:

1. Францын санхүүгийн прокурор

Парисын шүүхийн дэргэдэх албан тушаалтан,

2. AREVA SA компани

Хаяг: Tour AREVA, 1, place Jean Millier, 92400 Courbevoie.

Хуульчаар Марион ЛАМБЕРТ-БАРРЕТ оролцов.

3. ORANO MINING SAS компани

Хаяг: 125, avenue de Paris, 92320 Chatillon.

Хуульчаар Алексис ГУБЛИН оролцов.

Эшлэлүүд:

Эрүүгийн процессын хуулийн 41-1-2 дугаар зүйл.

Мөн хуулийн R.15-33-60-1–R.15-33-60-10 зүйлүүд.

2015 оны 6-р сарын 3-нд санхүүгийн прокурорын алба (PNF)-аас төвлөрсөн мөрдөн байцаах алба (OCLCIFF)-д даатгасан урьдчилсан мөрдөн байцаалтын ажил.

AREVA SA ба ORANO MINING SAS компаниудын тухай

1. AREVA SA:

Улсын өмчит компани.

2001–2017 онд дэлхийн цөмийн эрчим хүчний салбарын тэргүүлэгчдийн нэг байв.

2. AREVA группын үйл ажиллагаа (2001–2017):

Цөмийн түлшний бүхий л процесс (уран олборлолт, хаягдал боловсруулах хүртэл).

Цөмийн реакторын зураг төсөл, барилга байгууламж.

Цөмийн байгууламжийн буулгалт.

3. Уул уурхайн үйл ажиллагаа (2006–2016):

Ураны хайгуул, олборлолт, хүдрийг боловсруулах, ашиглалтын дараах нөхөн сэргээлт.

Жилийн дундаж орлого: 1,379 сая евро.

Дундаж ажилтан: 4,300 хүн.

4. 2015 оны санхүүгийн хүндрэл:

Улсаас AREVA группын үйл ажиллагааг дахин зохион байгуулах арга хэмжээ авсан.

2016 онд уул уурхайн үйл ажиллагааг NEW AREVA HOLDING SA (ORANO SA болж өөрчлөгдсөн) нэртэй шинэ нэгжид шилжүүлсэн.

5. ORANO MINING SAS:

ORANO SA группын 100%-ийн охин компани.

2023 онд 1,163 сая еврогийн орлоготой, 332 ажилтантай.

6. ORANO групп (2023):

17 оронд 17,500 ажилтантай.

4,800 сая еврогийн орлого.

AREVA болон ORANO-гийн үйл явц

1. 2011 оны 9-р сарын 30-ны байдлаар:

AREVA SA-ийн охин компани болох AREVA NC нь уул уурхайн үйл ажиллагааг AREVA MINES SA-д шилжүүлсэн.

2. 2016 оны 11-р сарын 10-нд:

AREVA MINES SA-г шинэ нэгж болох NEW AREVA HOLDING SA-д шилжүүлсэн.

3. 2017 онд:

NEW AREVA HOLDING SA нь Францын засгийн газрын хувьцааны дийлэнхийг эзэмшсэнээр AREVA SA-ийн хяналтаас гарсан.

2018 оны 1-р сард NEW AREVA HOLDING SA-г ORANO SA гэж нэрлэх болсон.

4. 2018 оны 2-р сарын 1-нд:

AREVA MINES SA-г ORANO MINING SAS болгон нэр өөрчилсөн.

Хэрэг явдлын тайлбар

A. TRACFIN-ийн мэдээлэл:

2015 оны 5-р сарын 13-нд TRACFIN нь 998,898.42 долларын (725,000 евро) мөнгөний шилжүүлгийн талаар PNF-д мэдээлсэн.

EUROTRADIA INTERNATIONAL компаниас Монголын бизнес эрхлэгчид рүү шилжүүлсэн уг мөнгө нь дараа нь үл хөдлөх хөрөнгө худалдан авахад ашиглагдсан.

EUROTRADIA нь AREVA группын 10 гаруй жилийн турш Монголд үйл ажиллагаа явуулсан хэрэглэгчдийн нэг байсан.

B. Мөрдөн байцаалт:

1. AREVA-ийн Монгол дахь үйл ажиллагаа:

1996 онд AREVA групп Монголд уран хайгуулын үйл ажиллагаа эхлүүлсэн.

COGEGOBI LLC хамтарсан компани байгуулж, 30%-ийг GOBIGEO LLC эзэмшиж байв.

Уран баяжуулалт хийх боломжит талбайг хайж, лицензүүдийг Монголын засгийн газраас авсан.

2. 2007 онд:

AREVA нь EAST ASIA MINERALS ENERGY-г худалдан авч, 2008 онд AREVA MONGOL LLC болгон нэрлэсэн.

2009 онд AREVA MONGOL LLC нь COGEGOBI LLC-ийн цорын ганц эзэмшигч болсон.

Монгол дахь AREVA-гийн үйл ажиллагаа ба лицензүүд

1. 2011 оны 11-р сар:

AREVA MINES LLC байгуулагдсан. Энэ нь AREVA MONGOL LLC-ийн охин компани бөгөөд уул уурхайн олборлолтод зориулагдсан.

2. 2013 оны 10-р сарын 26:

Монгол Улсын “Цөмийн эрчим хүчний тухай хууль”-д нийцүүлэхийн тулд Монголын төрийн өмчит MON-ATOM LLC нь AREVA MINES LLC-д 34%-ийн хувьцаа эзэмшигч болжээ.

3. 2013 оны 11-р сар:

MITSUBISHI CORPORATION нь AREVA MONGOL LLC-д 34%-ийн хувь оролцоотой болсон.

4. 2015 оны 6-р сар:

Монголын Ашигт малтмалын газрын зүгээс COGEGOBI LLC-д Дулаан Уул, Умнут, Зөөвч-Овоо ураны ордуудын гурван ашиглалтын лицензийг олгожээ.

5. 2016 оны 7-р сар:

Эдгээр лицензийг Монголын Засгийн газрын шийдвэрийн дагуу AREVA MINES LLC-д шилжүүлсэн.

6. 2017 оны 6-р сар:

MON-ATOM LLC нь AREVA MINES LLC-ийн 34%-ийн хувьцааг эзэмшиж, компанийн нэрийг 2018 оны 1-р сард BADRAKH ENERGY LLC болгон өөрчилсөн.

EUROTRADIA-ийн үүрэг:

2010 оны 7-р сарын 1-нд байгуулсан гэрээгээр EUROTRADIA нь AREVA группт санхүү, хууль эрх зүй, худалдааны зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан.

2013 оны 10-р сарын 15-нд EUROTRADIA-д өгсөн 15-р үйлчилгээний даалгаврын дагуу уул уурхайн лиценз олгох үйл явц, төслийн гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлжээ.

EUROTRADIA-ийн нийт шагнал: 3 сая евро.

EUROTRADIA ба Монгол дахь бизнесийн харилцаа

1. Үйлчилгээний захиалгын өөрчлөлт:

2014 оны 9-р сарын 11 болон 2015 оны 11-р сарын 13-нд байгуулсан нэмэлт гэрээнүүдээр нийт төлбөрийг 4 сая евро болгож нэмэгдүүлсэн.

2. EUROTRADIA ба Монголын бизнес эрхлэгчийн хамтын ажиллагаа:

2014 оны 4-р сарын 9-нд EUROTRADIA нь Монголын бизнес эрхлэгчтэй гэрээ байгуулсан.

Зөвлөхийн үйлчилгээ нь хувьцааны гэрээ байгуулах, лиценз авах, уран олборлолтын үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой байсан.

Уг гэрээний дагуу амжилттай үр дүн гарсан тохиолдолд шат дараалсан төлбөрүүдийг хийнэ.

3. Төлбөрийн мэдээлэл:

EUROTRADIA нь нийт 1,275,000 еврогийн төлбөрийг 2014-2017 оны хооронд Монголын бизнес эрхлэгчид шилжүүлсэн.

4. Мөрдөн шалгалтын үр дүн:

Уг бизнес эрхлэгч нь хувьцааны гэрээ байгуулах эсвэл лиценз шилжүүлэх үйл явцад оролцоогүй болохыг тогтоосон.

Түүний авсан мөнгөний ихэнх хэсэг нь өндөр албан тушаалтай Монголын төрийн албан хаагчийн 80%-ийн эзэмшдэг үл хөдлөх хөрөнгийн төсөлд хөрөнгө оруулсан байжээ.

5. Төрийн албан хаагчидтай холбоотой:

251,600 долларыг Монголын өөр нэг өндөр албан тушаалтан авсан бөгөөд тэрээр хувьцааны гэрээ байгуулах хэлэлцээрт оролцсон.

6. Хууль зөрчсөн үйлдэл:

Санхүүгийн прокурорын зүгээс эдгээр үйлдлийг Эрүүгийн хуулийн 435-3 зүйлд заасан “гадаад улсын төрийн албан хаагчийн авлига”-д хамааруулж болохоор гэж үзсэн.

Олон нийтийн ашиг сонирхлын торгууль

1. Эрүүгийн процессын хуулийн 41-1-2 зүйлд зааснаар:

Олон нийтийн ашиг сонирхлын торгуулийн хэмжээг зөрчил гаргасан ашгаас хамааран тогтоох ба энэ нь сүүлийн гурван жилийн дундаж орлогын 30%-аас хэтрэхгүй байх ёстой.

2. AREVA SA-ийн үйл ажиллагааны өөрчлөлт ба хөрөнгийн шилжүүлэг:

AREVA SA-ийн үйл ажиллагааг зогсоож, активуудыг зарж борлуулсныг Францын төрөөс баталгаажуулсан.

Торгуулийн дүн ба үндэслэл

1. Торгууль:

Торгуулийн дүн: 4,800,000 евро.

Энэ торгууль нь зөвхөн “хохирол учруулах” хэсгийг багтаасан, учир нь зөрчил гаргасан ашгийг компани олж аваагүй ба ирээдүйд ч авахгүй.

2. Үндэслэл:

Зөрчил нэг удаа гарсан.

Компаниуд идэвхтэй хамтран ажиллаж, дотоод шалгалтын тайланг хуваалцаж, санхүүгийн прокурорын албанаас тавьсан асуултуудад хариулсан.

Шийдвэр: Зохицуулалтын хөтөлбөр

1. Эрүүгийн процессын хуулийн 41-1-2 зүйлд заасны дагуу:

Компани нь гурван жилийн туршид Францын Авлигын эсрэг агентлагийн (AFA) хяналтанд байх зохицуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой.

2. ORANO группын үүрэг:

Бүх уул уурхайн үйл ажиллагаа одоо ORANO группын удирдлагад байгаа тул уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Хөтөлбөрийн хүрээнд эхний аудит, эрсдэлийг тодорхойлох, хэрэгжилтийн үр дүнг хянах, эцсийн аудит хийх шаардлагатай.

3. Хөтөлбөрийн хяналт:

AFA нь жил бүр, эсвэл шаардлагатай үед санхүүгийн прокурорын албанд хяналтын тайлангаа хүргүүлнэ.

Хэрэв бүх шаардлагыг 2 жилийн дотор хангаж чадвал хөтөлбөрийг хугацаанаас өмнө дуусгаж болно.

ORANO группын үүрэг хариуцлага

1. Гурван жилийн зохицуулалтын хөтөлбөр:

ORANO SA болон түүний охин компаниуд гурван жилийн хугацаанд Францын Авлигын эсрэг агентлагаас (AFA) явуулсан аудит болон хяналт шалгалтанд хамрагдахаа зөвшөөрсөн.

2. Санхүүжилт:

ORANO MINING SAS нь AFA-ийн хяналтын үйл ажиллагаанд зориулж 1,500,000 еврогийн санхүүжилтийг шилжүүлэх үүрэгтэй.

Хяналтын төгсгөлд ашиглагдаагүй хөрөнгийг компанид буцаан олгоно.

Гэрээний хэрэгжилтийн журам

1. Торгууль ба зардлын төлбөр:

AREVA SA нь олон нийтийн ашиг сонирхлын торгуулийн хэмжээгээр 4,800,000 еврог төлнө.

Энэ төлбөр нь гэрээг баталгаажуулснаас хойш нэг сарын дотор хийгдэх ёстой.

ORANO MINING SAS нь AFA-ийн хяналт шалгалтын зардлыг 1,500,000 еврог хүртэлх хэмжээгээр төлөх үүрэгтэй.

2. Гэрээний баталгаа:

Эрүүгийн процессын хуулийн 41-1-2 зүйлд зааснаар энэ гэрээг баталснаар аливаа буруутгал эсвэл ял шийтгэл үүсэхгүй.

Гэрээ нь зөвхөн олон нийтийн ашиг сонирхлын торгууль болон хяналтын хөтөлбөртэй холбоотойгоор хүчин төгөлдөр.

Гэрээг байгуулсан талууд:

1. Жан-Франсуа БОНЕРТ

Санхүүгийн прокурор.

2. Филипп БРАЙДИ

AREVA SA компанийн төлөөлөгч.

3. Ксавье СЭНТ-МАРТИН ТИЛЛЕТ

ORANO MINING SAS компанийн төлөөлөгч.

Орчуулах »
error: Content is protected !!