Ерөнхийлөгчийн захирамж хэрэгжиж МАН тарчихсан юм биш байгаа

Тусгаар тогтнолын ордонд Я.Содбаатараас өөр хүн бий болов уу… Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, Улсын Дээд шүүхэд хүргүүлж байсныг бид өмнөх нийтлэлд дурьдсан. Эл захирамж хэдийнэ хэрэгжчихсэн юм биш биз. Хэрэгжих ч хуультай шүү дээ. Захирамжийн талаарх мэдээлэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны цахим хуудаст одоо хэр нь дэлгэрэнгүйгээр байгааг яалтай билээ. Захирамж нь байгаа атал хүчингүй болсон талаарх мэдээлэл үгүй байгаа нь захирамж хэдийнэ хэрэгжээд эхэлчихсэн юм биш биз гэх эргэлзээг төрүүлж буйг хэлэх хэрэгтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1-д Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана.

2.Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөнө.

3.Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон, нийтээр дагаж мөрдөх зарлиг түүнд өөрөөр заагаагүй бол төрийн төв хэвлэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа, бусад зарлиг, захирамж тэдгээрт өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно.

4.Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэж заасан байна.

Академич С.Нарангэрэл энэ талаар “…Ерөнхийлөгч зарлиг, түүнчлэн захирамж гэсэн эрх зүйн актыг гаргах эрхтэй. Ерөнхийлөгчийн захирамж эрх хэмжээнийх нь хүрээнд гарах ёстой бөгөөд түүнийг дагаж мөрдөх ёстой хувь хүн буюу хуулийн этгээд заавал биелүүлэх хүчин чадал бүхий захирамжилсан шинжтэй байдаг” гэж захирамжийн талаар тодотгоод эцэст нь “Ерөнхийлөгчийн энэ алхам нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Үндсэндээ Ерөнхийлөгчийн энэ үйлдэл нь Монгол төрийн жолоог хууль бусаар атгах гэсэн атгаг санаа агуулсан байна” хэмээн дүгнэсэн байсныг ч энд тэмдэглэе.

Хэдий тийм ч Х.Баттулгын бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан дээрх захирамжийг Төрийн тэргүүн ч, УИХ ч хүчингүй болгоогүй.

Тэгж үзвэл, Төрийн тэргүүний гаргасан зарлиг, захирамжийг нийтээр дагаж мөрдөх эрх зүйн зохицуулалтын дагуу МАН тарчихсан байж таарах нь. МоАХ-ны хөх туг Тусгаар тогтнолын ордны оройд намирч, Монголын ҮНЭН сонин МоАХ-ны төв хэвлэл гээд гарвал гайхах хүнгүй л болох нь…

Үнэндээ С.Баяр, Н.Багабанди, Ц.Нямдорж, Сү.Батболд, М.Энхболд, Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар нарын хэн нь ч намдаа “алга”. Сайн муу, сайхан муухайгаар дуудуулдаг бүсгүйчүүд нь ч үзэгдэхээ больж…  

Цагтаа бүгдийг нь цавчилж тастан хөөсөн У.Хүрэлсүх Д.Амарбаясгалан нар өөрсдөө эргэж ирэхийн эцэсгүй арал дээр хаягдчихсан харагдаж байна. Тэд улстөрийн карьерынхаа сүүлийн цэг дээр зогсч байж ч мэднэ. Нэг нь Ерөнхийлөгчөөс, нөгөө нь Спикерийн суудлаас буугаад хэн ч биш нь үнэн. Тэдэнд үнэнч зүтгэх баг команд түй ч алга. Тэднийг гэх бүхэн тэтгэвэртээ, эсвэл тэр энэ улсад консул элчин нэр дор дэвшүүлэн зайлуулагдсан гэхэд хилсдэхгүй.

МАН-ын хууччуул намаа аваръя гээд нэгдэхэд нэгэнт оройтсон биз. Тэд хөх тугтнуудын урагш хоёр алхаж, арагш нэг ухарсан бодлогод алгуур автсаар өндийх ч, үг хэлэх ч тэнхэлгүй болсон байх.

Намын генсек Я.Содбаатарыг А.Амундрагийн амнаас, атганаас гарахаас нэгэнт өнгөрсөн кадр гэдгийг дээр доргүй ярьцгаадаг нь үнэн.  

Эцэстээ саарал ордон ч баруун зүүн жигүүрээр талцан УИХ-ын Тамгын газрынхныг Засгийн газрын Хэвлэлийн алба нь адлан, илтэд дорд үзэх болсон нь нуугаад байхааргүй ил харагдаж буйг яалтай билээ.

Ямартаа Засгийн газар Огцор хэмээх жагсаалын ард Д.Амарбаясгаланг байгаа гэж хардахдаа бүхий л хүчээ хаяж, жагсаал болохын өмнө хэвлэлийнхнийг цуглуулж Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бэлэн мөнгө тараасан гэлцээд эхэлж. Ингэхдээ жагсаалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулахгүй байх, дамжуулах тохиолдолд Засгийн газар огцрох бус ажлаа хийхийг шаардах байдлаар түгээх захиалга өгсөн гэлцэж байна. Үнэндээ, талбайн төв хэсэгт Засгийн газар огцрохыг шаардаж байхад хажууханд нь ажлаа хийхийг шаардан уриа лоозон барьсан нөхөд хүчийг сулруулж байсан уу гэвэл байсаан.

Жагсаалд ирсэн иргэд байтугай Д.Амарбаясгалангийн гэгддэг сэтгүүлчид, инфлүүнзерүүд нь учраа олохгүй төөрөлдөн, Л.Оюун-Эрдэнийг огцруулснаар дараагийн ээлж хоолондоо орж, дараагийн албан тушаал горилогчдын арми орж ирэхээс өөр өөрчлөлт гарахгүй гэх мессежийг сошиал орчинд түгээн “эзнийхээ” эсрэг ажилласан гэгдэн элэг доог болж байна.

Энэ бүхний эцэст херогийн найруулга, А.Амундрагийн зохиолгүй юм энэ улсад үгүй болсон гэдгийг эх сурвалжууд хэлж байгааг энд дурьдалгүй өнгөрөх хайран.

Тэрчлэн, Засгийн газрын 14 мега төслийн цөм Ц.Тувааны гараар боловсруулагдана. Тэнд Ц.Туваан гэх нөмрөг дор шинэ цагийн хөзрийн хаад гэгдсэн Х.Баттулга, А.Амундра, херо Б.Баатар нар дуугаа захиална. Нэгэнт МАН АН-ын аль ч үгүй болж хуцах байтугай гийнах гөлөггүй болсон цаг хойно яалтай билээ гэсэн гашуун дайврыг ч тэмдэглэлгүй үлдээж болохгүй юм.

Орчуулах »
error: Content is protected !!