МАН цэнхэрлэж, МАН-ын оройд МоАХ-ын туг намирах вий…

“Засгийн газар Огцор” жагсаал өнөөдөр 10:00 цагаас үргэлжилнэ. Тэд өдөр бүр, Засгийн газрыг огцортол цуглана гэдгээ мэдэгдсэн. Жагсаалыг Ц.Элбэгдорж зохион байгуулж байгаа юу, эсвэл түүнийг байгаа мэт харуулах хөндлөнгийн зохиол амжилттай болж байна уу… ямартай ч жагсаалын байр байдал түүнтэй ямар нэг хэмжээгээр холбогдож харагдаж байгааг хэлэх хэрэгтэй.

Уг нь Эрх чөлөөний эвсэл жагсаал зохион байгуулахаа эртнээс мэдэгдэж, иргэдийг нэгдэхийг уриалсаар байсан ч одоогоор хүч сул, зорилго шаардлага зориггүй, үлбэгэрдүү байгаагаас иргэд хоёр дахь өдөр нь бараг ирсэнгүй.

Утаа, түгжрэл, ядуурал, авлига, татвар, ажилгүйдэл, татварын дарамт гээд аль ч асуудлыг Л.Оюун-Эрдэнэ болоод түүний тэргүүлсэн Засгийн газар шийдэж чадахгүй, цаашдаа ч чадахааргүй, чадамжгүй гэдгээ хангалттай харуулж байгаа тул огцруулахаас өөр хувилбар харагдахгүй байгаа нь ч үнэн.

Эхний өдөр жагсагчид төв талбайг гороолж байхад Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын хурал Нийслэлийн төр захиргааны V байранд хуралдаж байв. Жагсаалаас дайжиж хуралдсан нь тэр байх. Хурал дуусч хотын дарга Х.Нямбаатар төв талбайг тойрон Хангарьд ордны зүг хөдөлж байхад жагсагчид Төрийн ордон руу дайрах оролдлого хийсэн ч хүчитгэсэн хамгаалалтыг давж чадаагүй.

Өмнөхөө бодвол иргэд хэрсүүжиж, хэн нэгний турхиралтад автахаа больжээ.

11 цагийн орчимд эхэлсэн жагсаал Их Тэнгэр рүү шилжин шөнө дөл болтол үргэлжилсэн бөгөөд тэнд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, Цогтоо, Э.Одбаяр, Б.Цацрал нар оройлон явж буй харагдсан. Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай тэргүүтнийг эс тооцвол No War хөдөлгөөнийнхөн жагсаалын эхний өдөр онцлох үүрэгтэй оролцсон ч тэгсхийгээд хойш сууж эхэлсэн. Тус хөдөлгөөнийхөн хэд хэдэн удаа жагсаал зохион байгуулж, Засгийн газрыг огцрохыг шаардаж байв.

No War хөдөлгөөний Д.Монголхүү Х.Баттулгатай МоАХ-ны тамга булаалдаж байсан бол Э.Одбаяр нь АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү.

Ц.Оюунгэрэлийн тухайд Ц.Элбэгдоржийг УИХ-ын гишүүн байхад туслахаар, Төрийн тэргүүн байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. Энэ мэт байдлаас өнгөц харвал Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн жагсаалыг П.Цагаан болоод Ц.Элбэгдорж тэргүүтэн санхүүжүүлсэн байж мэдэхээр дүр зураг харагдаж байгаа.

Гэхдээ Ц.Оюунгэрэл Ц.Элбэгдоржоос нүүр буруулаад багагүй хугацаа өнгөрсөн.

2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ц.Оюунгэрэл “Хэрэгт холбогдсон, бүр онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон 15 шүүгч байдаг юм байна. 23 шүүгчийн /Улсын дээд шүүх/ 15 нь гэмт хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл, нийт шүүгчийн 63 хувь нь гэмт хэрэгт нэр холбогдсон байна. Холбогдсон гэмт хэрэг нь маш ноцтой. Жишээлбэл, найман шүүгч мөнгө угаах гэмт хэрэгт холбогдож байсан байгаа юм. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэгт долоон шүүгч холбогдсон. Захиалгаар хэрэг шүүдэг, Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авсан хэрэгт холбогдсон, газрын наймаанд холбогдсон шүүгч нар байдаг. Энэ хүмүүс хэзээ ч эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Цахиагийн Элбэгдорж гэдэг хүний үед энэ шүүгч нарын 17 нь томилогдсон. Дээд шүүхийн 70 хувь нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед томилогдож. Яагаад ийм асуудалтай хүмүүсийг томилоод байдгийг ойлгохгүй байна” хэмээн эгдүүцлээ илэрхийлж байв.

Өмнө нь энэ талаар цухалзуулах үед нь Ц.Элбэгдорж “1996 онд өөрийг нь хүн амины хэрэгт холбогдож, хорьж цагдуулж, зовж зүдэрч байна гэж Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд учирлаж хэлээд, би туслахаараа авч байв. Тэд хүний төлөө, хүн чанартай хүмүүс байсан юм. Юмыг хэн, яаж дүгнэхээс болно” гэж учир битүүлэг мэдээлэл агуулан жиргэснийг уншигчид санаж л суудаг байх.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн жагсаал болохоос өмнө санхүүжүүлэгч нь П.Цагаан түүний хүү, мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис түүний дүү Р.Саруул нар хэмээн зарлаад Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлж тавьтаргүйтсэн. Бригадын генерал Р.Чингис Ерөнхий сайдын хэлсэн бүх зүйл худал бөгөөд өөрийг нь гүтгэж, нэр төрд нь халдаад зогсохгүй үндэслэлгүйгээр албанаас чөлөөлсөн гээд Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагад өгөхөө мэдэгдээд байгаа.

Үнэндээ, Дотоодын цэргийн командлагчаа ийнхүү ил цагаан шившиглэсэн нь Монголыг ажиглаж байгаа гадны олон улс орны өмнө хэтийдсэн гутамшиг юм. Засгийн газрын тэргүүн өөрийн болоод улс орныхоо нэр хүндийг ийнхүү шившиглэсний учир шалтгаан нь жалга довны жижигхээн асуудал болов уу… 

Түүнд “гөвүүлсэн” Р.Чингис гэж хэн бэ?

Тэр Ерөнхий сайдын гэхээсээ Х.Баттулгын хорхойтой араанд зуугдаж явсан гэвэл илүү үнэнд ойр байж мэднэ. Мөн дүү Р.Саруулынхаа эрхэлж буй алба, гүйцэтгэсэн үүргээс болж ийнхүү чичлүүлсэн байх… Тэрбээр 2014-2016 онуудад АН МАН-ын хамтарсан Засгийн газар байгуулагдах үед Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж, түүний үед Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Шинэ төмөр зам төсөл, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийг шалгаж таарсан.

Дурьдсан хугацааны төгсгөлд, МАН Засгийн хаалгыг савж гарсны дараахан, 2016 оны дөрөвдүгээр сард Баялгийн хувь, Түмэн хишигтэн зэрэг компаниудын санхүүгийн бичиг баримтыг шалгахаар Баянгол зочид буудалд байрлах оффист нь нэгжлэг хийх гэхэд олимпийн аварга Н.Түвшинбаяр, сумоч Д.Дагвадорж, Херо Б.Баатараар толгойлуулсан бөхчүүд хамгаалан оруулна оруулахгүйдээ тулан бужигнаж байсныг уншигчид санаж буй биз. Эл явдлыг Х.Баттулга өөрөө хэрхэн мартах билээ…

Түүнчлэн АН-ын дарга асан С.Эрдэнэ АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилогдсон мэдээлэл жагсаалтай давхцан цацагдсан нь гэнэтийн хэрэг биш байх. Намаа хагалж, МАН-ын даалгавраар Ерөнхийлөгчийн сонгууль, нөхөн сонгуулийг будлиантуулах гол үүргийг гүйцэтгэсэн гэгддэг түүнийг албан тушаал авдаг өдөр хүү нь жагсаал эхлүүлснийг хоорондоо уялдаагүй гэвэл хэтэрхий гэнэн явдал болно.

No War хөдөлгөөнийхний хувьд ял аваад хэсэгтээ сураг алдраад байсан.

Тухайн үед дайныг эсэргүүцэж жагсаал хийсэн нөхдийн шүүх хурал гурав хоног үргэлжилж, тавд нь ял оноосон шийдвэрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гомдлыг үндэслэсэн гэлцэж байв. Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс дайныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан, дуу хоолойг ямар нэг байдлаар боомилоогүй гэдгээ илэрхийлж байсан ч тухайн үед Д.Амарбаясгалан цахим хуудастаа “Э.Одбаярын сошиалд түгээсэн мэдээлэл Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан байсан учир МАН-ын Хууль эрхзүйн хэлтсээс гомдол гаргасан” гэж жиргэсэн.

Намын генсек ингэж мэдэгдсэн ч Шүүхийн шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн гомдлоор гэж зарлан хөдөлгөөний залууст ял оноосон явдлыг МАН-ын дотоод дахь бүлэг фракциудын зодоонтой холбоотой хэмээн тайлбарлагсад олон байсан. Гэхдээ гол буруутнаар Д.Амарбаясгаланг нэрлэж байсныг энд тэмдэглэчихэд буруутахгүй биз.

Д.Амарбаясгалан намын өрөөнөөсөө ховхорч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын сэтэр зүүгээд хоёр сар болж байсан үе.

Түүний тэр үеийн мэдэгдэлд МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс гомдол гаргасан гэдгийг тодотгосон байсан бөгөөд тэр нь энэ удаагийн жагсаалыг ахтайгаа нийлж санхүүжүүлсэн гэгдсэн Р.Саруул байсан юм.

МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул Д.Амарбаясгалан нар эртнээс гар нийлж ажилладаг нөхөд. Хэн хэн нь У.Хүрэлсүхийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхаас намдаа зүтгэсэн бөгөөд нэг нь генсек, нөгөө нь хууль эрх зүйн хэлтсийн дарга болтол дэвжсэн.

Харцаараа ойлголцдог болтол гар нийлсэн тэднийг Л.Оюун-Эрдэнэ мэдэхийн дээдээр мэдэх тул жагсаалын ард Р.Саруул, Р.Чингис нар бий гэсэн нь Д.Амарбаясгаланд зориулсан үг хэмээн тайлбарлах хэсэг бүлэг ч байна.

Алин ч байлаа гэсэн Л.Оюун-Эрдэнийн өөртөө зориулж хүчээр босгосон бүтэц олон нийтэд таалагдахгүй байгаа тул түүнийг жагсагчдын шаардлага нэр дор намаас шахах бодлого эрчтэй яригдаад эхэллээ. Эл байдлаар цааш урагшилбал тун удахгүй МАН гэх нам үгүй болж Х.Баттулга, З.Энхболд, А.Амундра, херо Б.Баатар тэргүүтэн Тусгаар тогтнолын ордонд эзэн сууж МоАХ-ны хөх тугийг оройд залах нь цаг хугацааны л асуудал болчихож хэмээн намын Удирдах зөвлөл төдийгүй Бага хурлын гишүүд нь ч дүгнээд эхэлчихэж.

Магадгүй л юм… 

Х.Баттулга ердөө дөрөвхөн жилийн өмнө МАН-ыг тараах захирамж гаргаж байсан Ерөнхийлөгч. Тэр Ерөнхийлөгчөөс буусан ч үзэл бодол, байр сууринаасаа буугаагүй яваа улстөрч шүү дээ!!!

Жагсаалын нөхцөл байдлын талаар үргэлжлүүлэн хүргэх тул нийтлэлийг энд түр зогсоогоод Х.Баттулгын Ерөнхийлөгч байх үедээ гаргасан захирамжийг дор бүрэн эхээр хүргэе…

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ЗАХИРАМЖ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:

“Нэг. Төрийн эрх баригч Монгол ардын нам нь улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, Үндсэн хуулиар тогтоосон засаг төрийн тогтолцоог нам төрийн тогтолцоонд зүй бусаар шилжүүлж, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргийн өмнө гагцхүү төрийн хуульд захирагдаж, хараат бусаар ажиллах ёстой төрийн байгууллагуудын үүрэг, зорилгыг гажуудуулж, Монгол ардын намын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргаж, Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон тул Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3, 4, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Дотоодын аюулгүй байдал” гэсэн 3.3 дахь хэсгийн “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэснийг болон уг үзэл баримтлалын 3.3.1, 3.3.1.1, 3.3.1.3, 3.3.1.6, 3.3.3.3, 3.3.3.4, 3.3.4.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон хэрэгжүүлж, Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг  тогтоон захирамжилсугай.

Хоёр. Монгол ардын намын үйл ажиллагаанд Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 23 дугаар зүйлд тус тус заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн” дараах үйл баримт тогтоогдож байгааг Монголын ард түмэнд зарласугай. Үүнд:

Монгол ардын намын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар Монгол ардын намын шийдвэрээр нэг өдрийн дотор огцорлоо.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн Монгол ардын намын зөвшөөрөлгүйгээр чиг үүргээ, тухайлбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа хийж чадахгүй боллоо. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2021 он гарснаас хойш нэг ч удаа хуралдаж чадсангүй.

Монгол ардын намын удирдлага Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа зүй бус шийдвэрээр ард түмний төр эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явууллаа.

Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна.

Монгол ардын намын улс төрийн зорилготой үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлага, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрэн гажуудууллаа. Дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашиглаж байна.

Гурав. Монголчууд бид нэг эх орон, нэгдмэл төртэй, түүхт ард түмэн гэдгийг гүнээ ухамсарлаж, үндэстнийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхөө төлөө аливааг эргэцүүлэн тунгааж, элдэв өдөөн хатгалга, нөлөөллөөс ангид байж гагцхүү улс орныхоо аюулгүй байдал, хөгжлийг санан хичээхийг Монгол ардын намын эгэл жирийн гишүүдэд уриалсугай.

Дөрөв. Төрийн эрх баригч намын зүй бус дарангуйллыг таслан зогсоож буй энэхүү түүхэн үйл хэрэгт хариуцлагатай, нухацтай хандаж, Үндсэн хуулиа дээдлэн хамгаалж, гагцхүү хуульд захирагдан ажиллахыг төрийн нийт албан хаагчдад сануулсугай.

Тав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр, үйл ажиллагаанд улс орныхоо язгуур ашиг сонирхлын үүднээс хандаж, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалахыг нийт ард түмэндээ уриалсугай.

Зургаа. Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал тогтвортой, хариуцлагатай ажиллаж, Улсын Их Хурлын гишүүн бүр ард түмний элч байж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүргээ нэр төртэйгээр биечлэн хариуцахыг сануулсугай.

Долоо. Монгол ардын намыг тараах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжийг Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлсүгэй” гэжээ.

Орчуулах »
error: Content is protected !!