Үхсэн буурын толгойноос амьд ат айна аа… гэдэг үнэн аж. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, эрх баригч намын дарга атлаа Ц.Элбэгдорж Д.Эрдэнэбилэг нараас үнхэлцэгний хальсаа цууртал айдаг Ерөнхий сайдтай байна гэдэг шившигтэй юм.
Парламентын босго давж шударга 5 гэх дүр бүтээсэн цагаасаа эхлэн тэр Ц.Элбэгдоржтой зууралдсан гэхэд ташаарсан болохгүй байх.
МАНАН бүлэглэлтэй тэмцэхийн тулд сэлэм эргүүлэх эрх мэдэл хэрэгтэй байна гэсээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд, намын дарга гээд бүгдийг авав. Найман жил гаруй хугацаанд завсарлагагүй эрх барив. Гэвч юуг ч өөрчилж чадахгүй айсаар, хураасаар л…
Ерөнхий сайдын эрх мэдэл түүнд багадаж буй бол тэр НАМын дарга шүү дээ. Намын даргын статусаараа У.Хүрэлсүхийг ч бөхөлзүүлж, бөндөгнүүлж чадах өндөрт байгаа.
Гэвч тэр Ц.Элбэгдорж гэж орилсоор л…
Ачит Ихт гэх хавхаар түүнийг барихыг оролдсон боловч амжсангүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааны гэр бүлийн компаниар Ц.Элбэгдоржийг буруутгана гэдэг тэнэг л дээ, үнэндээ. Тухайн үеийн эрх баригчдын тогтоол шийдвэрээр баталгаажиж Эрдэнэтийн овоолгыг ашиглах болсон Ачит Ихтийн 34 хувийг төрд авах сэвэлт хийсэн нь олон нийтийн ойлголтыг төөрөгдүүлэх гэсэн арга саам төдий нь үнэн.
П.Цагааныг баривчлах хангалттай үндэслэл байхгүй байхад хуулийнхан хэрхэн баривчлах билээ.
Ц.Элбэгдоржийг саатуулах шалтгаан ч хангалттай байсангүй. БНХАУ-ын талтай Гашуунсухайтын хил холболтын төмөр зам ярьж байх үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг нар хил холболтын төмөр зам барих, ашиглах дундын компани үүсгэн 49:17:17:17 харьцаагаар хувааж авахаар хийгдсэн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг Хятадын талаас авчирлаа гэсэн баримт ч нэмэр болсонгүй бололтой.
Ачит Ихт 100 хувь П.Цагааны гэр бүлийн бизнес.
Тухайн үеийн эрх баригчдын зөвшөөрлөөр халаасласан ажил нь. Тэр хувийн өмчөө хэрхэх нь түүний дур. Хуульд заасан татвараа төлж байвал бусад нь төрд падлий ч үгүй юм. Ц.Элбэгдоржтой гэрээ хийнэ үү, мөнгө гаргаж өгнө үү Л.Оюун-Эрдэнэд түй ч хамаагүй нь үнэн.
Хэрэв тухайн үеийн эрх баригчдын шийдвэр хуудуутай гэж үзвэл Эрдэнэт үйлдвэр, төр нь овоолгоо өгөхөө больчиход л болох асуудал. Эрдэнэтийн нөөц дуустал, Эрдэнэт үйлдвэр хаалгаа бариад гэрлээ унтраагаад гарах хүртэл овоолгоор хангана гэсэн зүйл заалт гэрээнд байхгүй нь ойлгомжтой биз. Тийм байтал Л.Оюун-Эрдэнийн ийнхүү уйлан хайлах нь илүүц, худал хуурмаг харагдаж буй нь үнэн.
Харин ч дотоод дахь аж ахуйн нэгж, татвар төлөгчидтэйгээ ойлголцож чаддаггүй, тэднийгээ үнэлж хүндэлж чаддаггүй, юм л бол хураана хумслана хувь хэмжээ тогтооно гэдэг Л.Оюун-Эрдэнэ 14 мега төсөл эхлүүлж, Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай учраа ололцоно гэдэг лөөлөө гэдгийг гадаад дотоодгүй яс махандаа шингэтэл ойлгож байгаа байх. Л.Оюун-Эрдэнийг огцруулчихаад мегадъя гэцгээж ч байж мэднэ.
Тэрчлэн Засгийн газрын тэргүүн нь Шүүх засаглал руугаа удаа дараалан дайрч, шүүгчдээ нэр заан чичлэх нь хичнээн шившигтэй байгааг хэлэх хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ өөрөө ичдэггүй юм гэхэд иргэд чинь дэлхийгээс, олон улс орноос ичиж байгааг хэвлэл мэдээллийнхэн нь хэлэхгүй бол өөр хэн хэлж өгөх билээ…
Шүүх засаглалын хараат бус байдалд гүйцэтгэх засаглалын тэргүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаа хамтаар халдаж боргоох нь зөв үү, эрхэм Ерөнхийлөгч өө!!! Хэн нэгнийг баривчлах, саатуулах хангалттай үндэслэл байхгүй бол шүүгч нар баривчлах шаардлагагүй гэдэг шийдвэр гаргахаас өөр яалтай… Гэтэл тийм шийдвэр гаргасныхаа төлөө эзэнтэй эзэнгүйгээрээ дуудуулж, олон нийтийн шүүхэд итгэх итгэлд ан цав үүсгүүлэх нь зөв үү?!
Олон нийтийг Шүүх рүү, нэр бүхий шүүгчид рүү турхирсан эл үйлдлийнхээ төлөө Гүйцэтгэх засаглалын тэргүүн хариуцлага хүлээхгүй хэрэг үү!!!
Овог нэртэйгээ дуудагдсан шүүгчдийн аюулгүй байдал зүгээр гэж үзэх үү, Шүүхийн Ерөнхий зөвлөл!!!
Засгийн газрын тэргүүн иргэдээсээ үг ч сонсч чадахаа байж. Үзэл бодлоо илэрхийлж жагсвал хэн нэгний захиалгат хэмээн хардаж, эцэстээ Дотоодын цэргийн командлагчаа дэлхийн өмнө шившиглэлээ.
Түүний хэлснээр Дотоод цэргийн командлагч нь дүүгийн хамт жагсаалыг санхүүжүүлсэн нь хангалттай баримтаар нотлогдсон бол хуулийн цээрлэлээ хүлээн, гэм зэмээ үүрээд явах нь цаг хугацааны л асуудал.
Маргааш МоАХ-ны тамгыг Х.Баттулгатай булаалдаж явсан Д.Монголхүү тэргүүлсэн иргэд Засгийн газрыг огцрохыг шаардан жагсана.
Жагсаалд АН-ын олон гишүүн нэгдэхээ илэрхийлснээс гадна амьсгалах агаарын дутагдалд орсон, автозамын түгжрэлээс ажлын бүтээмжээ алдан дампуурсан, татварын дарамтаас өндийхөө больсон иргэд бүгдээр нэгдэхээ илэрхийлж байна.
Арга ч үгүй биз.
Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн үгэнд нэг ч үнэн байсангүй бөгөөд түүний үлээсэн шүгэл бүр өөртөө цаг хожсон худал хуурмагууд байсан гэчихэд тэгтлээ гомдоллоод байхгүй биз.
Иргэдийн амьдрал тартагтаа тулж, цаашдаа өндийж чадна гэсэн итгэл найдварын оч түй ч үгүй болсон. Аж ахуйн нэгжүүд айдас хүйдэс дор өдөр хоногийг өнгөрүүлж, дотооддоо хэн нэгнээ дэмжин хөрөнгө оруулахаас ч жийрхэж байна.
Эцэстээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, бусдаас өөр байх ч эрхгүй болтлоо шоронжин, цахим гавтай хилийн хоригтой хоригдлуудаар дүүрсэн нь гашуун үнэн юм.