Петровисын Ч.Даваанямын том охин Д.Энхчимэг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны бодлогод, С.Одонтуяагийн гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн үйл ажиллагаанд нь оролцдог гэх бор шувуу Төрийн ордны түмэн хэл амны дэргэдүүр нисэлдээд эхэлж. С.Одонтуяа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар очмогц хамгийн анхны албан даалгавраа Д.Энхчимэгийн зөвлөснөөр Шатахуун түгээх станцаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх нэр дор шатахуун импортлогчдыг бойкотлох ажлаар эхлүүлж байсан хэмээн ойрын нь эх сурвалжууд ам алдсан юм байх.
Эл хоёр гэр бүл бизнесийн хамтрагчид гэдгийг ч эх сурвалжууд хэлж байна.
Г.Өлзийбүрэнгийн тухайд эхнэр С.Одонтуяагийнх нь нам Засгийн эрх барьж байх үед, 2012 оноос Ашигт малтмал газрын тосны газарт даргаар ажилласан нэгэн.
2016 оны наймдугаар сарыг хүртэл эл албан тушаалыг хашсан түүнийг албаа өгсний дараахнаас хүү Ө.Үнэнбүрэнгийнх нь эхнэр Б.Алтантариагийн хамаарал бүхий Веллком ХХК шатахуун импортлож, бөөний болоод жижиглэнгийн худалдаа эрхэлж эхэлсэн байдаг. Уг компанийн нь гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй Ц.Амрааг Петровисын Ж.Оюунгэрэл агсантай хамтран British school Ulaanbaatar сургууль буюу Бритиш скүүл монголиа ХХК-ийг үүсгэн байгуулж, удирдаж байсан гэдгээр уншигчид илүүтэй мэдэх байх. Мөн Биг-Энтертайнмент гэх хуулийн этгээдийг 2007 онд хамтран байгуулж байсныг улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс харж болох юм.
Ж.Оюунгэрэл агснаар дамжуулан С.Одонтуяагийн хүү бэртэй бизнесийн хамтрагчид болсон гэх Д.Энхчимэг өдгөө С.Одонтуяатай өөртэй нь тун ойр байх болж, эцэстээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны бодлогод оролцож байна гэх хэл аманд өртөж эхэлсэн нь энэ бололтой. С.Одонтуяагаас гадна сайд Ч.Номинтой ч ойр бөгөөд гэр бүлийн хүн болох М.Халиунбатын хамт сайдуудын нэр холбогдож байсан койны хэргүүдэд ч хамааралтай байж болзошгүй талаар шуугиад эхэлж.
С.Одонтуяагийн бэр Б.Алтантариа нь Т.Бадамжунайн охин Б.Гаваатай Смарт чойсе транс ХХК-ийг эзэмшин автозам, төмөр зам, агаарын замаар ачаа тээвэрлэх тээвэр ложистикийн үйлчилгээ үзүүлдэг бол хүү Ө.Үнэнбүрэн нь 2018 онд Бит мон экс ХХК-ийг Б.Гантиг, Б.Сабит нарын хамт байгуулж компанийнхаа нэр дээр Bitmonex нэртэй бирж ажиллуулан зах зээлд гарсан койнуудыг арилжаалдаг байсныг хэвлэлүүд хангалттай мэдээлсэн тул энд дэлгэрүүлэн нурших илүүц биз.
Хэдэн сая ам.доллар татан төвлөрүүлсэн гэгддэг MNFT койныг Ө.Үнэнбүрэн, Б.Гантиг, Б.Сабит нар үүсгэн байгуулсан ч Петровисын Ч.Даваанямын охин Д.Энхчимэг нөхөр М.Халиунбатын хамт нэлээдгүй нөлөөтэйгээр оролцож байсан гэх шуум хохирогчдынх нь дунд тархаад эхэлчихсэн байгааг энд дурьдахад илүүдсэн мэдээлэл болохгүй байх. Алдсан хүн арван тамтай гэдэгчлэн хөрөнгө мөнгөө алдсан хохирогчид хэнийг ч буруутган хардах энүүхэнд биз. Гэхдээ М.Халиунбаттай холбоотой өөр нэг сонирхолтой мэдээлэл бий нь тэрбээр 2024 оны 9 сард Англид нэгэн компани байгуулсан нь Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрддөг эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “бие даасан, хараат бус” гэгдэх сүлжээ “OCCRP” (Organized Crime and Corruption Reporting Project) төвийн тайланд орсон байгаа явдал юм.
Сонирхолтой… Яагаад?! Мань эр ямар учиртай компани байгуулсан болоод тус төв сонирхсон байх билээ. Энэ талаар дэлгэрүүлэн жич хүргэх тул энд түр орхиё.
Д.Энхчимэгийн нөхөр М.Халиунбатын нэрээр олон хуулийн этгээд бүртгэлтэй.
Тэдгээрийн нэг Нэкстпрофешнл сервис гэх гадаадын хөрөнгө оруулалттай компани бий. Хамтран эзэмшигчээр бүртгэлтэй Төмөрбаатарын Хасбаатар Хорих 437-р ангид даргаар ажиллаж байсныг тодотгочиход тэгтэл буруутахгүй биз. Үүнийг дурьдахын учир нь С.Одонтуяа сайдын гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэнг өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт ял наймаалцахад зуучилдаг байж болзошгүй, гаалийн байцаагч нарт нөлөөлж хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлсэн, Ариг банкны хувьцааны асуудал, коронавирусын эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагааг харлуулах захиалгыг нэр бүхий хүмүүст өгсөн, газрын тосны болон уул уурхайн бусад лицензүүдийг хууль бусаар эзэмшилдээ оруулсан эсэх зэрэг асуудлаар шалгаж байсан ч сураг алдарсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл вакцинжуулах ажилд саад учруулсан хүмүүсээр С.Одонтуяа, Г.Өлзийбүрэн нарыг нэрлэж байсныг уншигчид хараахан мартаагүй байх. Эл дуулианы зэрэгцээ Г.Өлзийбүрэн нь хорих ангид очиж Азаргын гол чонот ХХК-ийн эзэн, хар хочит Б.Отгонбаатартай уулзсан нь хууль хяналтынхны анхаарлыг татсан бөгөөд Б.Отгонбаатарыг мөрдөн шалгаж байх явцад оффшор дансанд их хэмжээний мөнгө байгаа нь илэрсэн, эл оффшорын улмаас Г.Өлзийбүрэн Б.Отгонбаатарыг эргэсэн гэлцэж байв.
Түүгээр зогсохгүй, Г.Өлзийбүрэнд холбогдсон шуугиан дуулианы дараахан буюу 2021.07.22-ны өдрөөс М.Халиунбатын Нэкстпрофешнл сервис компанийн хамтран эзэмшигч Т.Хасбаатар Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газар Нэгжийн дарга, 2022.02.22-нд Налайх дүүрэг ШГХэсэгт Хэлтсийн даргаар шилжин ажиллах болсон нь С.Одонтуяагийн дэмжлэг, татаас байсан гэлцдгийг ч энд тэмдэглэчихэд илүүдэхгүй биз.
Д.Энхчимэг нөхөр М.Халиунбатын хамт Гурван зуун жар файнанс ББСБ-ыг 2015.01.20-нд байгуулж байсан ч хожим нэрээ хасуулж, нөхрөө Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар бүртгэлжүүлсэн нь бий.
Петровисын хүргэн гэдгээрээ илүүтэй танигддаг М.Халиунбат 2020-2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Ухаалаг Улаанбаатар төслийн ажлын хэсгийн даргаар ажиллаж, автобусыг ухаалагжуулан бэлэн мөнгөөр биш картаар зорчдог болгосон автор нь. Цахим системээр мэргэшсэн түүнийг Петровисын “Redpoint” үйлчилгээг хариуцан ажилладгаар нь бизнесийн хүрээнийхэн мэдэх байх. НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахдаа нийслэлийн төсөвт “Такси” хөтөлбөр нэрээр 700 сая төгрөг тавиулж автобуснуудтай адил цахимжуулах талаар сурталчилж явсан мань эр сүүлд “U bike” дугуйн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хотын удирдлагуудын тархийг “цэнэглэчихсэн” явсан.
Харин эх сурвалжаас өгсөн хамгийн сүүлийн мэдээллээр түүний “Mongol iD” нэгдсэн бүртгэлийн системийг ашиглан санхүүгийн бүх төрлийн төлбөр тооцооны үйлчилгээг үзүүлдэг Мину POS систем нь хэрэглэгчдийн мерчантийн гүйлгээг 24 цагаас дээш хугацаагаар саатуулсан байх магадлалтай бөгөөд эл асуудалд нь хууль хяналтынхан хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэлцэж байна. Хэрэв эл мэдээлэл үнэн бол мөнгө угаасан онц ноцтой гэмт үйлдэл болох юм. Мерчантын гүйлгээг 24-72 цаг барьж, саатуулсан байж болзошгүй талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг албан эх сурвалжуудаас тодруулан хүргэх тул энд түр орхиё.
Үргэлжлэл бий…