УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хүргэн гэдгээр олонд танигдсан Г.Дэнзэн гэгч нөхөр авлига албан тушаалын хэргээр шүүхээс 3.5 жилийн ял сонсч байсныг мартах цаг хараахан болоогүй байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж, Г.Дэнзэн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ “Говь повер” компанийг тендерт ялуулан улсад 5.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр 2017.04.03-ны өдөр ял сонсч байв. Улмаар давж заалдах байдлаар хугацаа хожсоор 2019.03.15-нд Нийслэлийн прокурорын газраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан явдлыг гэм буруугүй хэмээн итгэл үнэмшил дүүрэн хэлбэл өрөөсгөл биз.
Өдгөө тэр төрд эргэн иржээ.
Ирэх ирэхдээ хамтарсан Засгийн газарт, Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн гэх улсын төсөвт үйлдвэрийн газрын даргаар томилогдчихлоо. Төрийн албаны тухай хуулиар Авлига албан тушаалын хэрэгт холбогдон шүүхээс ял сонсч байсан бол төрд ажиллах боломжгүй. Төрийн албаны тухай хуульд 2017.12.07-нд шинэчилсэн найруулга оруулж, тухайн хуулийн 22.1.3-т “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэн шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” заалтыг тусгасан. Хуулийн энэхүү зүйл заалт бүхий босгыг Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэн хэрхэн давж орж ирж буй юм бол… Сонирхох л асуулт.
Энэ өнцгөөс хандвал Үндэсний хөгжлийн хүрээлэнг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэн нэгэнд зориулж сэргээсэн юм биш үү гэх хардлага уг газрыг нээсэн цагаас эхлэн үүссэнийг хэлэх хэрэгтэй.
УИХ-ын сонгуулийн дараа, 2024.08.07-ны өдрийн Засгийн газрын 22 дугаар тогтоолоор Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар болсон. Тогтоолд “Эдийн засаг хөгжлийн яамны харьяанд Үндэсний хөгжлийн хүрээлэн улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг хавсралтаар баталсугай. Үндэсний хөгжлийн хүрээлэн улсын төсөвт үйлдвэрийн газрыг улсын бүртгэлд бүртгүүлж, орон тоог 35-аас илүүгүй байхаар тооцон зохион байгуулалтын бүтцийг батлахыг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрт, үйл ажиллагаанд нь зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай” гэсэн байдгийг энд шигтгэе.
Дээрх газрын үйл ажиллагаанд шаардагдах эх үүсвэрийг батлагдсан төсвийн багцдаа багтаан зохицуулалт хийх замаар, 2025 оноос эхлэн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалган Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр нар гарын үсгээ зурсан нь яаран сандран хэн нэгэнд зориулсан бантикт бэлэг шиг харагдсан нь үнэн.
Өмнө, 2006 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяанд байгуулж байсан ч Засгийн газрын 2015.12.21-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон. Тухайн үед Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байв.
Ингэж үүдээ барьсан хүрээлэнг эдийн засаг хүнд, иргэд бүсээ чангалан зүтгэж буй цаг үед Л.Оюун-Эрдэнэ сэргээн, 30 гаруй хүнийг татварт төвлөрсөн мөнгөнөөс хонхойтол татан цалинжуулахаар болсон нь гарцаагүй хардам шийдвэр.
Хууль хүчний байгууллагаас эхлэн олон газрын орон тоог цөөлж, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засварыг хойшлуулан төсвийн алдагдлаа танах атлаа илтэд илүүдсэн улсын өмчит үйлдвэрийн газар гээчийг байгуулсан Ерөнхий сайдыг хэрхэн ч зөвөөр ойлгох билээ.
Бүсчилсэн хөгжлийн хүрээлэн, Үндэсний хөгжлийн газар, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны парк, Үндэсний хөгжлийн хүрээлэн гэх мэт чиг үүрэг давхардсан олон байгууллага бийг Улсын хөгжлийн төлөөх гэхээсээ Улсын төсвөөс өнгө хувирган хулгайлж буй арга залиудын нэг хэмээн хардахаас яалтай. Сайд нарын дэргэд давхардсан чиг үүрэгтэй Үндэсний хороо, төв, комисс, зөвлөл зэрэг хэзээ ч хэнд ч хэрэгтэй байгаагүй улсын төсөвт үйлдвэрийн газрууд одоогоор 40 гаруй байгаа нь Үндэсний эмгэнэл юм.
Эдгээр эмгэнэлийнхээ тоог нэмж, “хүргэн” Г.Дэнзэнд улсын төсөвт үйлдвэрийн газрыг “байгуулан” өгсөн гэж үзвэл энэ Засгийн газрын дураар авирлалт хэрээс хэтэрсний шинж биз. Улсын хөгжлийн төлөөх улсын төсөвт үйлдвэрийн газрыг мань эр мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавин үр дүнг тооцож чадна гэдэг юу л бол…
Засгийн газарт Г.Дэнзэнтэй хамтран ажиллаж байсан Ш.Солонго “Албан тушаалын хэнээрхэл, дур зоргоороо авирлахын дон шүгэлсэн Г.Дэнзэн гэж залуугийн замд би болон Монгол Улсын хууль саад болсон. Эрх мэдлээр далайлган намайг зайлуулж болно. Хуулийг бол чадахгүй л дээ. Эрх мэдэлд тэмүүлж болно. Гэхдээ чаддаг, мэддэг байх хэрэгтэй. Эрх мэдэл гэдэг ямба биш, ажил хариуцлага гэдгийг ойлгох хэрэгтэй. 2012 онд шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас Г.Дэнзэн гэдэг залуу Би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга болно гээд зарлаад явсан. Тэгээд миний орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Залуу хүн ажилдаа хурдан дадлагажих байх гэтэл маргааш нь ангийн хүүхдээ, найзаа, нутгийн хүнээ ажилд авахыг тулган шаардсан. Эндээс бид зөрчилдөж эхэлсэн. Төсөв тооцоо хийгээгүй байж элдэв төсөл хэрэгжүүлнэ, төчнөөн төгрөг шилжүүлнэ гэнэ. Хууль дүрэмд заасан шаардлага тавихаар шинэчлэлийг эсэргүүцлээ, садаа боллоо гэж хов зөөнө. Сүүлдээ Хэрэг эрхлэх газрын ажилтнуудыг цуглуулан хурал хийгээд “Би тэргүүн дэд дарга болно, Засгийн газрын тамгыг авч нэгдүгээр гарын үсэг зурахыг минь хараарай” гэдэг байлаа” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсныг энд сануулахад илүүдэхгүй биз.
Л.Оюун-Эрдэнийг Н.Алтанхуягт, Г.Дэнзэнд зориулан улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан хэмээн олон нийт одоог хүртэл хардлага тээн шүүмжлэлтэй хандаж байгаагийн учир нь байгууллагын даргын сонгон шалгаруулалтын ЗАРаас эхтэй байх. Эдийн засаг хөгжлийн яамны цахим хуудаст даргын сонгон шалгаруулалтын зард “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” хэмээн тодорхой заасан байсан нь сонгон шалгаруулалт шударга, бодитой явагдсан уу гэх асуултыг үүсгэн, хардлагын цучил асаасан байж таарна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийг Н.Алтанхуягт тал зассан гэхээсээ илүү З.Энхболд, С.Эрдэнэ тэргүүтэнд улстөрийн “өр” төлсөн гэж хардвал үнэнд дөхүү байж мэднэ.
Учир нь Г.Дэнзэн Шүүхээс ял авахтайгаа зэрэгцэн Н.Алтанхуягаас харилцаагаа тасалсан гэлцдэг. Улмаар С.Эрдэнийг даган Ардчилсан хүчний холбоонд элсч, төд удалгүй Л.Гантөмөртэй ихэд ойр байх болсон талаар намынхан нь жиг жуг хийдгийг анзаарчихад гэмгүй байх. Түүгээр зогсохгүй Л.Гантөмөрийн зөвлөх Б.Баттөмөр нь Г.Дэнзэнтэй их сургуулийн нэг ангийнх гэдэг тул Улсын төсөвт үйлдвэрийн газрыг Н.Алтанхуягт зориулсан гэх хардлага бодит мэдээллээс нэлээд хол зөрүүтэй байгааг хэлэх нь зүйтэй юм.
Ямартай ч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг “Хамтарсан” хэмээн хүндэтгэх бус “Найрааны” гэж чичлэн зэвүүцсэний нэг шалтгаант сэдэв нь Л.Гантөмөрийн эрхлэх асуудлын дэргэд аль хэдийнэ татан буугдсан газрыг сэргээн, авлига албан тушаалын хэргээр 3.5 жилийн ял сонсч явсан нөхрийг тохоон томилсон явдал мөн байж таарна.