Нэг хоёрдугаар нэмэгдэхүүний байрыг солих улстөрийн прогноз яригджээ. Д.Амарбаясгаланг Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын дарга болгон сэлгэх хувилбарыг хөшигний ард хэлэлцсэн талаар эх сурвалжаас хэлж буй юм. Хувилбар эцэслэгдээгүй тул өнгөрөгч 23-ны өдөр хуралдахаар товлосон намын Удирдах зөвлөлийн хурал тодорхойгүй хугацаагаар цуцлагдаж.
Утаанаас гадна Эрдэнэс Тавантолгой ХК жилийн эцсийн тайлангаа гаргаагүй, Удирдах зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлээгүй байхад иргэн бүрийн халаасан дахь хувьцаанд ногдол ашиг тараачихаад сууж буй Л.Оюун-Эрдэнийн үйлдэл Засгийн газрын тэргүүнээс, цаашлаад намын даргаас буулгах хангалттай гэм мөн. Ирэх оны төсөв, Ерөнхийлөгчийн хоригийг ч дээрх нөхцөл байдалд хачир болгон хавчуулахад хангалттай юм. Энэ мэт цаазын ял мэт гэм зэмээс бултаж намынхаа Удирдах зөвлөлийн хурлыг хойшлуулсан ч гэж зарим гишүүд нь үзэж байна.
Засгийн газрын тэргүүний сэнтий ганхах хангалттай үндэслэлүүд бүрэлдэхтэй зэрэгцэн Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нарыг дараагийн Ерөнхий сайдаар нэрлээд эхэлснийг уншигчид анзаарсан байх. Хэн хэн нь өндөр амбицтайгаар өөрсдийгөө бичүүлж байгаа гэх мэдээлэл бий. Үнэн ч биз. Энэ л Ерөнхий сайд хийж чадна шүү гээд чин сэтгэлийн угаас пост хийгээд сууж байх илүүдээ гарсан цаг завтай нөхөд Монголд хараахан үгүй. Харин, С.Амарсайхан дараагийн Ерөнхий сайд шүү гээд байвал азаарны байх тул С.Бямбацогтыг цуг бичээд бай гэх пиарчид нэгээр тогтохгүй байж мэднэ ээ, үгүйсгэхгүй.
Н.Чулуунхүү М.Бямбажав нар хослон дуулах шиг Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэн улстөрд хоршмор аядаж яваа. Холдъё гээд холдож, салъя гээд салж чадахгүй нь үнэн тул албан тушаалыг сэлгүүлэн хэн хэнийг нь хариуцлагаас мултлах ганган хувилбарыг “муур багш” нь бодож олсон л байх. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнээс намын даргын малгайг нь авалгүй 2016 онд М.Энхболд намын даргын тамгаа, УИХ-ын даргын алхтай хослуулсан барьсан шиг суулгана гэлцсэн бололтой.
Намын дарга нь УИХ-ын даргын алхыг хавсран атгах нь илүү эрх дархтай харагдаж байсан тул АН засагласан дөрвөн жилийн сүүлийн хагаст З.Энхболд дууриасан. Харамсалтай нь тэдний эрх мэдлийн тоолуур буузны цаг шиг тэгсгээд зэрэг зогссоныг энд дурьдах илүүц биз.
Эл замаар энэ удаад Л.Оюун-Эрдэнэ алхах болж байна. Улстөрийн зах хязгааргүй далайд Алсын хараа гэх туршлагагүй хөлөг онгоцонд суугаад гарсан түүнд УИХ-ын дарга гэх мөргөцөгт түр зогсохоос өөр сонголт үлдээгүй л болов уу.
Ажиллах хүчний маргаан 14 мега төслийг гацаах бойкот уу…
Иргэдийг талцуулж, улстөрчдийг бахиралдахад хүргээд буй ажиллах хүч утаатай адил улигт сэдэв гэчихэд хатуудсан болохгүй. Манай улсын хувьд уул уурхай, барилгын салбарт ажиллах хүч ихэвчлэн импортлодог, ажиллагсдын квоттой холбоотой асуудал нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Ашигт малтмалын тухай холбогдох хуулиар зохицуулагддаг. Жил бүрийн аравдугаар сарын 1-н гэхэд ажиллах хүчний квотоо тогтоож, ойролцоогоор 20 орчим мянган хүнийг жилдээ оруулж ирдэг жишиг тогтоод удсан.
Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан 14 мега төслийг ажил хэрэг болгоё гэвэл ажиллах хүчний квот тэлэгдэх нь гарцаагүй. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын бүтээн байгуулалтаас эхлээд ажиллах хүч нэн шаардлагатай болох нь ойлгомжтой атал нэгнээ нийгэмд яс мэт хаяж бариулах нь сэжиг бүхий харагдаж буйг хэлэх хэрэгтэй. Наанаа ажиллах хүчний квот тэлэгдэхийг эсэргүүцэж байгаа мэт боловч цаанаа 14 мега төсөл шуудран эхлэх замд саад, нээнтэг үүсгэж байх шиг.
Нийгэмд зүхэгдээд буй Л.Энх-Амгалангийн өргөн барьсан хуулийн төсөлд гэхэд Газрын тос олборлох болон уул уурхайгаас бусад салбарт гадаад ажилтны тоо хэмжээг тогтоохгүй. Энэ нь 2026.12.31-нийг дуустал буюу хоёр жилийн хугацаанд үргэлжлэх заалттай. Уул уурхай, банк санхүү, мэдээлэл технологийн салбарт гадны ажиллах хүчний хязгаарыг хэвээр үлдээгээд, харин эдийн засгийн 16 салбарт хязгаар тогтоохгүй байхаар тусгасан байгаа юм. Ингэхдээ бүх зөвшөөрлийг цахим хэлбэрээр авах зохицуулалт оруулахаар тусгаж. Уг нь иймэрхүү утга бүхий хуулийн төслийг 2021 онд Т.Аюурсайхан, 2017 онд Н.Номтойбаяр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа өргөн барьж байсан буюу цочирдон эсэргүүцээд байхаар шинэ зүйл биш гэсэн үг.
Монгол Улс ажиллах хүчний хомсдолтой нь үнэн.
Эрхэм гишүүдийн хэлж байгаагаар 285 мянган ажиллах хүч дутагдаж байхад Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан 14 мега төсөл хэрхэн урагшлах вэ… Энэ өнцгөөс харвал ажиллах хүчний квотыг тэлэх асуудлыг жагсан цуглан эсэргүүцэж буй нь яахын аргагүй хэн нэгний эрх ашгийг хамгаалсан улстөрийн бантан шиг харагдаад байгааг яалтай.
Оргилуун дарсаар далдлах АСУУДЛУУДын сураг
Баяр тааруулж хууль баталдаг жишиг бий. Хөшигний ард өрнөж байсан улстөрийн томцуулын зодоон намжиж, урлаг соёлынхны гоёж гоодсон зургууд цахимд сэвэгдэн баярын уур амьсгалыг өрдөн, Төрийн ордонд ажиллах хүч гэх том том цучил шидлэх зуурт юу болов?!
Жагсаах гээд үзье…
… Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг батлахаар эрх баригчид шуурхайлав.
… Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явц 16 жилийн дараа ажил хэрэг болохоор болж Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэн оргилуун дарс буудууллаа. Эл асуудлаар нэр бүхий 11 гишүүн урд хөршид “аялаад” ирснийг уншигчид санаж буй биз. Үүнээс өмнөхөн 30 гаруй сэтгүүлчийг багтаасан өргөн бүрэлдэхүүн Хятадаар зугаалж, түүнээс төд удалгүй Х.Баттулга төмөр замын асуудлаар цээжээ дэлдэн ил гарч ирснийг мартаж болохгүй.
… Ховд аймгийн Мянгад суманд орших газрын ховор элемэнтэт Халзан бүрэгтэйн орд болон Говийн их Дархан цаазат газрын А хэсгийн урд хилээр автозам байгуулж, Нарансэвстэйн боомтыг сэргээх явдал эрчимжлээ. Хязгаар нутагт мөн л сэтгүүлчдийн өргөн бүрэлдэхүүн ажиллаж, хагас хугас ойлголттой мэдээллүүдээр бөмбөгдөж байв.
… ТЭЦ-3-ын өргөтгөл, шинэчлэл яригдаж ОХУ-аас тулган шаардалт ирсэн үү гэх асуултад ээрэгдсэн Б.Чойжилсүрэн хэд хоног нойргүйтэлд орж яваа байх. Эл асуудал ондоо багтан батлуулах хуулийн төслүүдийн жагсаалтад багтсан байгаа.
… Х.Ганхуяг Х.Булгантуяа нарын өргөн мэдүүлээд буцаан татахаас аргагүйд орж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ч хэлэлцэхээр төлөвлөсөн мэдээлэл бас бий юм.
Шинэ цагийн МАНАН аль хэдийнэ замдаа гарчихаж
126 гишүүнтэй парламент сөрөг хүчингүй. АН ХҮН-ууд Засгийн хатавчинд багтан хусам хүртэх болсон цагаас эхлэн аль ч асуудлыг үндсээр нь харахаа больсон гэхэд гомдоллоод байхгүй биз. Эрх баригчдын шидсэн “яс” бүрийг булаалдахаас хэтрэхгүй тэд ичгүүртэйгээр Ерөнхийлөгчид зүхүүлээд сууж буй нь үнэн.
Хүчний байгууллагын орон тоог цомхтгон, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнөөс хугаслан АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрийн сайдаар нь ажиллаж байгаа Эдийн засаг, хөгжлийн яамны харъяа байгууллага болох Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Н.Алтанхуягийн “хүргэн” Г.Дэнзэнг томилж бусад фракцийнхныг бухимдуулснаа зөөллөхөөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэргэд мөн төсөвт байгууллага шинээр байгуулсан ч мөнөөх мөлжүүртэй “яс”-н дээр нь АН-ынхан мөн л алалдсаар сууна.
Аяга хоолноос үнэт зүйлээ арилжсан АН, амиа хоохойлж байдгийнхаа баруун хаяанаас цухуйхаа больсон МАН-ын үлбэгэр гишүүдийн нүдэн дээр шинэ цагийн МАНАН улам хүчирхэгжиж, шинэ цагийн хувилбарт улстөрийн он тооллыг эхлүүлж байна.
Одоо хэн ч, юуг ч өөрчлөх гээд чадахгүй нь үнэн биз… Шинэ цагийн МАНАН аль хэдийнэ замдаа гарчихаж… Тэд ямар ч төвөггүйгээр тоглоомын дүрмээ зохиож байна.