Л.Оюун-Эрдэнэ мултарч, аргаа барахдаа ард түмэнд таван цаас тараав бололтой

Утаа гэх улигт атлаа улстөрчдийн мөнгийн хүүдий болсон сэдвээр халхавчлан эрх баригчид суудлаа булаалдаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрыг “Найрааны” хэмээн зандраад эмээл хазаарын бүтэн дээр зайлахыг Л.Гантөмөр Т.Доржханд нарт сануулж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасны гороор чинь утаа гамшгийн хэмжээнд хүрлээ хэмээн буруутгаад авсан.

Үүний дараа эзгүй байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болоод хотын дарга Х.Нямбаатар нар цочир гарч ирэн У.Хүрэлсүхэд уурссан үгээ сэтгүүлчдийг загнах байдлаар дамжуулав.

Төсвийн хэлэлцүүлэг, хориг, Төрийн тэргүүний уулзалтуудад эзгүй байгаад зогсохгүй баасан гараг бүрийн Засгийн газрын цагтаа ч очихоо болиод байсан Ерөнхий сайд тоглоомоо тараан уурсдаг жаал шиг буруу зөвгүй мөнгө цацалсаар ил гарч ирсэн. Төрийн өндөрлөгүүд муудалцан сайд хамраа хугалуулж БНСУ-д хагалгаанд орж байгаа гэх яриа цахим орчинд тархаад байсан үеэр Л.Оюун-Эрдэнэ ийнхүү мэдэгдэл хийсэн нь тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлсэн гэхээс илүүтэй хамраа бүрэн бүтэн байгааг харуулсан явдал боллоо гэчихэд ч болох биз.

Спикер ч зүгээр суусангүй.

Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэгчдийг Төрийн ордны босго давуулан өрөөндөө уулзав. Боомт нээх асуудлыг О.Амгаланбаатар Б.Пүрэвдорж нарын гишүүдэд тэврүүлээд У.Хүрэлсүх Ц.Элбэгдорж Х.Баттулга тэргүүтэн түлхүүрдэж суугаа гэдгийг улстөрийн хүрээнийхэн дээр доргүй ярьж байгаа. Сэтгүүлчдийн өргөн бүрэлдэхүүнтэй багийг өндөр үнийн томилолттойгоор авч явсан төдийгүй нэр бүхий гишүүдийг ч зугаалуулсан гэх мэдээлэл бий. Ямартай ч нутгийн иргэд, эрдэмтэн судлаачид эсэргүүцэж буй Нарансэвстэйн асуудлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хилэнгийн дараа ийнхүү хүлээж авсан нь анхаарал татав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээвэл их говийн дархан цаазат бүс нутагт буй ховор амьтан, ургамлыг устгах аюултайг анхааруулан эсэргүүцэгчидтэй спикер юу ярилцсан талаарх мэдээллийг дараагийн дугаарт хүргэх тул энд түр орхиё.

Ирэх оны төсөв бол Ерөнхийлөгчийн тодорхойлсноор “найрааны” Засгийн газрыг тараах, Л.Оюун-Эрдэнийг танхимаар унагах үндэслэл болно гэдгийг улстөрчид хэлж байна. Гэхдээ Засгийн газрын тэргүүний өөрийнх нь хүсэлтээр, ах Херо Б.Баатарынх нь дэглэн тавих сценариар явагдана гэдгийг ч хэлж буй юм. Иргэн Ч.Ганжавхлангийн эхлүүлсэн “Амьсгалмаар байна” жагсаал Засгийн газрыг огцруулах учиртай байсан ч хоёр тал тохиролцоонд хүрч чадалгүй муудалцаад тарсан талаар сошиалд цухалзаад дарагдсан нь оргүйгээс дэгдсэн хов биш л байх.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Төрийн тэргүүнийг парламентаас сонгох заалтыг оруулж өгөх тохироогоор Л.Оюун-Эрдэнэ огцорно хэмээн цагийн эртэд тохирсон ч нөхцөл байдал эргэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байх нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлчихсэн юм байх. Тэрбээр Үндсэн хуулийн журмын тухай хуульд “Үндсэн хуульд найман жилийн дотор өөрчлөлт оруулахыг хориглоно” гэх заалтыг үндэслэл болгосон. Уг нь эл заалтыг Үндсэн хуулийн Цэцээр хүчингүй болгуулаад “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөөд У.Хүрэлсүхэд дахин боломж олгох хувилбар ч яригдаж байсныг бүгдээр мэдэх биз.

Уншигчид санаж буй бол Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа “Үндсэн хуульд дахин 8 жил ГАР хүрэхгүй” хэмээн чуулганы хуралдааны үеэр олонтаа давтаж байсан. Тэр үүнийгээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт очуутаа дахин давтсаар У.Хүрэлсүхийн шийдвэрт нөлөөлсөн бололтой.

Одоо бол 2027 оны сонгуульд МАН-аас Ж.Энхбаярыг сойх хувилбар яригдаад эхэлж.

Ж.Энхбаярын хувьд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа анхны зарлигаар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2024 оны сонгуулийн өмнө ажлаа өгч, сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн. Гэсэн ч 10 гаруйхан хоногийн дараа түүнийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улстөрийн бодлогын зөвлөх статус дор дахин дэргэдээ авсныг санах хэрэгтэй. Ж.Энхбаярын томилгоонд зориулж шинэ зөвлөхийн орон тоо үүсгэсэн гэсэн үг. Монгол цэргийн өдрөөр Сүхбаатарын одон хүртсэн нь ч нэгийг хэлэх биз.

2020 оны УИХ-ын сонгуульд дэвшилгүй У.Хүрэлсүхийн дэргэд үлдэж байсан алтайн хөх эр энэ удаад түүний орыг залгамжлан Ерөнхийлөгчид сойгдож магадгүй юм байх.

АН-аас Ц.Тувааныг Х.Баттулга түлхүүрдэн салбар хариуцсан сайд болгосон ч өнөөх нь цүнх баригчийн хэмжээнээс хэтэрч тоглож чадахгүй байгааг улстөрчид шоглон тохуурхаж байна. 

Энэ өдрүүдэд улстөрийн гал тогоонд дараагийн Ерөнхийлөгчөөр Ж.Энхбаярыг нэрлэж, үүнээс өмнө Д.Амарбаясгалангийн суудлыг Г.Занданшатарт, Засгийн газрын тэргүүний тамгыг С.Амарсайханд атгуулах халуухан хэлцлүүд явагдаж буй бололтой. С.Амарсайханыг Д.Амарбаясгалангаас гадна Увсын фракц дэмжиж байгаа. Мөн С.Бямбацогт ч Ерөнхийлөгчөөс салахгүй хэдэнтээ хэлцлийн шивнээнд орсон тухай мэдээлэл байна. Тэрбээр өөрийгөө “Ерөнхий сайдад тохирох хүн” гэж бичүүлээд, зөрүүлээд өрсөлдөгчдөдөө гөвүүлсэн талаар шивэр авир хийж буйг энд тэмдэглэлгүй орхиход хайран.

С.Амарсайханы Ерөнхий сайд болох амбиц аль эртнийх гэчихэд ташаарсан болохгүй.

Л.Оюун-Эрдэнийн өмнүүр орж Засгийн газрын тэргүүн мэт асуудал бүрийг татан авч, мэдээлэл хийж байсан нь олон. Тэр бүрт Л.Оюун-Эрдэнэ Шадар сайдтайгаа гар нийлэн ажиллаж чаддаггүйгээ илэрхийлэн явуулахаа мэдэгддэг ч Д.Амарбаясгалангийн арга аальд хөдөлж чадалгүй өнөөг хүрсэн байх.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр С.Амарсайхан Асуудал эрхэлсэн сайд нараас ч өндөр эрх мэдэлтэй байгаагаа харуулаад авсан. Бизнес эрхлэгчид Тэргүүн Шадар болоод асуудал хариуцсан хүмүүсийг алгасаад С.Амарсайхантай уулзах хүсэлтийг тавьсан гэдгийг тэр зүгээр ч нэг тодотгоогүй байх.

Энэ мэт байдлаар дараагийн эрх баригчдын нэр хэдийнэ тодорч, тамгаа хүлээлцэх хэмжээнд ойртсон байж мэдэхээр байна.

Он гармагц, нэгдүгээр сарын 11-нд төв талбайд жагсаал болох зар хэдийнэ түгээд эхэлсэн. Үүнээс урьтан Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгийн эхнийхийг ум хумгүй тараасан ч олны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Ард түмэн тэнэг биш гэдгээ харуулж таван цаас бус тайван амьдруулах шийдэл нэхэн уурсч байна.

Тиймээс он гараад, Сар шинийн өмнөхөн хоёр дахийг тараах үеэр олон түмний хилэн түймэр болон дэгдэж ч мэдэх юм. Ядаж байхад Эрчим хүчний сайдын асааж унтрааж буй тогны хязгаарлалт Танхимын тэргүүнийг тасар татахад ойрхон болгож буйг яалтай.

Орчуулах »
error: Content is protected !!