Шинэ Спикерийн замыг зассан акц юм биш байгаа

Ерөнхий сайд эзгүй. Түүний эзгүй хойгуур улстөр буцалдаг ойлгомжгүй жишиг тогтчихож. Төсвийн төслийг эсэргүүцэгчид Л.Оюун-Эрдэнийг Шанхайд явахад акц өрнүүлж төсвөө эргүүлэн татахыг шаардаж байсан бол, Төрийн тэргүүн хориг тавьж, төсвийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах үеэр ч тэр эзгүй байв.

Энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дуудлагад бас алга. Албан бус мэдээгээр Ерөнхий сайд хамарны хагалгаанд орж буй дуулдсан.

2019 оны тавдугаар сард, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хоолны хордлогод орж, хордлого тайлах эмчилгээг мөн Солонгос Улсад хийлгээд ирсэн байдаг. Тэрбээр ирснийхээ дараахан хордлого хөл рүүгээ орж, идээт үрэвсэл үүссэн байсан гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгч байв.

Гэвч олон нийт түүний тайлбарт итгээгүйгээр үл барам улстөрийнхний хүрээнд Их тэнгэрт болсон уулзалтын үеэр Ерөнхий сайд болох амбицаа илэрхийлснээс болж У.Хүрэлсүхэд зодуулсан гэх мэдээлэл газар авч, ах “Херо” Х.Баатар нь үүрч яваа дүрс зурагчдын дуранд өртөж байсан явдал энэ үед эргэн санагдаж байна.

Тэрбээр энэ удаад яагаад хамрын хагалгаанд орж буй нь бүрхэг ч дээрхийн нэгэн адил хамраа мурийтал цохиулсан юм биш биз гэх хардлага сошиалд өрнөөд эхэлчихэж.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас “Ерөнхий сайдыг дуудсан ч оролцоогүй” гэх агуулгаар мэдээлэл өгсөн, мөн уулзалтын эхэнд Ерөнхийлөгч “Ерөнхий сайд хүндэтгэх шалтгаантай учраас ирж амжаагүй. Уг нь байлцсан бол зүгээр байсан юм” хэмээн тодотгосон нь энгийн сонсогдохгүй байгаа нь үнэн.

Төрийн тэргүүн УИХ-ын дарга, Ерөнхий сайд, парламентад суудалтай улстөрийн намын удирдлагуудад уулзалтын товыг 7 хоногийн өмнө хүргүүлсэн гэх мэдээлэл бий.

Тийм атал Л.Оюун-Эрдэнэ хагалгаагаа уулзалтын товтой давхцуулж, хотын дарга Х.Нямбаатар гадаад томилолтоо тааруулсан нь тэдний дунд асар том зөрчил үүссэнийг харуулж буй хэрэг хэмээн зарим эх сурвалж хэлж байна.

Үнэхээр ч уулзалтын агуулга утаа мэт боловч хамтарсан Засгийн газрыг “Найрааны” хэмээн Төрийн тэргүүн тодотгоод АН болоод ХҮН намыг “хөөсөн” нь улстөрийн нөхцөл байдал хэвийн биш байгааг илэрхийлсэн хэрэг биз. Эмээл хазаарын бүтэн дээрээ хазаараа тат гэх үгийг Л.Гантөмөр Т.Доржханд нарт хаягласан нь тэдний хувь заяаны зүү таагүй зүгт явж эхэлсний дохио байх.

Тэрчлэн Засгийн газарт утаа бууруулах хугацаат үүрэг буюу богино хугацааны биелэгдэшгүй даалгавар өгч, түүнийгээ хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан олон нийтэд зарлуулсан нь Засгийн газарт тавьсан хариуцлагын тоолуур шиг сонсогдсоныг хэлэх хэрэгтэй.

Гэхдээ У.Хүрэлсүхийн зэмлэл Д.Амарбаясгаланг ч тойрсонгүй.

У.Хүрэлсүхийн хамгийн сайн мэдэх, бүр салшгүй холбоотой Мэргэжлийн хяналтын байгууллагыг нь татан буулгасан гэм Д.Амарбаясгалангийнх. Тус албыг татан буулгах үед Д.Амарбаясгалангийн зүгээс У.Хүрэлсүх рүү нүүлгэсэн хоржоонт чулуу хэмээн улстөр сонирхогчид дүгнэж байсан нь хол зөрсөнгүй бололтой. Мэргэжлийн хяналтын албыг татан буулгасны чинь хөнөөл хангалттай гарч байна хэмээн тэрбээр УИХ-ын дарга руу хорсолтойгоор сийгүүлснийг анзааралгүй өнгөрөөж болохгүй.

Агаарын бохирдлыг бууруулах салбар хороог татан буулгасан асуудлыг ч Төрийн тэргүүн хөндөв.

Түүний нэрлэсэн хоёр газрыг байгуулах эсэх нь Засгийн газрын мэдлийнх. Л.Оюун-Эрдэнэ улстөрийн урт замаа У.Хүрэлсүхтэй ойлголцож туулахыг хүсвэл АН ХҮН хоёрыг төрхөмд нь буцааж, Л.Гантөмөр Т.Доржханд хоёрт “төсөвлөсөн” зардлаа Мэргэжлийн хяналт, Агаарын бохирдлыг бууруулах салбар хороог сэргээх шийдэлд хүрч таарна.

Төрийн тэргүүний уулзалтын дараа Улсын онцгой комисс хуралдана гэх мессеж цахим орчинд түгсэн ч хуралдаагүй.

Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн шатрын хөлөг дэх хүү тул эл үйлдэл нь Төрийн тэргүүнийг эсэргүүцсэн Д.Амарбаясгалангийн гөжүүдэл хэмээн улстөрийн хүрээнийхэн дүгнэж буй ч С.Амарсайхан Х.Баттулга нарын худ ургийн хэлхээг мартвал тэнэг хэрэг болох биз. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаярын хүү О.Тэнүүн нар гэр бүл шүү дээ.

Ямартай ч Д.Амарбаясгалангийн гөжүүдэл өөрийнх нь суудлын үнэ цэнтэй байж мэдэх талаар эх сурвалжууд хэлж байна.

Үйл явдал Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёрын дунд үл ойлголцол үүссэн мэт харагдуулж байгаа ч үнэн хэрэгтээ энэ хоёр нь нийлж Спикерээ зайлуулах тактик барьсан байж болохыг зарим улстөрчид яриад эхэлж.

Тэр нэг гараараа Ерөнхий сайдыг нясалсан харагдавч нөгөө гар нь түүний баг командын зүтгүүлсэн Хавдар-2 төслийг чинээнд нь тултал дэмжсэн явдал Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёрыг тийм ч хол харагдуулахгүй байгаа бөгөөд харин ч Спикерийг тойргийн гадна гаргах далд тохироо хийчихэв үү гэх хардлагыг төрүүлж буй юм байх.

Үнэндээ У.Хүрэлсүхийн улстөрийн акцтай хамт “Этик”-ийн жүжигчний хүчирхийллийн бичлэг цахим орчинд цацагдсан нь Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан Секс Цагаанбогдын үйл явдалтай эгээ адил байгаа нь энэ өдрүүдийн үйл явдал урьдаас төлөвлөгдсөн байж болзошгүйг харуулж байна.

… Тэгвэр Спикерийг сольж болох уу?! Спикерийг солиод спикерт зүтгүүлэх хүн бий шүү дээ. Яагаад болохгүй гэж?!…

УИХ-ын сонгуулийн 1-р тойргоос сонгогдсон Д.Цогтбаатарыг эргүүлэн татаж түүний оронд Г.Занданшатар Д.Тогтохсүрэн нарын хэн нэг УИХ-д орж ирэх асуудал хүчтэй яригдсаны араас У.Хүрэлсүхийн акц эхэлсэн нь санаандгүй тохиолдол гэж харахад хэтэрхий өрөөсгөл. Тэдний хэн хэн нь УИХ-д орж ирвэл Спикер болно оо гээд амбицлах хангалттай амбицтай нөхөд.

Тэгэхээр энэ өдрүүдийн үйл явдал шинэ спикерийн замыг засч буй явдал байхыг хэн байг гэхэв, байж болох л хувилбар.

Үргэлжлэл бий…

Орчуулах »
error: Content is protected !!