ТӨСӨВийг ХЭН хэлэлцэж байна вэ?!

Таван намын төлөөллөөс бүрдсэн парламент гэх гоё бантиктай ч сөрөг хүчингүй, үзэл санаагүй, хэлэлцүүлэг хэрүүл уруул бүр ч байхгүй 126 гишүүнтэй УИХ төсөв хэлэлцмэр болж байна. Асуудал ярьсан чухал дүртэй гишүүн бүрийн ард эрх ашиг нь ямар нэг хэмжээгээр хангагдах захиалгат драм өрнөх болж. Үзэл санаа, үг хэл нь аль нэг бүлэглэлийн колони болчихсон байгааг хэлэхэд тэгтэл буруутахгүй биз.

Уг нь Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 37 улстөрийн нам бий. Харамсалтай нь, сонгуулийн үеэр амь ороод эргээд булшиндаа ордог зомби намуудыг олон нийтийн зүгээс халаасны гэх зөөлөн үгээр нэрлэх болоод удав. Зомбинуудад сонгууль гэдэг Halloween party шиг л байдаг байх. АН ХҮН ИЗНН-уудыг гэрийн буг гэдэг шиг МАН-ын буг гэх товчхон нэр хочоор дууддаг болж, амар ч юм.  

Д.Амарбаясгалангийн ангид нэршлийн хувьд олон намын нэр дурьдагдах ч олон эцэгтэй нэг эхийн хүүхдүүд шиг ганц намын үзэл баримтлал нэвт ханхалж буй нь чухам үнэн. 

АН тугаа буулгаж, тамгаа тушаах цаг нэгэнт ирснийг намын гишүүд нь ч хэлж байна. Хоёр шатны сонгууль дамнан талцаж тамгаа булаалдсан тэд Л.Гантөмөр гэх өмсгөлтэйгээр үнэхээр л МАН-ын буг мэт болчихож.  

Уг нь МАН дангаар Засгийн газраа бүрдүүлээд үүрэг хариуцлагаа үүрээд явах боломж эрх зүйн хувьд бүрэн бий. Харамсалтай нь халаасан дахь хэдээ хооллохын тулд хамтарсан нэр дор данхар Засаг байгуулан ачаандаа түүртсэн тэмээ шиг ноолорч яваа нь үнэн.

Монгол Улсад нэг намын дарангуйлал хэдийнэ тогтсоныг хүлээн зөвшөөрөх цаг болж.

Төрийн эрх мэдэл тодорхой нэг хүнд, эсвэл нэг бүлэг хүмүүст төвлөрсөн улстөрийн дэглэмийг ДАРАНГУЙЛАЛ гэдгийг бүгд мэдэх хойно.

Намын дарга юу гэнэ, дуугүй дагана. Эсэргүүцэж, жагсаал цуглаан хийх хориотой. Бие даасан хүчирхэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг боомилон, эсэргүүцэгчдийг дарж, иргэний үндсэн эрх чөлөөг хязгаарладаг эмгэнэл рүү аажмаар шилжиж байна. Иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрхэд төр хүндэтгэлгүй хандаж буй кэйс олширч буй нь харуусал юм.

Хүний эрх хөсөр хаягдан хувийн өмчтэй болбол татварын дарамтаас өндийхгүй болов.

Ирэх оны төсөвт хүний эрхийг хангасан үзүүлэлтүүд тэг зааж, энэ талаар анхааруулсан Хүний эрхийн дэд хорооны үгийг Засгийн газар нохой хуцсан чинээнд тоож сонсохгүй байгаа нь гүн эмгэнэл. Хууль тогтоох дээд байгууллагын дэд хороо нь Засгийн газраа шахаж шаардаж чадахгүй болтлоо энэ улсын дүрэм журам нуран унаж.

МАН гэх нам ч өөрөө нам биш болж, намын нэрээ улстөр бизнесийн бүлэглэлд алдчихсанаа хүлээн зөвшөөрч чадахгүй тэлчлэхдээ намын жинхэнэ гишүүд нь зүг мөрөө хөөн холдож буй нь хайран…

МоАХ-ны 35 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд МАН-ын байрны оройд МоАХ-ны хөх туг намирч байвал гайхах зүйлгүй болтол энэ улсын улстөр бантан болж байна.

Орчуулах »
error: Content is protected !!