УИХ тарах уу, Засгийн газар огцрох уу гэх асуулт ирэх оны төсвөөс урьтан цаг хугацааны хайчинд орж байна.
Засгийн газар нь айл айлын ижил буруу мал нийлүүлээд хашчихсан мэт учир тоймоо олохгүй бужигнаж, Ерөнхий сайд тогтож суухгүй хэрэн хэсүүчилж яваа нь эдийн засагчдад төдийгүй улстөрийн хүрээнийхний эгдүүцлийг төрүүлж байна.
Монгол Улс анх удаа төсвөө батлах бүү хэл өргөн барих гарцгүй болж мухардав. Ирэх оны төсвийг өнгөрөгч сарын 15-н гэхэд баталсан байх, эс чадваас УИХ тарах эрх зүйн зохицуулалттай. Эл зохицуулалтад шахагдан данхар төсвөө хэлтэй амтай баталсан ч Ерөнхийлөгч хориг тавьчихаад байгаа. Харин үүнээс цааш хэрхэх нь хуульд тодорхойгүй. Ядуугаа мэдэхгүй данхайлгасан төсөвт Ерөнхийлөгч хориг тавихгүй гээд яалтай.
УИХ-аас Засгийн газарт энэ сарын 10-н гэхэд дахин хуулийн төсөл өргөн барих тогтоол хүргүүлсэн ч Засгийн газар “Ийм нөхцөлд төсөв өргөн барих зохицуулалт байхгүй тул Төсвийн тухай хуульд нэмэлт оруулахаар шийдвэрлэлээ” гэх цочир мэдэгдэл хийсэн.
УИХ-ын тогтоолыг үл тоодог, Хууль тогтоох дээд байгууллагаасаа өндөр эрх мэдэлтэй ийм Засгийн газар урьд хожид байгаагүй. Ганц энэ үндэслэлээр Засгийн газрыг огцруулахад хангалттай шалтгаан болно, уг нь.
Ирэх оны төсвөө батлуулж чадаагүй, улс орны амьдрал тэг зогсолт хийхдээ тулчихаад байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсыг зорилоо. Тэр энэ сарын 9-нийг хүртэл эзгүй байна.
Төсвийн төсөл нь шүүмжлэл дагуулж, УИХ-аар батлах үед ч Засгийн газрын тэргүүн эх орондоо байгаагүй. Төсөв батлагдахгүй байсаар төрийн санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөн нийгэм эдийн засгийн байдалд төсөөлшгүй олон сөрөг үр дагавар бий болгоно гэдгийг Шадар сайд С.Амарсайхан нь анхааруулсаар байхад тэр нисэн одсон нь мэдлэггүй, боловсролгүй гэдгээ харуулсан маш том тэнэглэл байлаа хэмээн олон дүгнэж байна. Төрийн алба хаагчдын цалин, төсөвт байгууллагуудын урсгал зардал, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, эрчим хүч, харилцаа холбоо, аймаг орон нутгийн төсөв гээд шил дарсан олон асуудал гацаанд орох нь нэгэнт тодорхой болж. Үүнээс үүдэх нөхөж баршгүй том хохирлыг Л.Оюун-Эрдэнэ төсөөлөх ч чадваргүй байна гэж байх уу… Энэ бол дэндүү аймшигтай. Тэр төрд нэг өдөр ч үлдээж болохгүй нэгэн аж. Ийм мөн чанартай хүн хожим Ерөнхийлөгч болбол энэ улс сүйрлээ зарласантай ижил гэчихэд ёстой хатуудсан үг болохгүй биз.
Улс орны амин чухал асуудлын үеэр Засгийн газрын цөөнгүй гишүүн гадаад томилолттой байгаа нь ч хэтийдсэн завхрал.
Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлахад 17 сайд ирэв. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар томилолттой гэх шалтгаанаар ирсэнгүй.
Тэрчлэн чуулганы хуралдаанаар 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар Ерөнхий сайд мэдээлэл хийх ёстой байсан ч гадаадад томилолттой шалтгаанаар оролцоогүйгээс гадна УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгөх ёстой ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох сайд нар болон төрийн нарийн бичгийн дарга нар ч байсангүй.
Засгийн газар нь УИХ-аа бойкотлоод буй мэт эл үйлдлээс болж Засгийн газраас урьтан УИХ тарах уу гэх асуудал ч улстөрчдийн дунд өрнөөд эхэлж.
Ирэх оны төсвийг Засгийн газраас өргөн барьж байхад ус шүүсийг нь ялгаад батлах эрх УИХ-д хангалттай байсан. 126 гишүүнтэй парламент дөрвөн сар гаруйн хугацаанд хэлэлцсэн атал эцэстээ бүхэлд нь хориг тавиулж, хуулийн гаргалгаа хайж буй нь яах аргагүй хариуцлагагүйн зуд болоод мэдлэг чадваргүй түшээдтэй болсны харгай гарцаагүй мөн. Төсвөө хянаж баталж чадахгүй арчаагүйтэж суугаа парламент цаашид өөр юуг баталж, өөрчилж чадна гэж… Ийм чадваргүй парламент эцэг хуульд гар дүрнэ гэдэг эрсдлийг тооцож чаддаггүй Ерөнхий сайдын мөн чанартай адил аймшигтай юм.
Шинээр төсөв төлөвлөх бус шаардлагагүй хөрөнгө оруулалтыг танаад явуулах зориггүй нь Байнгын ажиллагаатай парламентыг тараах хангалттай үндэслэл болно гэдгийг хуульчид хэлж байна.
Улсын төсөв батлагдаж байж аймаг нийслэл сум дүүргийн төсөв батлагддаг хуультай.
Ерөнхий сайд нь хайчин галд Сангийн сайдаа хаяж, түлэгдэж хайрагдсан Сангийн сайд нь нэг удаагийн горимоор өөрчлөх зохицуулалт хийхийг гишүүдэд тулгаж байна.
Дайны хажуугаар дажин гэгчээр БНХАУ-ын Чайна Энержи групп Тавантолгойн бүлэг ордоос хоёрыг нь давуу эрхийн хүрээнд сонгож, коксжих нүүрс олборлох санал тавиад хэлэлцээр үргэлжилж байгаа. Эл асуудалтай холбогдуулан Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан болон Эрдэнэс Тавантолгойн удирдлагууд сэтгүүлчдийг Хятадын хэд хэдэн хотоор “зугаалуулан”, Гашуунсухайт-Ганцмодны боомтын бүтээн байгуулалтын ажилтай танилцуулан амыг нь хаагаад ирсэн гэх хатуу шүүмжлэлд ороогдож байна. Засгийн газрын алдарт 14 мега төсөлд багтсан боомтын үйл ажиллагааг 30 гаруй хэвлэлээр зэрэг сурталчлуулах ажлыг төсвийн төслийн хэрүүлийн цаагуур амжуулсан нь энэ юм байх.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар шинэ оны босгыг давах эсэх нь эргэлзээтэй болж, сав л хийвэл савласаар энэ хүрлээ. Төсвийн хэлэлцүүлгүүдийн үеэр эзэнгүй байх хувилбарыг сонгосон Ерөнхий сайд парламентын хувь заяанаас өмнө банга хүртэх нь зайлбаргүй биз. Хариуцлагын хар чулуу тархийг нь чиглэн ирж буйгаас бултахдаа төсвийг гацаанд оруулж, хугацаа үлдээлгүй шахсан УИХ буруутай гэх мессэжийг шидчихээд тэрбээр Арабыг зорьсон.
Ямартай ч хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүйг харуулж ирэх оны төсвийн гал алдалтын хариуцлагыг Аргай Даргай хоёрын нэг нь хүлээхдээ тулан, пиарчид нь цучил шидэлцэж байна.
Тэдний хайныг У.Хүрэлсүх хагална. Тэр урт холын замдаа Д.Амарбаясгаланг дагуулах уу, Л.Оюун-Эрдэнийг хөтлөх үү гэдгээ шийднэ. Улстөр сонирхогчдын хувьд нөгөө гартаа Х.Баттулгыг багтай нь чирчихсэн яваа Л.Оюун-Эрдэнээс илүүтэй амалсандаа хүрдэггүй ч Д.Амарбаясгалан нь дээр дээ гэх арга ядсан цэцэрхлүүд хөвөрч байна.
Алин байлаа ч, төсөвт дэндүү хуумгай хандсан парламент, УИХ-ын тогтоолыг үл тоогч Засгийн газрын аль нь ч гэм зэмээс мултрахгүй. Харин хэнийг нь илүү золигт гаргахыг Төрийн тэргүүний таалал мэднэ гэлцэж буй ч ажлаа хаяад Арабыг зорьсон Ерөнхий сайд ярьдгаа ярьж, тохирохоо тохирчихоод амар тайвандаа жарган алсад одсон биз гэх таамаг нь илүүтэй байгааг хэлэх хэрэгтэй.