Ц.Баатарсайханд Ерөнхий сайд өртэй юү?!

Ийм асуулт тавих учир шалтгаанууд байна аа…

Банк, хүнс, үл хөдлөх хөрөнгө, барилга архитектур, фермер, хэвлэлийн үйлдвэр, машин худалдаа, зочид буудал, аялал жуулчлал гээд Ц.Баатарсайханд оролцоогүй салбар гэж үгүй байх. Улаанбаатарын өнцөг булан бүрт шарсан тахианы гуанз нээсэн тэрбээр хүслийн хүрээгээ өргөтгөн махны бизнест орж, эрчимжсэн мал аж ахуй сонирхон эрхлэх болсон. Нэгэнт энэ хүрсэн эрд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн суудал л дутуу байгаа гэчихэд дэгсдүүлсэн болохгүй биз. Томоохон татвар төлөгчдийн дийлэнх нь орон шоронгийн хаалга татаж, төртэй хамтарсан төсөл хөтөлбөрүүддээ хардагдан хөрөнгө зоорио хураалган зутарч байхад Таванбогд, MCS, Бодь групп, Моннис гэхчлэнгийн хэдхэн газар ноёдын эрх гүнж шиг ногоон гэрлээр туушиндан өгсөж буйг олон нийт ялгаж салган анзаардаг болж. Тэдний ард Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга Д.Амарбаясгалан нарын улстөрийн дэмжлэг явдаг талаар ч их багагүй ярих болсон нь үнэн. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид горилж буй Ц.Баатарсайхан 2021 онд Х.Баттулгын гараас Хөдөлмөрийн баатар цол гардсан цагаас хойш Л.Оюун-Эрдэнийн хуурай ах болсон гэгдэж байна. Ховдын уугуул гэдгээрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой нутгархаж явсан үе түүнд бий. Гэвч цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй нь үнэн хойно, яалтай билээ.

Л.Оюун-Эрдэнэ Ц.Баатарсайхан нарын нөхөрлөл Эрдэнэт үйлдвэрт оруулсан гэнэтийн шалгалт болоод Онц байдал зарласан үеэс эхлэлтэй гэлцэхийг анзааралгүй орхиж болохгүй.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ хар шөнөөр хоёр автобус хүн дагуулан Эрдэнэт үйлдвэрийг зорьж, онцгой дэглэм тогтоож байв. Тэрбээр “Бидэнд ирсэн мэдээллээр 40 сая ам.доллар төлөх хангалттай хэмжээний хөрөнгө Ш.Батхүүд байгаа. Есөн сарын дотор үйлдвэрийг хохиролгүй болгох тал дээр шахаж ажиллана” хэмээн мэдэгдэж байсан бөгөөд энэ талаар тухайн үед сэтгүүлч У.Оргилмаа “Л.Оюун-Эрдэнэ сайд яагаад хохирлыг 40 сая ам.доллароор хэмжсэн, Ocean Partnersе-тай ямар гэрээ хийв” гэхчлэн хангалттай ихийг өгүүлсэн нийтлэл бичиж байв. Нийтлэлд Оcean Partners компанийн хувьцаа эзэмшигчээр нь АНУ-д амьдардаг, Монголд ирж очин ажилладаг Мөнхбаяр гэх нэгний тухай, тэрбээр Таванбогд группийн ерөнхийлөгч Ц. Баатарсайханы ойрын хүн болох талаар тодорхой бичсэн байдаг тул энд дэлгэрүүлэн нурших илүүц биз. Дамдинсүрэнгийн Мөнхбаяр нь Прайм софт ХХК-ийг Таванбогд трэйдтэй хамтран эзэмшдэг талаар нь ч сэтгүүлч У.Оргилмаагийн нийтлэлээс уншигчид лавлаад харчих болов уу.

Ямартай ч Эрдэнэт үйлдвэрийн онцгой дэглэм сунгагдаж, Ц.Элбэгдоржоос нүүр буруулсан Ц.Баатарсайхан Л.Оюун-Эрдэнэтэй ханьсан “жаргасан” үлгэр эндээс эхэлсэн гэдэг.

Сүүлд, Засгийн газрын тэргүүн БНСУ-д албан ёсны айлчлал хийхдээ Ж.Оджаргал Ц.Баатарсайхан П.Батсайхан нарыг бүрэлдэхүүндээ багтаасан нь байдаг л нэг хэрэг явдал биш байсан биз.

Улмаар Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас 2023 2024 2025 онуудыг Монголд зочлох жил болгон зарлаад зогсохгүй багагүй мөнгө зарцуулж буй Аялал жуулчлалын салбарынхны шинэ холбооны Ерөнхийлөгчөөр Ц.Баатарсайханыг өнгөрсөн жил томилсон нь улстөр бизнесийн цоо шинэ бүлэглэл үүссэнийг албан бусаар зарлан тунхагласан явдал байсан ч байж болох. Мань эр эл холбоог тэргүүлэх болмогцоо Удирдах зөвлөлийн гишүүдээ Ховдынхноор дүүргэн салбарынхныхаа эгдүүцлийг төрүүлээд авсан. Улмаар ажлын албаны даргаар хувийн компанийнхаа нягтланг ажиллуулж, холбоог мөнгө угаах хэрэгсэл болголоо гэх шүүмжлэлд өртөж байв. Эцэстээ, шүүмжлэлийн хэрээс задарч салбарынхан нь БОАЖЯ-нд тунхаг бичиг барин нийт гишүүдийн чуулган хийхийг шаардаж байсныг уншигчид санаж буй биз.

Ц.Баатарсайхан нь Хөгжлийн банкнаас 31.2 тэрбум төгрөгийн зээл авч 17.6 тэрбумаар нь бусад компанийнхаа зээлийг төлж, 8 тэрбумыг нь хадгаламжинд хийсэн талаарх шинжээчийн дүгнэлтийг нээлттэй сонсголын үеэр сонсгож байв. ХААН банкаар тогтохгүй банк бус санхүүгийн байгууллага ч ажиллуулдаг Ц.Баатарсайханд ТӨР ийнхүү ээлээ өгдөг байх нь. Одоо тэр МҮХАҮТ-ын тэргүүнд зүтгэж, танхимын гишүүнчлэлтэй бизнес эрхлэгчдийг хайрцаглаж яваа дуулдана.

Хэнтий аймагт Говь компани анхны орон нутаг дахь үйлдвэрээ хүртэл байгуулсан бөгөөд 2022.04.01-нд Илгээлтийн багш төрийн бус байгууллагыг Соёлын сайд Ч.Номин, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Улаанбаатар буян ХХК-ийн М.Золзаяа, Шунхлай группийн П.Батсайхан, Ц.Баатарсайхан нар хамтран байгуулаад, сүүлд нэрсээ хасуулсан талаар бид өмнөх нийтлэлд дурьдсан.

Үүнээс гадна Ц.Баатарсайхан, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нар бизнес хамтрагчид гэдгийг уншигчид хэр мэддэг бол… Тэднийг холбох мэдээлэл хэтэрхий их тул маргаашийн дугаарт дэлгэрүүлэн хүргэнэ.  

Намаас хөөгдөөд зогсохгүй УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдаж ч болзошгүй гэгдээд байхад Л.Оюун-Эрдэнийн эсрэг бизнесийнхнээ өмгөөлөн зогсож байна гэх гоё дүрийг бүтээж, олон нийтээс нижигнэсэн алга ташилт сонсч буй Д.Энхтүвшин хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн Тэгш булан компаниар УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшин, Нямтайширын Цэлмүүн, Гацууртын Л.Чинбат, Батболдын Дөлгөөн, ИЗНН-аас нэр дэвшиж байсан Балсанжав Батбилэг нартай холбогддог аж. Тэрчлэн АТГ-т мэдүүлсэн Жи чоис ХХК-ийг Гацууртын Л.Чинбаттай хамтран эзэмшдэг гэх сонирхолтой мэдээлэл ч бас байна.

УИХ-ын гишүүн Чинбаатарын Анартай Ондо холдинг, Зочил технологи зэрэг олон хуулийн этгээд хамтран эзэмшдэг гэх нь ч зогтусах факт мөн байх.

Ч.Анар болоод Үүеэгийн Отгонбаяр нарыг салгаж ойлгоход түвэгтэйн нэгэн адил Ү.Отгонбаярыг Таван богдын Ц.Баатарсайханы эхнэр Д.Хулангаас холдуулан харахад учир дутагдалтай юм. Цахим эрин дэх нүүдэлчин охид төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй байсан Д.Хулан нь Ү.Отгонбаяртай, Ү.Отгонбаяр нь Ч.Анартай хэрхэн холбогддог талаарх мэдээллийг маргаашийн дугаарт дэлгэрүүлэн хүргэх тул энд түр орхиё.

Намын нэрийн жагсаалт бол Л.Оюун-Эрдэнийн битүүхэн эргүүлдэг “эрхи” гэлцдгийг нуух хэрэг үгүй биз. Түүний 21 ширхэг “эрхи”-ний нэг гэгддэг Д.Энхтүвшингийн энэ удаагийн улстөр тэгэхээр Ц.Баатарсайханы замыг засахад тодорхой нэмэр үзүүлсэн байж мэдэх л юм, үгүйсгэх арга үгүй.

Тэгж харах тохиолдолд, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдах, намаас хөөгдөх зэрэг нь ашиг сонирхол нэгт улстөр бизнесийн бүлэглэлийнхний цаг хожих бяцхан драм төдий тоглолт болж таарах нь.

Орчуулах »
error: Content is protected !!