Гэхдээ тэд нэг цагт, нэг үеийн өндөрлөгүүд байх боломжгүйгээр харш юм…
Төрийн тэргүүн ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, УИХ дахь улстөрийн намын бүлгүүд хүлээн авч холбогдох байнгын хороодоор дэмжигдэхтэй зэрэгцэн Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нарт хариуцлага тооцох асуудал Төрийн ордонд эрчимжиж байна.
Энэ нь гэхдээ олны бухимдлыг саармагжуулах ээлжит драм төдий юм.
Олон нийтээс хатуухан шүүмжлэл хүлээгээд байсан төсөвт хориг тавих нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд олон талаар ашигтай. Тэр Л.Оюун-Эрдэнийн хөлд чөдөр тавьснаар түүний тэргүүлсэн хамтарсан кабинет мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд гацаалт үүсгэж буй хэрэг.
Уг нь төсвийг өргөн барихаас өмнө Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газар харилцан ойлголцож тохирдог жишиг Монголд бий. Тэр дундаа Төрийн гурван өндөрлөг нэг намаас байгаа тохиолдолд илүү ойр байж тойрог руугаа хөрөнгө оруулалт татдагийг улстөрийн хүрээнийхэн байтугай нь андахгүй. Тэр бүү хэл, Ерөнхийлөгчөөр крандуулаад тойргийн хөрөнгө оруулалтаа төсвийн төсөл рүү чихүүлдэг авхаалжтай гишүүд ч байдгийг анзааргатай уншигчид гадарлах биз.
Энэ өнцгөөс харвал зарлага өндөртэй, 18 тэрбумын үзвэр үйлчилгээний ваучераас эхлээд асуудал тарих төсөв гэдгийг Төрийн тэргүүн мэдэж л байсан байх. Сангийн сайд Б.Жавхлангийн “Бид хоригийг хүлээж авна. Засгийн газар бэлтгэлтэй байгаа, тооцооллоо хийсэн” гэх яаруу мэдэгдэл үүнийг батлах биз.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай УИХ-ын гишүүн Н.Учралын баринтагласан хуулийн төсөлд хориг тавьж, олноос дэмжлэг хүлээж байсан кэйстэй яг ижил үйл явц энэ удаад өрнөж байна.
Асуудлын гол нь төсөвт тавьсан хоригт “Үндсэн хууль зөрчсөн байна” гэх агуулга бий.
Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг “УИХ, ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо энэ хориг тавих үндэслэлийг бүрдүүлсэн. Ерөнхийлөгч хоригтоо Үндсэн хууль зөрчсөн гээд тодорхой бичиж” гэх хардлагын өнгө аяс бүхий үг чулуудсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч “Энд нэг ноцтой зүйл байна. Тодотгол хийх хугацааг 2025 оны 1-р улиралд багтааж хийхээр Төсвийн байнгын хороо санал оруулахад асуудал хариуцсан сайд нь “Ондоо багтааж хийе” гэдэг санал гаргаж хугацааг өөрчилчихөөд өнөөдөр УИХ Үндсэн хууль зөрчсөн мэтээр ярьж байна. Зориуд 126-г муухай харагдуулах ажил явдаг юм уу, мэдэхгүй. Даалгавар гүйцэтгэдэг, бусдын гар хөл болдог, парламентыг муухай харагдуулдаг зүйл байж болохгүй” хэмээн урвагнаад авав.
Ямартаа ч УИХ Үндсэн хууль зөрчсөн гэх агуулгаас улбаатай эцэг хуульд өөрчлөлт оруулах асуудал эрчимжих нь хэмээн ажиглагчид дүгнэж байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар “Ерөнхийлөгчийн тавьсан шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй” гэх сүрдүүлэг тээсэн анхааруулгыг өгөөд байгаа.
Энэ бүхэнтэй зэрэгцэн олон нийтийн дунд Л.Оюун-Эрдэнэ суудалтайгаа үлдэх үү, түүний дараагийн хүнийг Төрийн тэргүүн “оруулж” ирэх үү гэх гарал үүсэл, үр дүн тодорхойгүй яриа эрчээ авсан. Төрийн тэргүүний “оруулж” ирэх дараагийн хүн гэлцэх хувилбарт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, хотын дарга Х.Нямбаатар нарыг нэрлэж байна. Улмаар нэр бүхий гурвын талаарх таамаг газар авах тусам Спикерийг нүүрс, Тавантолгойн ордтой холбоотой мэт мэдээлэл нэр хүндтэй сайтуудаар бичигдэж, Б.Жавхланг чирэгдэл дагуулсан төсөвтэй холбогдуулан огцруулах асуудал хөндөгдөн, хотын даргыг УИХ-ын гишүүд боргоож эхэлжээ.
Л.Оюун-Эрдэнээс “хүссэн” үгээ сонсч чадахгүй бол Ерөнхийлөгч дахин хориг тавина. Хоёр дахь удаагаа хориг тавиулж, Засгийн газрын “эсрэг” ард түмэн жагсах нь Л.Оюун-Эрдэнийг тахимаа өгөхөөс аргагүйд хүргэх нь зайлбаргүй биз. Ийм нөхцөл байдалд хүргэж болзошгүй уур амьсгал Төрийн ордны гадна ч, дотор ч ажиглагдаж буйг хэлэх нь зүй юм.
Хэний төсвийг хэрхэн танахаас хамаарч Л.Оюун-Эрдэнийн эсрэг сайдууд “босно”. Гөлгөн нохой ч булууны ясаа харамлаад архирдаг нь зүй хойно, яалтай билээ.
Сайдуудын хилэн бадрах цэгээс эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлт идэвхийлэн яригдах биз.
Үндсэн хуулийн Цэцэд иргэн С.Номынбаясгалан, Э.Хишигсүрэн нар “Ерөнхийлөгчөөр Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт Үндсэн хуулийг зөрчиж байгаа талаар гомдол гаргасан. Өөр хоёр ч иргэн энэ оны нэг болон дөрөвдүгээр сард дээрхтэй ижил утга бүхий гомдлыг гаргасан байгаа бөгөөд Үндсэн хуулийн Цэц хуралдаж дээрх заалтыг түдгэлзүүлбэл УИХ хүлээж авах эсэх асуудал мөн яригдана. Энэ бол У.Хүрэлсүхийн хүсч буй үр дүн. Уг заалт У.Хүрэлсүхээс гадна Х.Баттулгад ч дахин боломж олгох тул Х.Баттулгын хувьд өнөөдрөөс цааш Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэнг тэгтэл тордон, тархиа гашилгаж явахын шаардлага үгүй болно. Түүнд нам намын даргаар угаадсыг нь ахиухан өгөөд, уяаг нь богинохон барьчих мэдлэг дулимаг, хараа багахан нөхөд байхад л болчих биз.
Парламентаас дахин сонгоно гэх заалт байхад Х.Баттулга хэдэнтээ улирчихаа мэдэх кадр.
Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Л.Оюун-Эрдэнийг огцруулах акц өрнөх байсан ч тэр өргөн бүрэлдэхүүнтэйгээр Шанхайг зорьсноор Ерөнхийлөгч хориг тавих хувилбарт шилжсэн гэж байгаа.
Ерөнхийлөгчийн хориг тавиулах үндэслэлийг бэлтгэж өгсөн хэмээн Х.Баттулгын зүгээс битүүхэн бухимдаж, УИХ-ын дарга болоод Сангийн сайдыг огцруулах акц өрнүүлэхээ мэдэгдэв. Түүний хүсэлт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн бланкан дээр өрнөж мэднэ. Тэрбээр “Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан” хэмээн буруутгалаа шидсэн шүү дээ.
Мань эрс АН-ын Үндэсний бодлогын хороог хуралдуулахаар энд тэнд бөөгнүүлж эхэлсэн талаарх мэдээлэл мөн бий.
Улстөрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах асуудал Л.Гантөмөр Л.Оюун-Эрдэнэ нарын шүдний өвчин болоод байгаа. Тэд алдаа гаргавал АН-д гал алдаж, Л.Гантөмөр тахимаа өгнө. Нэгэнт сувгийн эмчилгээ хийлгэх нь тодорхой болтол “өвчилсөн” Лу-г сугалбал Засгийн газар тэр чигтээ бутрах нь тодорхой юм.