Эрх мэдлийн төлөөх бужигнаан, ажил хийх нь гэж харахаас илүү хулгайлах нь гэж хардагдсан төсвийн төслийн улстөржсөн хэлэлцүүлэгтэй зэрэгцэн Трафигура-гийн Монгол дахь салбар үймээнтэй хэвээр байна.

Хуурамч шатахууны эрлэг гэх таагүй нэр хочоор нь монголчууд илүүтэй мэдэх Трафигура дэлхийн 60 улсад салбар нэгжтэй талаар цар тахлын өмнөхөн мэдээлж байсан бол өдгөө 48 болтлоо буурчихаж. Францын хэрэгцээг гурав нугалж хангах хэмжээний газрын тос өдөр бүр арилжаалдаг гэгддэг тус компани Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээснээ өнгөрөгч сард мэдэгдсэн.

Албан тушаалтнууд нь хугацаа хэтэрсэн их хэмжээний өрийг нуун дарагдуулж, бичиг баримт хуурамчаар үйлдэн төлбөрийн залилан үйлдсэний улмаас зээлийн эрсдэл нь сүүлийн хэдэн жилд хяналтаас гарсан гэх тайлбар дээрх мэдэгдлийн цөм агуулга нь байв.

Ерээд оноос Эрдэнэт үйлдвэрээс зэсийн баяжмал авдаг топ 5 аж ахуйн нэгжийн нэгээр нэрлэгдэх болсон Трафигура Монгол Улсын уул уурхайн салбарыг түшиж өндийснийг бүгд мэднэ. Зэс авдаг байсан Трафигура төд удалгүй Монголын зах зээлд хөл тавьж, өдгөө төрийн тэргүүнээр хэнийг зүтгүүлэх эсэхэд хошуу дүрэх хүртлээ хойморт мацсан гэлцэхийн цаана Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний зөвлөх асан П.Цагаан нарын нэр салж унадаггүй санжсан хаяг мэт зүүлгээтэй явсаар ирсэн.

Манай улсын арилжааны хоёр ч банкинд хувь эзэмшдэг Трафигура-гийн Монгол дахь зүтгүүр нь Эрдэнэсүрэнгийн Жононбаяр байсан ч түүнийг үүссэн асуудалтай холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн мэдээлэл дэлхийн хэвлэлүүдэд бичигдээд байгаа.

Монгол дахь салбарынхаа алдагдлыг 2023 онд шатахууны хомсдол үүсч, иргэд шатахуун түгээх станцийн үүдэнд дугаарлах үеэс олж харан дотоод аудит оруулахаар болсон гэх бөгөөд 1.1 тэрбум ам.долларын алдагдал, баримт хуурамчаар үйлдсэн үйл ажиллагаа нь сүүлийн таван жил буюу 2018-2023 оны хооронд үйлдэгдсэн гэдгийг Сингапур дахь компанийн нь мэдэгдлээс олон нийт харсан биз.

Тэрчлэн өнгөрөгч сарын 30-нд хийсэн уг мэдэгдлээс “…Компанийн тогтоосноос хэтрүүлсэн мөнгийг төлж, хугацаа хэтэрсэн өрийг зориудаар нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн. Энэ нь Монголын нэр бүхий түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээг үүсгэсэн” гэснийг онцгойлон анхаарахад илүүдэхгүй юм.

Мэдэгдэлд дурьдсан нэр бүхий түншүүд нь тэгвэл хэн юм бол…

Улстөрчидтэй хэлхэлдсэн, өөрт ашигтай шийдвэрийг ядах юмгүй гаргуулж чаддаг гэх жиг жугаар Э.Жононбаяр цуутай. Ямартаа нэг хэсэг, Э.Жононбаярын бизнесийг Монголын төр тэр чигтээ дэмждэг гэх гоморхол бизнесийнхний дунд үүсчихсэн байсныг хэрэгт дуртай бүхэн сонссон л байх. Үүнийг нь батлах мэт 2023 оноос керосин, нафта зэрэг дайвар бүтээгдэхүүнийг онцгой албан татваргүй оруулах шийдвэр хүртэл гарч байв.

Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа хуурамч шатахууныг шалгах ажлын хэсэг байгуулан Трафигура болон түүний дор керосин, нафта импортлогч “Транс гайд”, “Хармөрөн импекс”, “Ай Си Ай Си”, “Петролиум продакшн” зэрэг компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох санал оруулсан ч дэд сайдаар ажиллаж байсан Д.Загджав хүчтэй эсэргүүцэн сайдтайгаа ам мурийсан гэлцэж байсныг энд зориуд санахад илүүдэхгүй юм.

Эл шуугианы дараахан Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Трафигура 45 тэрбумын хадгаламж байршуулсан гэх баримт дэлгэгдэж байв. Тэгэхээр Трафигура-гийн Сингапур дахь компанийн мэдэгдэлд онцолсон НЭР БҮХИЙ түншүүдийн нэг нь Д.Сумъяабазар юм биш байгаа гэх хардлага эрхгүй төрж буйг нуух юун. Учир нь Трафигура-гийн 45 тэрбумын хадгаламж байршсан цагаас эхлэн дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа ч тогтворжиж, компаниудын тусгай зөвшөөрлүүдийг цуцлана гэх сүржигнэл ч дашийшог болсон гэлцдэг.

Тэрчлэн Э.Жононбаярын нэр дээр бүртгэлтэй байгаад татан буугдсан Би Би Эм майнинг гэх компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй Гомбын Өсөхбаяр Эрдэнэс тавантолгой ХК-ийн Албаны даргаар ажиллаж байсан мэдээлэл бий.

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан И.Доржсүрэнтэй нэр холбогддог энэ эрийн нэр дээр олон хуулийн этгээд бүртгэлтэй бөгөөд дээрх Би Би Эм майнинг ХХК–ийн гишүүнчлэлд багтаж байсан Н.Оргилыг нь МАН-ын пиарыг хариуцах болсон А.Амундратай нэлээд ойр гэдэг. Энэ учгийг хөөвөл хоосонгүй гэдгийг эх сурвалжаас хэлж байгаа.

Мөн Э.Жононбаярын нэр дээрх олон хуулийн этгээдийн нэг болох Ай Си Ай Си компанийн хамтран эзэмшигчээр бүртгэлтэй Лхагвасүрэнгийн Баярхүү гэх нөхрийн талаарх мэдээлэл ч олон зүйлд хөтөлнө гэж байгаа юм. Мань эр Наро банчэн хутагт төрийн бус байгууллагын гишүүнчлэлд Х.Нямбаатарын хамт багтдаг юм байх.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн цөм ч дээрх нэр бүхий компанитай холбогддогийг мэдээллийн сувгуудаас харж болно.

Тэгэхээр Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийг огцруулаад зогсохгүй намын даргаас авч хаях, бага хурал хуралдуулах асуудал яригдсан намрын халуун өдрүүдээр Трафигурагийн Монгол дахь салбарын алдагдал огцом орж ирснийг санаандгүй гэж үзвэл хэтэрхий учир дутагдалтай.

Тус компанийн мэдэгдэлд онцлон дурьдсан 2018-2023 онууд У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болсон үетэй давхцаж буй нь урт намрын улстөрд эрт эдүгээгийн төрийн тэргүүд оролцоод байна уу гэх хардлагыг төрүүлж буйг хэлэх хэрэгтэй.

Тэрбайтугай Тайваньд төвтэй Трафигура компанийн албан бус биет төлөөлөгчөөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ажилладаг юм биш байгаа гэх жиг жуг жилийн өмнөөс цахим орчинд үзэгдээд өнгөрснийг уншигчид анзаарсан л байх.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон Н.Учралын аав Н.Ням-Осор ч Э.Жононбаярын ээж Доржгочоогийн Эрдэнэсүрэнгийн олон бизнестэй холбогддог гэдэг.

Тухайлбал, Д.Эрдэнэсүрэнгийн нэр дээр Эн Би Жи кинг монголиа гэх хуулийн этгээд бүртгэлтэй байх бөгөөд захирлаар нь бүртгэлтэй байсан Ж.Цэцэгмаа Т.Шагдаржав нар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын санаачилга, хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон Тэмүүжин анд цэцэрлэгийн эрхлэгчээр Т.Шагдаржав ажиллаж, хамтран эзэмшигчээр нь Ж.Цэцэгмаа бүртгэлтэй байдаг аж.

Мөн Н.Ням-Осорын Монголын малчдын малчны алдар холбоо, Монголын ураг удмын холбоо, Их засаг хөгжил сан зэрэг татан буулгасан төрийн бус байгууллагуудыг нь Ж.Цэцэгмаа хамтран эзэмшиж байсан төдийгүй Их засаг тэмүүжин сургалтын төвийнх нь эрхлэгч гэхчлэн олон талаар бизнесийн хамтрагчид байгаа нь Л.Оюун-Эрдэнийн зүгээс Ерөнхийлөгчийн эсрэг сөргүүлэн тавих олон хөзрийн нэг гэгддэг байж мэдэх л юм.

Трафигурагийн тавиул гэгддэг Я.Содбаатар “Дайны эрсдлийн сан” нэрээр улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж байсан Ч.Хоролсүрэнтэй эртний түншүүд.

Тэднийг бизнес хамтрагчид гэсэн ч хэтрүүлсэн болохгүй байх.

МИАТ-ийн эсрэг талд орших дөрвөн давхар байшин, Я.Содбаатарын эзэмшлийн “Химон констракшн” компанитай холбогдох асуудлыг сөхвөл нэлээдгүй урт мэдээлэл болно. 2017 оны 11-р сард зарлагдсан концессийн шалгаруулалт сунжирсаар Я.Содбаатарыг Зам тээврийн сайд болсны дараахан эцэслэгдсэн явдал ч олныг хэлэх биз.

Тэрбайтугай сүүлийн үест байсхийгээд анхаарлын төвд орж ирэн алдаад, сарниад буй МИАТ-ийн дарга нарын асуудал ч Ерөнхийлөгч рүү чиглэсэн “сум” байж мэдэх юм. Тус компанийн катерингийн үйлчилгээг үзүүлдэг Нүхт тур компанийн Гүйцэтгэх захирал агсан Д.Хоржав нь У.Хүрэлсүхийн дотны найзуудын нэг байсан гэдэг. Нүхт тур МИАТ-т нийлүүлэлт хийж эхлэх үед Я.Содбаатарын бизнес түнш гэх Ч.Хоролсүрэн Коммер эрхэлсэн захирал байсан гээд хөөвөл үе үе МИАТ-тэй холбоотой асуудал дэгдээд буй нь улстөрийн, тэр дундаа МАН-ын дарга нарын зөрчил хурцдсаны илрэл гэж харахад хүргэж буй нь үнэн.

Трафигура-гийн асуудал ч тус компанийн дотоод асуудал гэхээсээ Ерөнхийлөгчийг болоод МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг чиглүүлээд тавьсан сум гэж үзэгдээд буйг яалтай.  

Э.Жононбаярын ээж Доржгочоогийн Эрдэнэсүрэнгийн төрөл төрөгсөд болох Доржгочоогийн Эрдэнэтуул, Доржгочоогийн Төмөртогоо нарын нэр дээр ч Трафигурагийн олон бизнес явагддагийг хэвлэлүүд хангалттай мэдээлж байна.

Тэдгээрийн дотор Доржгочоогийн Эрдэнэтуулын нэр дээр Монголиан эйрвэйс авиашн гэх ХХК, хамтран эзэмшигчээр нь Ч.Хоролтогтох гэж бүртгэлтэй байсан ч нэрээ хасуулсан байдаг. Эл Ч.Хоролтогтохыг мөнөөх Дайны эрсдлийн сан нэрээр улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж байсан Ч.Хоролсүрэнгийн дүү гэдгийг уншигчид мэддэг бол Трафигура-д дэгдсэн асуудал Я.Содбаатар руу, цаашлаад Ерөнхийлөгч рүү чиглэсэн улстөрийн шуурга байж мэднэ гэх хардлагыг төвөггүйхэн тайлчих биз.

Энэ бүгдийн төгсгөлд энэ намрын, Л.Оюун-Эрдэнийн улстөрийн өрөг, нүүдлийг Да.Ганболд Бодь группийн өрөөнд зурсан байж мэднэ гэх сонирхолтой мэдээлэл Тусгаар тогтнолын ордноор яригдаад эхэлснийг дуулгах нь зөв байх. Тун сонирхолтой агаад яагаад байж болохгүй гэж үзэх л шуум. Дэлгэрэнгүйг дараагийн дугаараар хүргэх тул энд түр орхиё.

Үргэлжлэл бий…

Орчуулах »
error: Content is protected !!