Их улстөрийн өмнөх нам гүмд хэн, ямар дүрд бэлтгэж байна вэ?!

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа унагах төлөвлөгөөг өөрийн хүсэлтээр боловсруулчихаад гадагш явсан талаар Төрийн ордны тамхины цэгээр шуугиад эхлэв.

Ч.Номин сайдын “соёлын довтолгоо” эл сценарын эхний үзэгдэл байсан бөгөөд амжилттай газар ахисанд нь баярласан сайд цахим хуудастаа сэтгэл сэргээд сайхан байна гэх зэргээр сэтгэгдлээ үлдээсэн юм байх.

Л.Оюун-Эрдэнийг Шанхайн зүг хөлгийн жолоо залмагц төсвийн төсөл алдагдал ихтэй, царай муутай байна, буцаан тат гэхчлэн “женкостууд” мэдэгдэл хийж байсан нь ч сценарийн нэг хэсэг байсан хэмээн тамхичид ам мэдэн ярьж байна.

Ирэх оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих эрхтэй. Хэлэлцүүлгийн шатанд засч залруулаад явах боломж байсан ч “тана, хязгаарла, тат” гэхээс өөр хандлагагүй байсан нь дээрх хардлагын эхийг тавьсан биз.  

Ингэхэд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа өөрөө унагах сонирхолтой байна гэх мессэж гэнэт яагаад дэгдэв. Ингэх нь ямар ашигтай юм бол… Эргэцүүлэх гээд үзье.

Эгзэгтэй үеийг тааруулж эерэг имижтэйгээр Засгийн газрын тэргүүний суудлаас буун, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хэтийн санаатай юу?! Гэхдээ энэ нь одоогийн хуулиар боломжгүй шүү дээ.

Үндсэн хуулиар 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн зөвхөн парламентад суудалтай нам, эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй байсан ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тус боломжуудыг хязгаарлаж, Ерөнхийлөгчид 45 биш 55 нас хүрсэн хүн зөвхөн нэг удаа сонгогдох эрхтэй болгосон. Бүрэн эрхийн хугацааг дөрөв биш, зургаан жил байхаар эрх зүйн зохицуулалтыг хийсний дараахь анхны Ерөнхийлөгч нь У.Хүрэлсүх байгаа.

Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх сонирхол Л.Оюун-Эрдэнэд ч, У.Хүрэлсүхэд ч бий. Харамсалтай нь, эцсийн зорилго нь хамтдаа биш.  

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн эхлэлийг ХҮН нам тавих нь тавьчихлаа. Төсвөө баталчихаад тодотгол хийх талаар тус намын зөвлөлөөс мэдэгдэл хийгээд зогсохгүй ондоо багтаах шаардлагатайг онцолсон. Төсвийг тодотговол Үндсэн хууль зөрчсөн гэм үүснэ гэдгийг тэд мэдэхгүй байна гэж байх уу?! Юу л бол…

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “2025 оны төсвөө баталчихаад, УИХ Засгийн газар хамтарч ажлын хэсэг гаргаад энэ ондоо төсвийн төслийн тодотгол хийхдээ тулбал Үндсэн хууль зөрчигдөнө. Төсвийг Засгийн газар боловсруулж УИХ-д өргөн барьдаг Үндсэн хуультай. УИХ өөрөө Үндсэн хуулиа зөрчөөд Засгийн газарт Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрх рүү ороод, урьдчилж УИХ-ын гишүүд төсвийн төсөл хийдэг, Ажлын хэсэг байгуулдаг хууль байхгүй. Эрх мэдэл хуваарилах онол, зарчимд нийцэхгүй. Хэн боловсруулж өргөн барихыг Үндсэн хуульд хатуу заасан нь хариуцлагатай холбоотой. Их хурал өөрөө төсвийн төслийг боловсруулбал хэн хариуцлагыг нь үүрэх юм” хэмээн нүүр хуудаснаа ундууцсан байсныг энд товч хавчуулчихад гэмгүй байх.

Аль хувилбарыг фокусласан байсан ч хэн хэнийх нь үг, өгүүлбэрийн цаадтайд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг цаг үе харуулаад байна гэсэн мессэж цухалзаад буй юм.

Хуучин заалтыг сэргээж, 45 нас хүрсэн Монгол Улсын Их хурлын гишүүнийг Төрийн тэргүүнд сонгоно гэх агуулга оруулж ирэх сонирхол Л.Оюун-Эрдэнэд бий. Насны хязгаарыг багасгаж, парламентаас сонгоно гэчихвэл түүнд тун таатай болох бол У.Хүрэлсүхэд зургаан жилээр ганц удаа сонгогдох заалтыг улиран болгох ганц хүсэл л байгаа гэчихэд далийрсан болохгүй биз.

Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх нь гарцаагүй гэх агуулгыг сэвж, насны хязгаарыг буулгаж чадвал Л.Оюун-Эрдэнэ шалгуураа бүрэн хангаснаас өөрцгүй нэгэн болно. Түүнтэй АН-аас Ц.Туваан, эс бөгөөс С.Ганбаатар өрсөлдөх хувилбар бий бол Үндэсний эвслээс Б.Нямтайшир, Иргэний зориг ногоон намаас С.Оюуныг түлхэнэ гэх тооцоолол улстөрийн хүрээнд яригдаж байгаа. Гэхдээ өнгөц харахад Л.Оюун-Эрдэнэ олон өрсөлдөгчтэй мэт харагдах ч ачиртаа бүгд Баянгол зочид буудал болоод Бодь цамхгийнхны л “техник хэрэгслүүд” гэгдэж байна.

Энэ мэт холын нүүдэлд зорьсон сценарийн дагуу Л.Оюун-Эрдэнэ танхимаа огцруулах наадгай бэлдэхтэй зэрэгцэн Х.Нямбаатарыг Төрийн ордонд дахин орж ирэх мэдээлэл чих дэлсэх болов. Түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар авчрах мэдээлэл эрчтэй яригдаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүнээсээ татгалзан хотын даргын алба хашихаар явсан Х.Нямбаатарыг эзгүй хойгуур Л.Оюун-Эрдэнэ нүд, чих үгүй болсон мэт хэсэг савалсан талаар эх сурвалжууд хэлж байна.

Улмаар Засгийн газрын тэргүүнээр Н.Учралыг нэрлэн Б.Жавхлангийн уур унтууг барж, ухаан алдуулах дөхсөн юм байх. Харин хотод Д.Сумъяабазарыг дахин авчрах тохироотойгоор өнөө хэр албан тушаал өгөлгүй, ам хэл ч хийлгэлгүй хойш суулгачихсан гэх мэдээлэл гол тоглогчдын дунд байна.

АН-ын ахмад гишүүд хамтарсан Засгийн газраас гарах шаардлагыг намын удирдлагууддаа хүргүүлэхээр болсон гэх сул мэдээлэл тараалгасан явдал ч хоосон тоглолт байгаагүй байх.

Тэгэхээр шаардлага гарвал АН хамтарсан Засгийн газрын хаалгыг савна гэх запас үзэгдэл ч сценарид бичигдсэн байж таарах нь. Тэдний салалт нийлэлтэд эхлэл, бас төгсгөл ч гэж байх биш.

2008 оны сонгуулиар МАН 60:40 гэсэн харьцаагаар ялалт байгуулан парламентад олонх болсон ч АН-ыг аягачнаар аван Оюутолгойн гэрээг үзэглэсэн. Үүний дараагаар АН Засгийн хаалгыг савсан үзүүлбэрт дүр бүтээн олны анхаарлыг сарниулаад стратегийн ач холбогдолт гол үйл явдлыг конец фильма болгож байв.

Үүний нэгэн адил үзэгдэл ойрын улстөрд өрнөх нь гарцаагүй болж. Гэхдээ тэд хэний карьерт цэг тавихаар ийн хөдлөв, сонирхолтой л юм.

Үргэлжлэл бий…

Орчуулах »
error: Content is protected !!