ЗА бол АНДГАЙ юм хэмээн Ерөнхий сайд онцгойлон иш татсаны учир юув?!

Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэгч болж ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эзгүй байв. УИХ, Засгийн газрын 22 гишүүн, бусад албаны бүрэлдэхүүнтэйгээр Шанхай хотноо болж байгаа Хятадын олон улсын импортын VII экспод оролцсон нь түмний нүдийг орой дээр нь гаргасан. Монгол төдийгүй Хятадын тал гайхаж, Шанхайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монгол Улс хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр экспод оролцож байна” гэхчлэн мэдээлж байв.

Арга ч үгүй биз. Өмнө нь ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр экспо бүү хэл айлчлал ч хийж байгаагүйг албаныхан хэлж байгаа.

Уг айлчлалын үеэр Шадар сайд Л.Гантөмөр, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр нар гэнэт дуудагдаж очсон байж магадгүй талаар эх сурвалж хэлж байна.

Хамтарсан Засгийн газарт багтсан гурван намын төлөөллөөс гадна олон гишүүнийг айлчлалын бүрэлдэхүүнд багтаасан нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн кабинет урт настай, тогтвортой үйл ажиллагаа явуулахын илэрхийлэл гэх мессэжийг түүний тойрон хүрээлэгчдээс илтэд цацаж буй нь Шанхайд ч иймэрхүү ойлголт өгөх зорилгоор олон хүнтэй, өндөр төсөвтэй айлчлал хийсэн байж мэдэх.

Гэхдээ Засгийн газрынхаа гишүүдийн талаас илүүг багтаасан энэхүү айлчлалын үеэр хэд хэдэн уулзалт протоколгүй хийсэн талаар Гадаад харилцааны яамныхан шивэр авир хийгээд эхлэв. Мэдээлэл үнэн бол онц ноцтой алдаа завхрал гарцаагүй мөн юм.  

Албан мэдээллээр Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимтай танилцан, Алибаба групп хамтран ажиллахаа илэрхийлж, Хятадын томоохон гүүр, тунелийн байгууламжтай танилцсан байгаа. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэр баталгаажсаныг олон нийтэд мэдээлсэн. Энэ үеэр хоёр ч зээлийн хэдэлцээр хийхээр санал солилцсоны нэг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, нөгөөх нь Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр. Үүнээс улбаалан хамтарсан Засгийн газрын 14 мега төслүүдээс урд хөршид найр тавин “худалдчихаад” ирэв үү гэх бухимдалтай асуултыг эдийн засагчдаас Гүйцэтгэх засаглалын тэргүүнд хаяглаад эхэлж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн экспод оролцохдоо “Манай өвөг дээдсийн сургаалд “Монголын За бол Андгай” гэсэн байдаг. Бид хэлцэл бол хэлцэл, гэрээ бол гэрээ гэх зарчимд тулгуурлан хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, цахим нээлттэй засаглал, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн. Та бүхэнтэй харилцан суралцах, харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн” гэж хэлснийг нь нухацтай эргэн харахад буруутахгүй юм.

Тэрчлэн өвөг дээдсийн сургаал гэх халхавч дор тэр урд хөршид ямар АНДГАЙ өргөөд ирэв. ЗА бол АНДГАЙ юм хэмээн онцгойлон иш татсаны учир юув?!

Сааль сүүний цагаар саалиа орхиод үхчихдэг хүнийг ямар эхнэр юм гэдэг шиг ирэх оны төсөв, улс орны хөгжлийн асуудал яригдаж буй онцгой чухал өдрүүдэд Засгийн газрын талаас илүү гишүүнийг байнгын ажиллагаатай парламентын мөн тооны гишүүдтэй дагуулан одсон явдал Засгийн газрыг огцруулах хэмжээний шалтаг мөн үү гэвэл мөн юм.  

Учир нь уг айлчлалаас болж Засгийн газрын хуралдаан, тэр бүү хэл, байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа саатаж, хуралдаагүй. Монголын улстөрийн түүхэнд ийм болчимгүй, дур зоргоороо авирласан эрх баригчид, намын дарга нар урд хожид байгаагүйг он цагийн үйл явдлууд гэрчилнэ.

Үүнийг анзаарсан улстөр сонирхогчид Л.Оюун-Эрдэнийг урд хөрш рүү мордмогц улстөр хийж эхэлсэн Г.Тэмүүлэнгийн бужигнааны цаад санаа нь төсөвтөө биш, протоколгүй уулзалтаас олны анхаарлыг холдуулах байсан юм биш үү хэмээн хардаад эхэллээ.

Арга ч үгүй биз.

Парламентад гурав дахиа улиран сонгогдсон гишүүн, тэр дундаа Төсвийн байнгын хорооны дарга байсан нөхөр төсвийн хэлэлцүүлэг батлагдах шат руугаа орчихсон гэдгийг мэдсээр байж төслөө буцаа хэмээн попрох нь зөнөгрөх тэнэгрэхийн нэгэн, эс бөгөөс протоколгүй одсон гэгдэх намын даргынхаа фактийг саармагжуулан төөрөлдүүлэх улстөрийн зорилготой байж хэмээн хардагдахаас яалтай.

Ерөнхийлөгч хориг тавихаас эхлээд эрх зүйн бусад зохицуулалт бийг ч Г.Тэмүүлэн мэдэхгүй байна гэж үгүй. Тэгэхээр түүний халаасанд ямар нэг улстөрийн санаа агуулсан сценари хуйлаатай явсан байж мэдэх л юм.

МАН олонх байх үедээ Засгийн газрынхаа оруулж ирсэн саналыг, тэр дундаа ирэх оны төсвийг унагаж, буцаан татахыг шаардаж байсан түүх үгүй. Тэд үнэмлэхүй олонхиор кнопдоод өнгөрдөг байсан нь үнэн. Тиймээс энэ удаад дотроосоо акц өрнүүлж, Ерөнхий сайдыг эзгүйчлэн Засгийн газрын эсрэг ноцсон нь Гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх, танхимыг бүрдүүлэх дараагийн эзэд тодорсонтой холбоотой хэмээн үзэх зарим нэгэн ч байна.

Хэрэв тийм бол Г.Тэмүүлэн хоосон хонгио үлээхийн оронд протоколгүй гэгдэх уулзалтаар улстөр хийвэл оновчтой бөгөөд сүртэй юм. Мега төслүүдээ, Чалько нүүрсний худалдаагаа найр тавиад ирчихсэн ч юм билүү, хэн мэдлээ. Г.Тэмүүлэн чинь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга хүн шүү дээ.

Ямартай ч, нэгэнт батлагдах нь тодорхой болчихсон төсвийн төслийг задлан олны дунд шидэн бужигнуулсан явдлыг санаандгүй гэж итгэвэл гэнэн хэрэг болно.

Эл шуугианы дундуур Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүнээсээ огцорч, дараагийн Ерөнхийлөгчид зүтгэх бэлтгэлээ базаахаар ачаагаа баглаад эхэлсэн гэх мэдээлэл эрчтэй яригдаж буйг хов гээд хойш хаяж ч болохгүй юм. Таабчиктай ээжээс болж огцорсон У.Хүрэлсүх төд удалгүй Ерөнхийлөгчид нэр дэвшээд гараад ирснийг бид даанч сайн мэднэ шүү дээ.

Орчуулах »
error: Content is protected !!