МАН-ын хууччуулын анир ба Г.Тэмүүлэнгийн гэнэтийн ДҮР

УИХ дахь МАН-ын бүлгээс хөөвөл хөөг хэмээн Д.Энхтүвшин шиг дуугарах зориг Г.Тэмүүлэнд бий юү. Нэг нь жагсаалтаар, нөгөө нь тойргоос сонгогдсон хоёр нөхөрт УИХ дахь намын бүлгээс хөөгдөх, парламентад үлдэх эсэх асуудал эрс ялгаатай. Д.Энхтүвшин хадамдаа хөөгдсөн бэр шиг Төрийн ордноос цүнхээ үүрээд явж болох бол Г.Тэмүүлэн УИХ дахь бүлгээс, цаашлаад намаас хөөгдсөн ч сул гишүүн болох эрх зүйн зохицуулалттай.

Г.Тэмүүлэн хөөвөл хөө гэж Д.Энхтүвшин шиг хэлж чадахгүй ч сиймхий гарвал Засгийн газрын эсрэг үгэн өндөг шидэлсээр байгаа. Парламентад өмнө нь 2016, 2020 онуудад сууж байхдаа намынхаа эсрэг дуугарах бүү хэл чуулганы хуралдаанаар тоотой үг хэлдэг үлбэгэр нэгэн байсан нь үнэн.

Өдгөө харин байсхийгээд намынхаа эсрэг “боргодог” болчихоод буй тэрбээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, намын дарга болсны дараахан дэмжиж кноп дарсан МАН-ын гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан гэх факттай зэрэгцэн шүүмжлэлд орж байв. Түүний хамаарал бүхий Баянгол дүүрэгт байрлах Говь спа цогцолбор нь зээл авсан гэх аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад багтсан байсныг тухайн үеийн хэвлэлүүдээс харж болох байх. Энэ талаар цухас эргээд сануулахад, Говь саун нэрээр хүмүүсийн дунд танил болсон тус цогцолбор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийн зээлийг 2017 онд авсан байдаг. Цогцолборын эзэн Довдонгийн Дэнсмаа нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж тул тус зээл яах аргагүй Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий гэгдэж таарна.

Ээж Д.Дэнсмаа 2016 оны сонгуулиар хүүгийнхээ нэр дэвшиж байсан УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт 300 сая төгрөгийн хандив өгсөн талаарх баримт МАН-ын албан ёсны сайтад бий.

Хөгжлийн банк, нүүрс, ЖДҮХС, Боловсролын зээлийн сантай холбогдсон нөхдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл Г.Тэмүүлэнд үйлчлэлгүй энэ хүрсэн. Гэсэн ч тэр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсээр байгаа нь түүний тулах цэг Л.Оюун-Эрдэнийн түвшнээс том гэдгийг харуулж буйн илэрхийлэл биз.

Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатартай чуулганы хуралдааны үеэр жинтэйхэн маргаж, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг шүүмжлэн “Хэн ийм дутуу боловсруулсан уянгын халилтай зүйл оруулаад ирдэг юм бэ. Төрийн албан хаагчдын хэзээ ч авч байгаагүй хангамжийг авсан мэтээр оруулж ирж болохгүй. Төрийн үйлчилгээний алба, Төрийн захиргааны алба, төрийн тусгай алба хэзээ тэр хангамжийг авч байсан юм бэ? Хэзээ байтлаа гадагшаа нисэхдээ бизнесээр нисч байсан юм. Хэзээ ээлжийн амралтаар нутагтаа очихдоо зардлаа төрөөр даалгуулж байсан юм. Хэзээ гар утасны зардлаа төрөөр гаргуулсан юм. Байхгүй зүйлийг байгаа юм шиг биччихсэн. Төрийн алба хаагчид энгийнээс бусад зориулалтаар нисэж болохгүй гэсэн мөртлөө төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу сайд нарыг нисэж болно гэсэн зүйл заалт оруулж ирсэн байна. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн мөртлөө хэдэн хүн илүү эрхтэй гэсэн заалтыг ялгавартайгаар оруулж ирж болохгүй” гэхчлэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг үг хэлэх аргагүй болтол зандарч байв.

Үүний дараахан тэр Төсвийн байнгын хорооны дарга болсон.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боомтын сайд болох хүсэлтийг Г.Тэмүүлэнд тавьсан гэдэг. Энэ талаар тэрбээр “Би Төсвийн байнгын хорооны ажлыг хүлээж аваад удаагүй байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төсвийн шинэчлэлийг хийх, сахилга бат, хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Төсвийн байнгын хорооноос 10 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулахаар төлөвлөж байна. Монгол Улсын хувьд сүүлийн 10 гаруй жил хийгээгүй томоохон өөрчлөлтийг хийнэ. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ надад Боомтын сайдаар ажиллах санал тавьсан ч татгалзсан” гэж байв.

ЖДҮХС-тай нэр холбогдсон Г.Тэмүүлэнд УИХ-д нэр дэвших мандат олгох асуудал Х.Баттулгын оролцоотойгоор дэмжигдсэн гэх жиг жуг өдгөө ч намынхны нь дотоодод байдаг. Улмаар 126 гишүүнтэй парламентад тангараг өргөснийхөө дараахан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар томилогдсон. Түүнийг Сангийн сайд, эс бөгөөс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болгох санал Х.Баттулгын зүгээс орж ирсэн ч Л.Оюун-Эрдэнэ татгалзсан гэх яриа бий. Оргүй ч биш биз.

Өөрөөс нь татгалзсан Л.Оюун-Эрдэнэд хонзогнохдоо тангараг өргөөд сар болсныхоо дараахан Төсвийн тодотголыг эсэргүүцэн намын гишүүдээ кнопонд хүрэхгүй байхыг уриалж, УИХ дахь намын бүлгийг завсарлага авах хэмжээнд хүргэсэн гэдэг. Тухайн үед Г.Тэмүүлэн “Монгол Улс хоёр төсөвтэй болох эрсдэл үүссэн учир төслийг татах хүсэлт гаргалаа” гэх тайлбар шидээд өнгөрч байв.

Одоо тэр дахин Засгийн газрыг ирэх оны төсвөө эргүүлэн татахыг шаардаж байна. Эхний хэлэлцүүлгийн үеэр чимээгүй өнгөрчихөөд Ерөнхий сайдыг БНХАУ руу томилолтоор явахтай зэрэгцүүлэн ийнхүү дуу орсон нь хэн нэгний захиалгатай юм биш байгаа гэх хардлагыг төрүүлж буй нь үнэн. Арга ч үгүй юм. УИХ-д гурвантаа сонгогдсон атлаа төсвийн хэлэлцүүлэг нэгэнт дараагийн шат руу орж батлагдах нь тодорхой болсны хойно ийн дуу шуу болох нь хэнд ч эргэлзээ төрүүлэх биз.

Түүний шаардлага олон нийтэд таалагдах ч  улстөрчдөөс төдийлөн дэмжлэг авахгүй л болов уу.

Тойрогтоо таван тэрбум төгрөг авах санаачилга Ц.даваасүрэнгийнх гэхээсээ Г.Тэмүүлэнгийнх байсан гэлцэн улстөрчид хүний гараар могой бариуллаа хэмээн битүүхэн шүүмжлэлтэй хандаж байгаа.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Бид төсвийн зардлын ангиллыг эхний үед яг Г.Тэмүүлэн гишүүний ярьж байгаа шиг ойлгочихсон юм. Бид төсвийн зарлагын дэд ажлын хэсгийг Б.Түвшин гишүүнээр ахлуулж байгуулаад зарлагыг хянасан. Гишүүн 300 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг эргэж яръя гээд оруулж ирэхэд нь бид ярьсан. Тэнд нь сумын халаалт хүртэл явж байх шиг. Бидэнд юу гэж ойлгуулсан гэхээр энд баахан хэвлэлийн зардал, янз бүрийн юм явж байгаа гээд л хэлж байсан. Тэгэхээр нь энэ нь замбараагүй өгчихсөн юм байна гэсэн чинь тэр нь гуравхан тэрбум төгрөг байлуу яалаа. Ер нь Б.Түвшин гишүүнээр тайлбарлуулчихвал зүгээр байх. Үндсэндээ бид бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардлаас 32 тэрбум төгрөгийг хасаж болох юм байна гэж үзсэн. Г.Тэмүүлэн гишүүний гаргасан саналаар салбаруудын зардлыг 30 хувиар хасвал доголдол үүсэх юм билээ” гэх тайлбарыг хийсэн.

Энэ бүгдээс ангид нэгэн мэдээлэл улстөрчдийн дунд хүчтэй яригдаж буй нь, Г.Тэмүүлэн гишүүдээ уриалан, таван тэрбум төгрөг тусгуулахаар Засгийн газрыг бойкотлон Л.Оюун-Эрдэнийн уцаарыг барж, бүлгийн хурлын үеэр ширээ шаахад хүргэн хатуухан сануулга хүртсэн гэлцэж байна. Үүний дараагаас төсвийн зардлыг фокуслан Засгийн газрыг унагах ажлыг Г.Тэмүүлэн тэргүүлэн санаачилж, тойргийн гадна үлдсэн МАН-ын хууччуулыг хөдөлгөх кампанит ажил өрнүүлсэн юм байх. Үүнд Х.Баттулгын оролцоо өндөр байгааг эх сурвалжууд хэлж буй юм.

Үргэлжлэл бий…

Орчуулах »
error: Content is protected !!